Манай дэлхий дээр ойролцоогоор 1.2 их наяд орчим мод тарихуйц хангалттай их зай, талбай байгаа тул үүнийгээ ашиглан бид ийм хэмжээний мод тарьж чадвал ойрын 10 жилийн хугацаанд хангалттай их хүчилтөрөгч хадгалах багтаамжтай болж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах боломжтой хэмээн Швейцарын Их сургуулийн экологич Томас Кроувтер шинэ судалгаагаа олонд дэлгэжээ.
Түүний дэлгэсэн энэхүү судалгаа нь саяхан АНУ-ын Вашингтон хотноо болсон олон улсын шинжлэх ухаанчдын томоохон эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулагдсан бөгөөд тэрбээр хангалттай их мод тарих нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах үр дүнтэй аргуудын нэг гэдгийг онцлоод байгаа юм.
Хиймэл дагуулаас авсан ой модны талаарх тоон мэдээллээр дэлхий дээр ойролцоогоор гурван их наяд орчим мод байгаа ч богино хугацаанд устаж үгүй болж байгааг анхааруулаад байна.
Түүнчлэн хот, суурин болон газар тариалан эрхлэлтийн газрыг тооцохгүйгээр дэлхий даяар маш их хэмжээний хаягдсан газар нутаг, талбай байгаа бөгөөд эдгээрийг ой моджуулж, дахин сэргээх боломжтой хэмээн үзэж байгаа юм.
Манай гараг дээрх эдгээр гурван их наяд орчим мод нийт 400 гигатонн нүүрстөрөгчийг өөртөө агуулж буй. Үүн дээр нэмээд бид нэг их наяд орчим мод тарьж чадвал хамгийн багадаа сүүлийн 10 жилийн хугацаанд хуримтлагдсан хүлэмжийн хийн ялгаруулалтыг буруулах боломжтой гэдгийг танилцуулаад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан сүүлийн жилүүдэд дэлхий даяар мод тарих ажил эрчимтэй өрнөж байгаа билээ. НҮБ-ын гаргасан "Их наяд мод тарих" кампанит ажлын хүрээнд дэлхий даяар ойролцоогоор 15 тэрбум орчим мод тариад байгаа аж.
Мөн Австрали улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээний хэрэгжилтийн хүрээнд 2050 он гэхэд нэг тэрбум орчим мод тарьж ажиллахаа тус тус зарлаад байгаа юм.
Эх сурвалж: Yale School of Forestry and Environmental Studies
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!