Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Монгол Улсын төлөө зүтгэе

ikon.mn
2019 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.


Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа,
Эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа,
Бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,

Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний нийт албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэндчилгээг алс холын Африк тивийн Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэнхэр дуулгат Монгол цэргүүдийнхээ хамтаар өргөн дэвшүүлж байна.

Алс холын оронд, Хубилай хааныхаа алдраар овоглосон цэргийн баазад Монгол цэргүүд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нь манай зэвсэгт хүчний нэгэн бахархал болж байна.

Түүхийн бүхий л үед Монгол цэрэг эх орон, ард иргэдийнхээ өмөг түшиг байж, төр улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, монгол түмнийхээ тайван амгалан амьдралын баталгаа, мандан бадрахын бэлгэ тэмдэг болж ирсэн түүхтэй билээ.
Цэрэг арми хүнийг зовлонд гунддаггүй жаргалд ташуурдаггүй болгож хүмүүжүүлдэг гэж би боддог. 

Манай зэвсэгт хүчин Монголын залуучуудын эх оронч үзэл, итгэл үнэмшил, хүмүүжил, иргэний төлөвшил, тэсвэр хатуужлын сургууль болж ирсэн бөгөөд улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ард түмнийхээ сайн сайхан амьдралд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
Тусгаар Монгол Улсынхаа төлөө бүхий л цаг үед баатарлагаар тэмцсэн өвөг дээдсийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, халуун амь, бүлээн цусаа урсган байж  бидэнд үлдээсэн өнөөгийн энх цагийн үнэ цэнэ, утга учрыг хойч үедээ ойлгуулах, Эх оронч үндэс угсаагаараа бахархах үзэл төлөвшүүлэхэд  энэхүү Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойн баяр онцгой ач холбогдолтой юм. 

Эзэн Чингисийн эрэлхэг баатруудаас эхлэн орчин цагийн цэрэг эрсэд уламжлагдан ирсэн мохошгүй дайчин шинж чанар, ямар ч аюул занал, саад тотгороос үл шантрах эр зориг, өргөсөн тангарагтаа үнэнч байх шударга шулуун зан байдал нь Монгол цэргийн даян дэлхийд үнэлэгдэх үнэ цэнэ, мартагдашгүй дурсагдах алдар гавьяаны үндэс юм.

Баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд миний бие эх орон, төр засаг, ард түмнийхээ итгэл найдвар, захиас даалгаврыг цэрэг хүний ёсоор нэр төртэй биелүүлж яваа эрэлхэг зоригт энхийг сахиулагч охид, хөвгүүдтэйгээ алс холын Африк тив, Өмнөд Судан Улсад нүүр тулан уулзан учирч байгаадаа сэтгэл хангалуун байна.

Манай улсын зэвсэгт хүчний хувьд оролцсон анхны томоохон ажиллагаа бол “Иракийн эрх чөлөө” ажиллагаа байсан юм. Анх оролцсон ажиллагаанаас эхлээд л Монгол цэргүүдийн эр зориг, авхаалж самбаа, ур чадварыг дэлхий дахин мэдэрч эхэлсэн билээ. 

Манай цэргүүд Сьерра Леон, Косово, Афганистан, Чад, Судан зэрэг улсад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол цэрэг дэлхийн шилдэг энхийг сахиулагч цэргүүдийн нэг нь болохоо нотлон харуулж чадсан юм.

Өнөөдөр ч Та бүхэн олон үндэстний эвслийн цэргийн хүчний хэдэн мянган алба хаагчдын амь насыг үхлийн эрсдэлээс хамгаалж, олон улсын цэргийн гэмт хэрэгтнүүдийг шударга шүүхээр шүүн таслах нөхцөлийг хангаж, сөргөлдөгч талуудын гал зогсоох гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, аврал эрэн өвчинд шаналах зуу зуун иргэдэд амьдрал бэлэглэж, мянган мянган дүрвэгчдийн авралын од, аюулгүй байдлын баталгаа нь болж, оногдсон үүргээ нэр төртэй биелүүлж байна. 

Манай цэргүүд аагим халуун, шаагих мөндөр, исгэрэх сум, тэсрэх бөмбөг, халдварт тахлын алинаас ч бэргээгүй, няцаагүй, шантраагүй. 

Та бүхэн оролцсон ажиллагаа, үүрэг гүйцэтгэсэн ээлж болгондоо эх орон, ард түмнийхээ нэр төрийг өндөрт өргөж, баатарлаг үйлс, бахархам гавьяа байгуулсаар байна.

Хүлээсэн үүргээ цэрэг хүний ёсоор алдаа мадаггүй биелүүлэн халдлага, дайралт, аюул ослыг сөрөн зогссон жинхэнэ баатрууд Та бүхний дунд хэдэн арваараа зогсож байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд миний бие гадаад орны төр, засгийн удирдлагатай уулзахад Та бүхнийхээ байгуулсан гавьяа, үйл хэргээр тань ямагт омогшин бахархаж, нүүр бардам зогсдог юм. Энэ эрхийг манай эрэлхэг зоригтой охид, хөвгүүд, энхийг сахиулагчид Та бүхэн бидэнд олгосон билээ. 

Та бүхэн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээрээ Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд улам баталгаажуулж, зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж байгаагийн зэрэгцээ улс орныхоо эдийн засаг, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ч шууд болон шууд бус хэлбэрээр ач тусаа үзүүлж байгааг баярын энэ өдөр би зориуд онцлон тэмдэглэж хэлэхийг хүсч байна.

Миний бие Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд ч, бас цэрэг хүн, офицер хүний хувьд ч, улс орны батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтот хөтөлбөр, төслүүдийг тууштай хэрэгжүүлж, зэвсэглэл техникийн шинэчлэл хийх, цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг хангахад тодорхой арга хэмжээ авч, үр дүнд хүргэхийн чухлыг онцлон тэмдэглэж байна.

 

Монгол цэргийн баярын энэ өдөр байгуулсан гавьяа зүтгэл, шударга ариун хөдөлмөрийнхөө үнэлгээ болсон одон медалиараа гоёж, сэтгэл зүрх нь догдлон байгаа ахмад дайчиддаа чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлэн, урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлье.

Та нарын маань нугаршгүй ноён нуруу, бүтээсэн алдар гавьяа, дадлага туршлагын их өв сан зэвсэгт хүчний хөгжлийн нэгэн тулгуур багана болсоор ирсэн, цаашид ч байх болно.

Цэргийн хүний гэр бүл  зэвсэгт хүчний бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь нь байдаг. Тэд үнэнч сэтгэлээр, тэсвэр хатуужилтайгаар, ажил амьдралын хүнд бэрхийг хамтдаа даван туулж, их үйл хэргийн төлөө өөрийгөө зориулахын үлгэр жишээ болсон хүмүүс юм. 

Амжилт ололт, алдаа оноо бүрийнх нь ард сэтгэл догдлон байдаг цэргийн албан хаагчдын ар гэрийнхэн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Баатарлаг дайчин уламжлал, бахархах үйлсийн арвин баялаг түүхтэй зэвсэгт хүчний эрэлхэг дайчид Та бүхнийг өнө эртний түүхт Монгол төрийн сүлд хийморь мөнхөд ивээж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

Монгол цэргийн сүр хүч, цог золбоо үеийн үед мандан бадрах болтугай.
Монгол Улсын төлөө зүтгэе.