Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын агуйд гацсан хөвгүүдийг аврах ажиллагаа хэдэн сарын турш үргэлжилж магадгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Зургаадугаар сарын 23-ны өдөр хойд Тайландын үерт автсан агуйд сураггүй болсон хөлбөмбөгийн багийн тамирчин хөвгүүдийг дасгалжуулагчийнх нь хамт олсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэдний гацаад байгаа Там Луан агуй нь Тайландын хамгийн урт агуйнуудын нэг бөгөөд дотроо олон жижиг тасалгаа, нарийн гудамнуудтай юм.

25 настай дасгалжуулагч болон 11-16 насны 12 хөвгүүн өчигдөр орой тус агуйн газрын түвшнээс доош 800 метрээс нэг километр орчим гүн дэх уснаас ил гарсан багахан талбайтай хэсгээс олджээ. Агуйн амнаас тэдний байгаа газар хүртэл 2 км зайтай гэнэ. Аврах ажиллагаанд Тайландын 1,000 гаруй цэрэг, Британи, АНУ, Австрали, Хятадын аврах албаны мэргэжилтнүүд, шумбагчид оролцож байна.

Хөвгүүдийн байгаа газарт Британий хоёр шумбагч анх хүрсэн юм. Тус агуйд борооны улирлын үед орохыг хориглодог боловч нутгийн хөвгүүд агуйг сайн мэддэгтээ эрдэж ороод байхад нь гэнэт үерийн усаар дүүрсэн байна.

Аврах ажиллагааг мэргэжилтнүүд “маш аюултай”, “бараг боломжгүй” гэж тодорхойлж байсан ч азаар бүгд эсэн мэнд олдоод байгаа юм.

Агуйгаас ус сорох ажиллагааг тасралтгүй гүйцэтгэж, цагт 10,000 литр ус гаргаж байна. Энэ нь усны түвшин цаг тутамд нэг сантиметрээр доошилж байгаа гэсэн үг юм.

Гэхдээ хойд Тайландад тавдугаар сараас 10 дугаар сарыг хүртэл борооны үе үргэлжилдэг тул цаашид усны түвшин эргэн нэмэгдэх аюултай байна.

Тиймээс борооны улирлыг дуустал хүүхдүүд агуйгаас гарч чадахгүй байх магадлалтайг өнөөдөр албаныхан мэдэгджээ.

Энэ хугацаанд хүүхдүүдэд хоол хүнс, хувцас хэрэглэл хүргэж, амьсгалах агаараар хангах, мөн хангалттай удаан байх тул хөвгүүдийг усанд шумбаж сургахаар төлөвлөж байна. 12 хүүгийн нэг нь ч одоогоор усанд сэлж, шумбаж чаддаггүй гэнэ.

Харин тэднийг агуйгаас шууд гаргахаар оролдох нь хэтэрхий өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Эрх баригчид хүүхдүүдийн байгаа агуйн тасалгаанд харилцаа холбооны шугам хүргэж, гэр бүлийнхэнтэй нь холбоо бариулах арга хэмжээ авахаар болжээ.

Тайландын ерөнхий сайд Прают Чан Оча аврагчидтай холбоо барьж, баяр хүргэсэн байна. Хөвгүүдийн байгаа газрыг олж илрүүлсэн Британий хоёр шумбагчийн зураг сошиал сүлжээнд тарж, иргэд талархлаа илэрхийлсээр байна.

 

Эх сурвалж: The Guardian