Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цолмон: УИХ-ын дарга асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа

Үндэсний шуудан сонин
2019 оны 1 сарын 7
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн " бичгийн дарга Ц.Цолмон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл хууль тогтоомжийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэх шаардлагад бүрэн нийцэж байгаа юу?

-Хууль тогтоомжийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх бүх үе шат хуулиар зохицуулагдаж, хуулийн дагуу явагддагийг парламентын сэтгүүлчид та бүхэн мэдэж байгаа байх. Түүнээс биш хэн нэгний хүсэл зоригоор болно, болохгүй гэдэг асуудал байхгүй. Энэ бүхэн нь Хууль тогтоомжийн тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулагддаг.

Хууль тогтоомжийн төсөл санаачлагч эхлээд УИХ-ын Тамгын газарт хандсаны дагуу Тамгын газрын хуулийн мэргэжилтнүүд гурав хоногийн дотор хууль тогтоомжийн төслийн бүрдлийг хянадаг. Хэрэв төсөл нь хуулийн дагуу шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзвэл УИХ-ын даргад танилцуулж, хуулийн төслийг өргөн мэдүүлэх товыг тогтоосны дараа төслийг өргөн мэдүүлдэг зохицуулалттай.

Өчигдрийн (өнгөрсөн пүрэв гарагийн) тухайд төслийн бүрдлийн зарим нэг зүйл дутуу байсан. Жишээлбэл, УИХ-ын Тамгын газар хуулийн төслийг файлаар заавал авдаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тухайн хуулийн төслийг ард иргэд бүгд мэдэж байх ёстой юм. Хууль санаачлагч ямар хууль тогтоомжийн төсөл өргөн мэдүүлснийг www.parliament.mn цахим хуудсанд тавьж олон нийтэд хүргэдэг. Тийм учраас зарим нэг бүрдэл дутуу байсан болохоор бүрдлийг нь хангуулсан. Энэ бол болно, болохгүй, дуртай үедээ авна, авахгүй гэдэг асуудал биш.

УИХ-ын Тамгын газарт олон жилийн туршлагатай мэргэжлийн хуульчид ажилладаг. Тэд хуулийн төслийн бүрдлийг шалгаад хуулийн шаардлагын дагуу бүрэн байна гэж үзвэл УИХ-ын даргад өргөн барьдаг л хууль, журамтай юм.

-Хуулийн төслийг хэдийд хэлэлцэх бол?

-Хууль тогтоомжийн төсөл хэлэлцдэг журам бий. Хуульгүй юм ярьж болохгүй. Хүн бүр хуулийн төсөл өргөн бариад, дураараа үүнийг ч хэлэлцэнэ, түүнийг ч хэлэлцэнэ гээд байж болохгүй шүү дээ. Хэрэв тийм байвал парламент ч гэж байхын хэрэггүй болно. Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл өргөн баривал холбогдох Байнгын хороонд шилжүүлж, тухайн Байнгын хорооны дарга энэ хуулийн төслийг хэлэлцүүлье гэдэг саналаа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулна.

Даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд ярилцаж байгаад энэ төслийг хэлэлцэх нь зүйтэй юм байна гэж үзвэл УИХ-аар тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулна. Хэлэлцэх асуудлын дараалалд орсон асуудлыг чуулганд танилцуулна. Гишүүд санал гаргавал дараалалд зарим нэг өөрчлөлт ордог. Ийм л хуулийн зохицуулалттай. Тиймээс асуудлыг хуулийнхаа дагуу л хэлэлцэнэ. Түүнээс биш УИХ-ын дарга энэ хуулийг авна, авахгүй гэдэг ч юм уу, эсвэл энэ хуулийг одоо хэлэлцүүл гэдэг юм байхгүй.

-Тэгвэл ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэх нь гэж ойлгож болох уу?

-Нэгэнт хуулийн төсөл өргөн барьчихсан бол энэ нь УИХ-ын ажил гэсэн үг. Тиймээс УИХ асуудлыг хэлэлцдэг журам, дэгийнхээ дагуу хэлэлцээд явна.

-УИХ-ын дарга энэ талаар ямар бодолтой байгаа бол?

