Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын цуврал киноны одуудын цалинг $7.25 саяар хязгаарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Хятадын дэлгэцийн одуудтай холбоотой татвараас зугтсан хэргүүд сөхөгдөж, хуулийнхан анхаарлаа хандуулах болсон.

Тэгвэл өчигдөр Хятадын хамгийн том есөн телевиз, киноны компаниуд хамтарсан мэдэгдэл хийж, жүжигчдийн цалингийн дээд хэмжээг нэгдсэн байдлаар тохиролцсоныг зарласан байна.

Шинэ тохиролцоогоор телевизийн цуврал киноны нэг ангид тоглох жүжигчний хөлс дээд тал нь 1 сая юань ($145,000) байх ба нэг бүлэгт (season) бүтэн тоглоод авах хөлс нь хэдэн ангид тоглосноос үл хамааран дээд тал нь 50 сая юань ($7.25 сая) байхаар болжээ.

Салбарын тоо баримтаас үзвэл эх газрын Хятадад телевизийн нэг бүлэг цувралд тоглоод 50 сая юаниас дээш орлого олдог 50 орчим жүжигчин байдаг гэнэ.

Тус улсын засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард шинэ журам гаргаж, телевизийн цувралыг бүтээхэд гарч буй нийт зардлын 40-өөс дээшгүй хувийг жүжигчдийн цалинд зарцуулах, үүн дотроо 70-аас хэтрэхгүй хувийг гол дүрийн жүжигчинд төлөх дээд хязгааруудыг тавьж өгсөн юм.

Үүнээс өмнө Хятадын дэлгэцийн томоохон одод нэг цурвалыг бүтээх нийт зардлын 50-80 хувийг ганцаараа авдаг байсан гэх баримт бий.

Хятадын телевизийн киноны салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. 2016 онд энэ салбарт эргэлддэг мөнгө $86.3 тэрбумд хүрсэн нь хоёр жилийн өмнөхөөс 25 хувь өссөн дүн гэж Америкийн Motion Picture Association мэдээлжээ. Тухайн онд уг салбарынхан 4.1 сая ажлын байр бий болгож, $15.9 тэрбумын татвар төлсөн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Зураг
1 | 47 минут