Ц.Цолмон: Шаардлагыг УИХ-ын даргад уламжилна. Удахгүй хариу өгнө
Яг одоо Төв талбайд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан тайван жагсаал болж байна. Энэхүү жагсаалаас гаргасан шаардлагыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргад өгөхөөр түүний өрөөнд очсон боловч тэрбээр эзгүй байв. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Гадаах жагсаал цуглаанд оролцож байгаа 25 мянган иргэний шаардлагыг өгөх гээд иртэл УИХ-ын дарга өрөөндөө эзгүй, цоожтой байгаа нь харамсалтай байна. Тиймээс Ц.Цолмон танд гардуулъя. Та УИХ-ын даргад дамжуулж, даруй хариу өгөхийг хүсье" гэлээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон "Шаардлагыг хүлээж авлаа. УИХ-ын даргад уламжилна. Удахгүй хариу өгнө гэж бодож байна. УИХ-ын даргын өрөө цоожтой биш нээлттэй байгаа бөгөөд энэ өрөөнд ажлын албаныхан ажиллаж байна. УИХ-ын дарга өрөөндөө эзгүй ч, ордонд ажиллаж байгаа" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ тухай жагсаалд оролцож буй хүмүүст хэлэхээр Төрийн ордноос гарлаа. Мөн УИХ-ын чуулганы бойкот үргэлжилнэ гэв.
Жагсаалд оролцогчид УИХ-ын дарга М.Энхболдыг 72 цагийн дотор огцрохыг шаардаж буй юм. Уг шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
