Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа алдсан шүүгчийн асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Урьдчилан хорих 461 дүгээр анги

Улсын Дээд шүүхэд шүүгчээр ажиллаж байсан эмэгтэй цагдан хоригдож байх хугацаандаа амь насаа алдсан ноцтой хэрэг гараад дөрөв хонож байна.

Уг хэргийн талаар тухайн эмэгтэйг шалгаж байсан АТГ-ын зүгээс товч мэдээлэл хийсэн бол Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕЗ)-ын дэд дарга харамсалтай хэрэг гарсан нь үнэн гэснээс өөрөөр албаны ямар нэгэн тайлбар хийгдээгүй байгаа.  

Талийгаач Л.Бямбааг шалгаж байсан АТГ-ын мөрдөн байцаагч Ч.Жаргалбаатар “Тус хэлтсээс Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгаад явж байхад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эхний ээлжинд талийгаачийг сэжигтнээр баривчилж, 48 цагаар саатуулаад байсан. Энэ үед харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач шүүхийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байсан. Түүнийг хээл хахууль өгөх авах гэмт хэрэгт хамтарч ажилласан хэмээн шалгасан. Хоригдож байх хугацаанд амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээдэг” гэсэн юм. 

Харин ШШГЕГ-ын дэд дарга Д.Дамдинцэрэн “Тухайн өдөр 21:40 цагийн үед энэ явдал болсон. Энэ үед ээлжийн бүрэн бүрэлдэхүүн ажиллаж байсан. Тухайн этгээдийг өөрийнх нь өмсөж эдэлж байгаа гадуур болон дотуур хувцас буюу тухайн улирлын хувцастай нь цагдан хорьдог” гэсэн тайлбарыг хийсэн. 

Энэ хэрэг гарсан даруйд ШШГЕГ дотооддоо хяналт шалгалт явуулж эхэлсэн байна. Ингэхдээ тухайн хэрэг гарахад үүрэг гүйцэтгэж байсан ээлжийн бүрэлдэхүүнийг бүгдийг нь шалгаж, ажлын хариуцлага алдсан алба хаагчдад хариуцлага тооцохоо мэдэгдсэн. 

Харин цагдан хорих байгууллагад хоригдож байсан этгээд амиа алдсан хэргийг хуулийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байна.  

Талийгаач Б-гийн хоригдож байсан өрөөг бүхэлд нь камераар хянах боломжгүй байсан уу? Хэрэв өрөө нь хяналтын камерт хянагддаг бол хоригдол өөрийгөө боомилж байхад хянагч мэдээгүй өнгөрөөсөн үү? гэхчлэн хорих байгууллагын хариуцлагатай холбоотой олон асуулт урган гарч ирээд байгаа. Энэ бүхэнд хариулт авахаар ШШГЕГ-т хандсан боловч тус байгууллагын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан “Хэргийг шалгаж дуустал ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм. 

Улсын дээд шүүхийн шүүгч УИХ-ын гишүүнтэй адил бүрэн эрх эдэлдэг цөөхөн албан тушаалтны нэг. Хэдийгээр талийгаач Л.Бямбаа гэмт хэрэгт холбогдохдоо УДШ-ийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байсан ч төрийн өндөр албан тушаалтантай адилтгахуйц хэмжээний алба хашиж явсан хүн цагдан хоригдож байхдаа өөрийгөө боомилсон байж болзошгүй анхны тохиолдол болоод буй.

Энэ хэргийн талаар төрийн өндөр албан тушаалтнуудын зүгээс ямар нэгэн тайлбар, мэдээлэл хийгээгүй байгаа ч маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд танхимынхандаа болон олон нийтэд тодорхой хэмжээнд мэдээлэл өгөх байх гэсэн хүлээлт үүсээд байна. 

Учир нь талийгаач амиа хорлосон бол тэр нь яагаад камерт бичигдээгүй вэ. Гадны нөлөөгүй гэдгийг батлах бичлэгийн талаар "Камерын байршлаас хамаарч үзэгдэх орчин хязгаарлагдмал тул нэг камераар өрөөг 100 хувь бүрэн харах боломжгүй" гэж Д.Дамдинцэрэн мэдэгдээд буй. Түүний энэхүү хариуцлагагүй мэдэгдлээс үзвэл сэжигтнээр татагдсан хэн бүхэн 461-р хорих ангид очсон хойно ямар нэгэн байдлаар амь насаа алдлаа гэхэд түүнийг нотлох хамгийн чухал баримт болох бичлэг байхгүй гээд сууж байхаар болж байна. 

Энэ тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү дараах жиргээг хийжээ.