-УИХ-ын даргын өмнөөс ямар нэг байр суурь илэрхийлэх эрх надад байхгүй. Гэхдээ УИХ-ын даргын зүгээс “Энэ хуулийн төслийг яаралтай хүлээж авах нь зөв. Гадаа хүмүүс жагслаа, зөндөө л асуудал боллоо. УИХ-ын чуулган ч хуралдах боломжгүй байна. Хуулийн дагуу энэ асуудлыг өргөн барьсан. Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэх нь зөв” гэсэн байр суурьтай байгаа.

Харин өнөөдөр (өнгөрсөн баасан гараг) олон нийтийн сүлжээгээр хуулийн төслийг авахгүй гэнэ, хэлэлцэхгүй гэнэ гэсэн мэдээлэл яваад байх шиг байна. Тийм асуудал байхгүй. Нэгэнтээ өргөн барьсан учир хуулийн дагуу хэлэлцээд явна. Түүнээс биш УИХ-ын даргад энэ асуудлыг яаралтай оруулж ир, шийдвэрлэ гэдэг эрх байхгүй. УИХ-ын бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байдаг.

Даргын дэргэдэх зөвлөл нь хуралдана. Даргын дэргэдэх зөвлөлийн хуралд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга орж ирж саналаа хэлэх байх. Зөвлөлийн хурал дээр асуудлаа тал бүрээс нь ярилцана. үүний дараа хэлэлцэх асуудлын дараалалд оруулна. 

-Яагаад УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж байгаа юм бол?

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж байгаа бол айхавтар нарийн шаардлага тавьдаггүй. Гэхдээ хуулийн төсөл боловсруулахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан яаж бодсон юм бол доо. Уг нь УИХ-ын даргын асуудал яригдаж байгаа. Үндсэн асуудал нь УИХ-ын даргын асуудал учир УИХ-ын тухай хуульдаа өөрчлөлт оруулсны дараа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн асуудал яригдмаар юм. Яаж ч бодсон тийм л баймаар. Гэтэл сая УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьчихлаа л даа. Тиймээс жаахан зөрчилтэй асуудал гарчихав уу гэж би ойлгож байна.

-УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган хугацаандаа завсарлах уу. Хугацаа сунгах болов уу?

-Ээлжит чуулганаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай хуулиуд байдаг. Улс орны эдийн засаг, мөнгөний бодлого, төсөв төлөвлөгөөтэй холбоотой хэлэлцэхгүй л бол болохгүй тийм асуудал олон байдаг. Тэдгээрийг оноос өмнө хуулийн хугацаандаа батлаад хэлэлцэж шийдвэрлэсэн. Чуулганы хугацааг сунгах асуудал хуулиар зохицуулагдана. Намрын ээлжит чуулган хоёрдугаар сарын 10 хүртэл хуралдах хуулийн хугацаатай.

Даргын дэргэдэх зөвлөл дээр ярилцаж байгаад УИХ-ын дарга захирамж гаргаж хугацааг хэд хоногийн өмнө нааш нь татаж завсарлах ч юм уу, эсвэл хэд хоногийн дараа ч юм уу завсарлахаар шийдвэрлэх тохиолдол байдаг. Тухайн үедээ л шийдэх байх. Одоогоор хэлэх боломж алга.

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байгаа юу?

-Долоо хоногийн тав дахь өдөр болгон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байгаа. Даргын дэргэдэх зөвлөл нь УИХ-ын бүтцийн бас нэг хэсэг шүү дээ. Хуралдсаар ирсэн, өнөөдөр (өнгөрсөн баасан гараг) ч хуралдана.

-Гишүүд хурууны хээгээр ирцэд бүртгүүлэх хуулийн өөрчлөлт хэзээ мөрдөгдөх вэ. Бэлтгэл хангагдаж байгаа юу?

-Хурууны хээгээр ирцэд бүртгүүлэх хуулийн зохицуулалт УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас буюу энэ оны дөрөвдүгээр сарын 5-наас үйлчилж эхлэх хуулийн заалттай. Маш богинохон хугацаанд үүнийг хийх шаардлага УИХ-ын Тамгын газарт тавигдаж байгаа. Чуулган завсарлангуут бид энэ асуудлаа ярилцана. Тамгын газрынхан бэлтгэл ажилдаа аль хэдийн орсон. Надад техникийн шийдлүүдийг танилцуулсан. Удахгүй ажлын хэсэг томилогдоно. Техникийн шийдлүүд дээр мэргэжлийн хүмүүс ажиллаад, саналаа танилцуулах байх.

Зураг