Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дараалсан террорист халдлагуудын дараа Пакистан улс элчин сайдаа Энэтхэгээс дууджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Пакистан улс өнөөдөр Шинэ Делид суудаг элчин сайдаа зөвлөлдөх зорилгоор дуудсан тухай тус улсын гадаад хэргийн яам мэдээлжээ.

Элчин сайд Даваа гарагийн өглөө эх орноо зорьсон байна.

Өнгөрсөн шөнө Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмир мужид исламистууд цэргүүд рүү гал нээсний улмаас дөрвөн цэрэг, нэг энгийн иргэн алагджээ. Пүрэв гарагт мөн энэ нутагт тэсрэх бодис ачсан машинтай этгээд цагдаа нарыг тээвэрлэж явсан автобус руу довтолж 41 алба хаагчийн аминд хүрсэн юм.

Уг халдлага нь Энэтхэгийн талд олон жилийн туршид тохиолдоогүй их хохирол учруулаад байна. Хоёр халдлагыг Пакистанд оршдог Исламын Жайш-Э-Мохаммад террорист байгууллага үйлдсэн гэгдэж байна.

Гэвч Энэтхэгийн тал дараалсан террорист халдлагад хөрш Пакистан улсыг оролцсон хэмээн сэжиглэж байгаа. Шинэ Делигийн эрх баригчид “террористуудыг дэмжихээ зогсоох, бусад улс руу довтлохдоо ашигладаг байгууламж, дэд бүтцүүдийг нь устгахыг” Пакистан улсаас шаардсан юм.

Харин Исламабадын засгийн газар халдлага гарсанд эмгэнэл илэрхийлээд эрх баригчид оролцоогүйг батлан мэдэгдээд байна.

1947 онд Британий колоничлолоос салсны дараа Хималайн уулын бүсэд орших муслим хүн ам голлодог Кашмир мужийг хоёр улс хувааж захирах болсон ч хоёул бүтнээр нь өөрийн газар нутаг хэмээн маргасаар байдаг юм.

Баасан гарагт Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди халдлагын хариу арга хэмжээг авах эрх мэдлийг зэвсэгт хүчиндээ олгосон тухай зарласан.

Энэтхэг, Пакистан хоёр нь манай дэлхийн цөмийн зэвсэгтэй орнуудын тоонд багтдаг. 

 

Эх сурвалж: AFP