Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

АН: УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулах улс төрийн шийдвэр гаргалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Өнгөрөгч Бямба гарагт хуралдсан Ардчилсан Намын Улс төрийн зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ “МАН-ын эрх барьсан гурван жилийн хугацаанд нийгэм, эдийн засагт чухам юу болж өнгөрөв гэдгийг намын Улс төрийн зөвлөлөөр хэлэлцсэн. Ингээд Улс төрийн зөвлөлөөс шийдвэр гаргасан” гэлээ. 

Энэхүү улс төрийн шийдвэрт өнөөгийн улс төрд үүсээд буй мухардлаас гарахын тулд УИХ-ын ээлжит бус сонгуулийг яаралтай зарлан явуулах шаардлагатай гэж үзсэн байна. 

АН-ын дэд дарга Р.Амаржаргал “60 тэрбум, ЖДҮ гэж яриад байна. Энэ хоёр бол хоёулаа жигшүүртэй явдал. Энэ хоёрыг АН хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Аль нэг талыг нь дэмжээгүй. 

Монгол гэрээр төсөөлбөл АН болон МАН-ууд хоёр багана нь юм. Өнөөдөр нэг багана маань ганхаж байна. Үүнд нь АН баярлаад суугаад байгаа юм байхгүй. Эд нар асуудлаа өөрсдөө шийдэх ёстой. Өөрсдөө шийдлээ олох нь чухал” гэлээ. 

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү “Улаанбаатар хотын ажил тогтвортой тасралтгүй явагдах ёстой. УИХ дээр байга мухардал НИТХ дээр яг ижил байдалд байна.  Нийслэлийн иргэдийн хурлын ирц бүрдэхгүй байгаа учраас Улаанбаатарт тулгамдаад байгаа томоохон асуудлыг шийдэх ямар ч боломжгүй болсон.

Нийслэлийн Засаг даргыг сонгох хурал хоёр удаа хойшилсон. Дахин хэзээ хуралдах нь тодорхойгүй байна. АН-ын бүлэгтэй бүлэггүй МАН бүх асуудлаа шийдэх боломжтой” гэлээ. 

 

Ардчилсан Намын Улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэртэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ.  

МЭДЭГДЭЛ

2016 оны ээлжит сонгуулиар УИХ-д 65 суудал авч дийлэнх олонхыг бүрдүүлсэн МАН нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд сонгуулийн амлалт болон мөрийн хөтөлбөрөө ор тас умартан, төр удирдах чадваргүй болохоо хангалттай харууллаа.

Төрийн бүхий л шатны албан тушаалыг “60 тэрбум”'-ын гэх сүлжээгээр арилжаалж “ЖДҮ" сан гэх мэт иргэдэд шууд очих ёстой боломжийг хулгайлан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес-улс төрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь Монгол төрийг бүрэн мухардалд орууллаа.

Төрийн бүхий л шатанд эрх баригчдын талцал, хуваагдал бодитой нүүрлэж. УИХ нь гишүүн дутуу, Засгийн газар нь бүрэлдэхүүн дутуу. Улаанбаатар хот нь удирдлагагүй, 20 аймгийн ИТХ нь хуваагдмал байдалд ороод байна.

Улсын Их Хурал дахь МАН-ын гишүүд, өндөр албан тушаалтнуудынх нь авлигал, хулгай, хүний амь, хүчин гэх мэт үйлдсэн эрүүгийн гэмт хэргүүд нь эрх баригчдын нүүр царайг харуулсан төдийгүй байнгын ажиллагаатай УИХ-ын үйл ажиллагааг бүрэн зогсоож. төрд итгэх сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэв.
Ардчилсан Нам нь үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн, мухардлаас гарах гарцыг УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

АРДЧИЛСАН НАМ