Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

32 айл өдрийн цагаар гэрлээ асаалттай байлгахад хүрчээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд баригдаж буй үйлчилгээний зориулалттай таван давхар барилга нь ойр орчмын оршин суугчдын эрхийг зөрчиж байгаа талаар өнөөдөр иргэд мэдээлэл хийлээ. 

Тус хорооны 12-а, 12-б байрны нийт 247 айлын эрх зөрчигдөж, доод давхруудын 32 айлд нарны гэрэл тусахгүй болсон тул өдрийн цагаар гэртээ гэрэл асааж байхад хүрчээ.

12-б байрны оршин суугч Д.Сүрэнжав "2012 онд иргэд шүүхээр явж байгаад барилга барих зөвшөөрлийг нь хүчингүй болгуулсан ч тухайн жилдээ барилгын компани дахин шүүхээр явж байгаад эрхээ сэргээлгэчихсэн.

Барилгын зөвшөөрлийг цуцлахдаа хоёр барилгын нар тусах хэсгийг хаасан, 11 дүгээр хорооллын нийтийн бохирын шугам дээр байрласан гэсэн шалтгааныг үндэслэсэн. Гэтэл тус компани захиргааны хэргийн шүүхийн материалд бохирын шугам дээр 1.9 метрийн хамгаалалтын бетон цутгасан гэж хэлчихээд яг бодит байдал дээрээ шугам дээр паниар тавьчихаад байж байгаа.  

Өмнө нь нэг удаа тус бохирын шугам цоорч гагнаж байсан. Уг барилга баригдсаны дараа доор нь байрлаж буй шугам хагарвал ямар эрсдэл дагуулж болохыг бодох хэрэгтэй. Хотын төвийн бүхэл бүтэн нэг хорооллын бохирын асуудал яригдаж байна.

Үүний дараа НМХГ-аас тус барилга баригдах явцдаа ямар ямар зөрчил гаргаж байгааг бүгдийг тодруулаад ажлыг нь зогсоох шийдвэр гаргасан. Гэсэн ч барилгын ажил үргэлжлээд л байна.

Хамгийн ноцтой нь нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтөр гэдэг хүн иргэдэд мэдэгдэхгүйгээр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс материалаа татаад авчихсан байна лээ. Бидэнд давж заалдана гэж хэлчихээд чимээгүй очоод материалаа татаад авсан нь хардлага төрүүлж байгаа учраас бид энэ хүнийг АТГ-т шалгуулахаар өгнө гэдгээ мэдэгдэж байна" гэлээ.

Иргэдийн зүгээс Засгийн газрын 11-11 төв, НЗДТГ гээд холбогдох байгууллагуудад хандсаар байгаа ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс өнөөдөр хэвлэлд хандаж байгаа гээд мэдээлэл нь холбогдох албаныханд хүрнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.