Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын армийн онгоц Украины тэнгэрт ажиглалтын "онцгой" нислэг үйлджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын зүгээс өдөөн хатгалга нэмэгдэж байгаатай холбогдуулан олон улсын гэрээний дагуу Украины газар нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдсэн болохоо АНУ-ын зэвсэгт хүчин мэдээлжээ.

Уг нислэгийг арванхоёрдугаар сарын 6-ны өдөр гүйцэтгэснийг Пентагон мэдэгдсэн байна.

“Өнөөдөр АНУ болон холбоотнууд Open Skies Treaty гэрээний хүрээнд онцгой нислэгийг зохион байгууллаа” гэж Пентагоны мэдэгдэлд өгүүлжээ. Мөн энэ арга хэмжээг АНУ болон түүний холбоотнууд Украины өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байгаагийн баталгаа гэж тодорхойлсон байна.

2002 онд байгуулагдсан “Open Skies Treaty” гэрээнд нэгдсэн 34 орон харилцан бие биеийн газар нутаг дээгүүр зэвсэггүй, ажиглалтын нислэг үйлдэхийг зөвшөөрсөн байдаг ажээ.

Ийм нислэгийг урьдчилж зарладаг боловч энэ удаа АНУ, Украины хооронд тохиролцсоны дагуу “онцгой” тохиолдлоор буюу урьдчилж зарлалгүйгээр үйлдсэн байна.

Саяхан Хар тэнгисийн Керчийн хоолойд болсон хэрэг явдал нь Оросын өдөөн хатгалга, түрэмгийлэл эрчимжсэний илрэл гэж Пентагоны мэдэгдэлд өгүүлжээ.

Бас АНУ нь ОХУ-тай сайн харилцаатай байхыг эрмэлздэг ч Украин зэрэг бусад улс орны эсрэг хууль бус ажиллагаа явуулж буй тохиолдолд хэрэгжих боломжгүй гэж анхааруулсан байна.

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын цэргийнхэн тэнгисийн хөлгүүдээ Газар дундын тэнгисээс Хар тэнгист шилжүүлэхийн тулд Босфорын хоолойгоор нэвтрүүлэх мэдэгдлийг Туркийн засгийн газарт өгүүлэх хүсэлтийг Төрийн Департментдаа гаргасан тухай CNN суваг мэдээлжээ.

Хар тэнгист эрэггүй улс орнууд байлдааны хөлгүүдээ нэвтрүүлэхийн тулд Туркийн талд 15 хоногийн өмнө мэдэгддэг гэрээ олон жилийн өмнөөс мөрдөгдөж байгаа юм.

Гэхдээ CNN-ий мэдээг албаны эх сурвалжууд одоогоор батлаагүй байна.

2008 оны Орос-Гүржийн таван өдрийн дайны дараа АНУ-ын байлдааны хөлөг Гүржийн эрэгт байрлаж байсан түүхтэй.

Хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын USNS Carson City ачааны хөлөг Хар тэнгист нэвтэрч байжээ.

 

Эх сурвалж: Associated Press