Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн засгийн газар Пакистаны эсрэг хариу арга хэмжээ авах бүрэн эрхийг армидаа өглөө

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Энэтхэг-Пакистаны хилийн Кашмир мужид террорист халдлага гарч, Энэтхэгийн цагдаагийн 44 албан хаагч амь үрэгдсэн юм.

Тэсрэх бодис ачсан машинтай этгээд цагдаа нарыг тээвэрлэж явсан автобус руу довтолсон нь ийм хэмжээний хохирол учруулжээ.

Пакистанд байрладаг Жайш Э Мохаммад нэртэй исламын террорист байгууллага халдлагыг үйлдсэнээ зарласан бол Пакистаны засгийн газар уг халдлагад хамаагүй гэдгээ тэр дор нь мэдэгдсэн юм.

Гэтэл өчигдөр буюу Баасан гарагт Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди уг халдлагатай Пакистаны эрх баригчид холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлээд өөрийн зэвсэгт хүчинд хүссэн хариу арга хэмжээгээ авах эрхийг олгож байгааг зарлажээ.

“Юу болсныг хараад та бүхний уур хилэн буцалж байгаад би мэдэж байна. Энэ тохиолдолд хатуу хариу арга хэмжээ авах нь зүй ёсны хэрэг. Манай хөрш улс ийм террорист халдлагаар биднийг сулруулна гэж бодож байна. Гэхдээ тэдний төлөвлөгөө бүтэхгүй. Хэзээ, хаана, ямар хариу арга хэмжээ авахаа өөрсдөө шийдэх эрхийг би зэвсэгт хүчиндээ өглөө” гэж Нарендра Моди хэлсэн байна.

Муслим хүн ам голлон суудаг хилийн Кашмир муж руу нууцаар зэвсэг оруулж, салан тусгаарлагчдыг өөхшүүлэн дэмждэг хэмээн Энэтхэг улс хөрш Пакистаныг үргэлж буруутгадаг.

Британий колоничлолын дараа салж, тусдаа улс болсон Энэтхэг, Пакистан хоёр олон жилийн турш дайсагналцаж байгаа. Гэхдээ тэдний харилцаа сүүлийн жилүүдэд харьцангуй зөөлрөөд байсан юм. Харин саяхнаас хоёр улсын үндсэрхэг үзэлтнүүд сөргөлдөөнийг дахин дэвэргэж эхлээд байна.

Энэтхэгт энэ жил сонгууль болох гэж байгаа. Тиймээс хинду шашны үндсэрхэг үзлийг чиг баримжаагаа болгодог Модигийн эрх баригч нам Пакистанд хүчээ үзүүлэх нь гарцаагүй гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Reuters