Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Идэрцог: Г.Доржзодовын хэлсэн зарим зүйл ташаа мэдээлэл

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

АТГ-аас өнөөдөр мэдээлэл өгөх үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Прокурорууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай асуудал яригдаад удаж байна. Энэ хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Прокурортой холбоотой асуудлыг хяналт шалгалтын хэлтсээс шалгаад, мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлсэн. Бид хүлээж аваад шалгалтын ажил эхэлсэн байгаа. 

-Өчигдөр 60 тэрбумын хэргээр Г.Доржзодов дахин мэдээлэл хийлээ. Энэ талаар?

-Өчигдөр иргэн Г.Доржзодовын мэдээллээр зарим зүйлс ташаа мэдээлэгдсэн. Энэ хэргийг хаана шалгаж, хэрхэн шийдвэрлэх нь бүхэлдээ прокурорын байгууллагын эрх байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг нээх, хаах, хүнийг яллагдагчаар татах, харъяаллыг тогтоох зэрэг нь бүгд прокурорын эрхийн асуудал байдаг.

Энэ утгаараа энэ хэрэг дээр ажлын хэсэг гарч ажилласан. Ингээд тухайн үед мөрдөх чиглэлийн байгууллагуудын хийсэн ажиллагааг прокурор хэргийг хаахаар шийдвэрлэсэн. Харин саяхан дахин сэргээж, хуучин ажлын хэсэгт даалган ажиллаж байна. АТГ дурандаа энэ хэргийг хаагаад, хэн нэгэн хүнийг хаацайлаад байгаа юм биш. Энэ бол цэвэр прокурорын хэнтэй ч хуваалцахгүй эрхийн асуудал юм. Одоогоор хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Анх 2016 онд УИХ-ын сонгуулийн үеэр АН, МАН гэсэн хоёр субъектээс холбогдох дуу дүрсний бичлэг, материалуудтайгаар энэ хэрэг АТГ, ЦЕГ-т ирж, яригдаж эхэлсэн. Энэ ирсэн материалуудыг АТГ шинжилгээний газарт хүргүүлсэн. Г.Доржзодовын ярьж байгаа шиг АТГ хуурамч материал бүрдүүлж, флаш диск гаргаж ирээд шинжилгээнд хүргүүлсэн асуудал ерөөсөө байхгүй. Аль нэг талаас ирсэн материалыг бид шинжилгээний газарт хүргүүлсэн юм.

Энэ үед 2 минутын бичлэгийн асуудал яригдсан. Харин сүүлдээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 90 минут болчихсон. Эхний яригдаж байсан бичлэгүүдэд эвлүүлэг хийгдсэн гэх асуудал яригдаад байгаа. Бид хэн нэгэн хүний дуу хоолойг дуурайж ярьсан, эсвэл Доржзодов бичлэгүүдийг эвлүүлсэн гэж дүгнээгүй. Анхны шинжилгээн дээр фото зураг солигдож, бичлэгний доогуур текст явж байгааг эвлүүлэг байна гэж үзсэн юм. 

Энэ асуудалд АТГ, ЦЕГ, ТЕГ-аас гаргасан шийдвэр байхгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Нэр бүхий хүмүүсийн энэ яриа 2014 онд болсон, сонгуулийн үед удаа дараа цацагдсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Мөн Г.Доржзодов нь ТЕГ-д 2-3 удаа байцаалт өгсөн, АТГ-д байцаалт мэдүүлэг өгөөгүй. Хэргийн харьяаллыг хаана шалгахыг прокурор шийдвэрлэнэ. Доржзодовын өчигдрийн ярьж байгаа шиг дан Тагнуул шийдвэрлэнэ гэсэн юм байхгүй. 

-Нэгдүгээр сургуулийн захирлыг авлига авсан хэргээр түр саатуулсан. Энэ хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Нэгдүгээр сургуулийн захирал удаа дараагийн үйлдлээр бусдаас хахууль авсан гэдэг асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, шалгагдаж байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ойрын үед дуусаж, прокурор шүүхэд шилжүүлнэ. 

-УБ дулааны сүлжээ компанийн захирал Д.Бямба-Очирыг авлига авч байхад нь үйлдэл дээр нь саатууллаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгнө үү.

-УБ дулааны сүлжээ компанийн захирал Д.Бямба-Очирыг албан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, бусдаас хахууль авсан гэдэг асуудлаар яллагдагчаар татаж цагдан хорьж шалгаж байгаа. Цахим орчинд 500 сая төгрөг аваад үйлдэл дээрээ баригдлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мөнгөн дүн бол худлаа. Нэгжлэгээр тодорхой хэмжээний мөнгө хурааж авсан. Энэ мөнгөний гарал үүсэл, эх үүсвэрийг шалгаж байгаа.