Индэр    
2024 оны 5 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч

С.Тулга: Аварга авсан дасгалжуулагчаа халдаг улс Монголоос өөр байхгүй. Би сагсан бөмбөгийн холбоог хөгжүүлсэн учраас олон хүний дургүйг хүргэсэн

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр манай улсын эрэгтэй шигшээ баг 2023 онд Сингапурт зохиогдсон Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнд түрүүлж, олон хүний магнайг тэнийлгэсэн.

Гэвч төд удалгүй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Сүхбаатарын Тулгыг үүрэгт ажлаас чөлөөлсөн талаар Монголын Сагсан бөмбөгийн 3х3 холбоо зарласан юм. 

Тухайн үед хөшигний ард юу болсон талаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулгатай ярилцлаа. Тэрбээр "ПАРИС 2024" Олимпын наадамд үндэсний шигшээ багаа оролцуулахын тулд үүрэгт ажилдаа эргэн нэгдэх хүсэлтэй байгаа аж. 


- Та одоогоор ямар ажил хийж байгаа вэ? 

- Нэг жилийн хугацаанд амьдралынхаа хамгийн хүнд хэцүү цаг үеийг өнгөрөөлөө. Насан туршдаа хүсэж, дурлаж, хайрласан зүйлээ хийхгүй гэдэг хамгийн хэцүү юм байна.

Одоогоор гэртээ байгаа. Гэхдээ сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр өсвөр үеийн хүүхдүүдийн клуб нээсэн, зарим багт зөвлөхөөр ажиллаж байна. Сагсан бөмбөгийн Дээд лигийн өнгөрсөн улиралд "TLG 13" гэх багт ажилласан. 

- Сагсан бөмбөгийн 3х3 төрөлтэй анх хэрхэн холбогдож, дасгалжуулагчаар ажиллах болсон бэ? 

- Бага наснаасаа сагсан бөмбөг тоглож, дасгалжуулагчийн замналаа 2004 онд эхлүүлсэн. Үүнээс хойш энэ спортоос огт холдоогүй.

Нэгэн түүх сөхөхөд 2004 онд сагсан бөмбөгийн 5х5 Дээд лиг зохиогдоогүй. Ер нь энэ спортын хөгжил тааруухан байсан үед "TLG 13" гэх төрийн бус байгууллага байгуулж, витафитын лиг зохиосон. Мөн "And one" гэх сагсан бөмбөгийн үзүүлбэр толилуулдаг клуб байгуулсан. Цаашлаад үеийн хэсэг нөхөдтэй нийлж явсаар өдийг хүрчээ. 

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл 2017 онд Олимпын наадамд орсон. Энэ төрлийн үндэсний шигшээ багт намайг дасгалжуулагчаар томилох холбоо гэж байгаагүй. Би өөрөө холбоог байгуулж явсан учраас одоогоор хэн ч намайг халаагүй.

Намайг олон холбоо байгуулсан гэж ярьдаг. Үнэн. Би сагсан бөмбөгийн 38 холбоо байгуулсан. Энэ спортыг үндэсний хэмжээнд хүргэхийн тулд холбоодын засаглалыг хэрэгжүүлсэн.

21 аймаг, есөн дүүрэг бүрд холбоо байгуулж, төрөл төрлөөр нь салгасан. Улмаар 3х3-ын холбоо маань амжилт үзүүлж, 2018 онд Л.Мягмаржав гэх хүнд удирдах эрхээ шилжүүлсэн. 38 холбоогоо хариуцах эзэдтэй болгосон. 

"Сингапур руу явахын өмнө гуравхан хоногийн бэлтгэл хийлгэсэн. Азийн аваргад муу оролцоод ирсний дараа намайг солихоор төлөвлөсөн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- 2023 онд 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эрэгтэй шигшээ баг түрүүлсэн. Удалгүй таныг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн гэх мэдээлэл цацагдсан. Энэ үед хөшигний ард юу болсон бэ? 

- Сингапурт болсон Азийн аваргад түрүүлээд, хүүхдүүдтэйгээ дэлхийд хүч үзэх талаар ярьж байлаа. Энэ спортын төрлөөр монголчуудыг Азийн нүүр царай болгох төлөвлөгөөтэй байсан. 

Тухайн үед бүгд баярлаж, улсын ерөнхийлөгч хүлээн авч уулзсан сайхан мөч. Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл намайг дуудаж "Тулга мэргэжлийн клубт огт ажиллахгүй шүү. Энэ төрөлдөө илүү амжилт гаргаарай" гэсэн. Би энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч, холбооны удирдлагын ажлаас түр салахаар шийдсэн. 

Дэлхийн аварга болохоос 14 хоногийн өмнө цагийн зөрүү гаргахаар Сербид очсон. Гэтэл удалгүй араас Сербийн тоглогч Стив "намайг дасгалжуулагчаар томилсон" гээд хүрээд ирдэг юм байна.

Ийнхүү хэрүүл гарч, би холбооноос хариу нэхсэн. Гэвч нэг жилийн хугацаанд намайг яагаад шигшээ багийн дасгалжуулагчаас хассан талаар тайлбар ирүүлээгүй байна. Мэдлэг чадвар дутсан бол би ажилтайгаа зууралдахгүй. Би мөнгө идэж уусан, ёс зүйн зөрчил гаргаагүй.

Сингапур руу явахын өмнө гуравхан хоногийн бэлтгэл хийлгэсэн. Азийн аваргад муу оролцоод ирсний дараа намайг солихоор төлөвлөсөн. Гэтэл манай баг түрүүлсэн учраас дэлхийн аваргын өмнө урьтаж халсан гэж тайлбарлая. 

- Таныг дасгалжуулагчийн албан тушаалаас халагдах хүртэл шигшээ багийн уур амьсгал хэр байсан бэ? 

"С.Тулга холбооноос илүү нэр хүндтэй боллоо" гэж дотроо ярьсныг би хожуу сонссон. 2021 онд Х.Баттулга ерөнхийлөгчөөс авсан гавьяат дасгалжуулагч цол олон хүний атаархлыг төрүүлсэн.

- Ялагчийг халж, сольж болохгүй. Тамирчидтайгаа ямар нэгэн асуудалтай байгаагүй. Өмнө нь улсын ерөнхийлөгчийн өрөөнд сагсан бөмбөгийн хоёр холбоо нэгдэх талаар хурал болж, ширүүн маргаан үүссэн. 

Төрийн ордонд бараг гурван цаг хэрэлдсэний эцэст улсын ерөнхийлөгч намайг дуудаж, "Эм Си Эс" группийн Ж.Оджаргалд холбоогоо өгөх үү гэж асуусан. Дараа өдөр Ж.Оджаргал захиралтай уулзаж, сагсан бөмбөгийн холбоогоо нэгтгэж чадсан.

Жилийн өмнө намайг холбооны удирдлагуудаас шахах, халах бодлого гаргаж байсан. Энэ спортод миний нэр хүнд хэтэрхий өснө гэж айсан юм шиг. Сагсан бөмбөгийн тогоонд байсан хүмүүс хор хутгасан гэж таамаглаж байгаа. "С.Тулга холбооноос илүү нэр хүндтэй боллоо" гэж хэлснийг би хожуу сонссон. 

2021 онд Х.Баттулга ерөнхийлөгчөөс авсан гавьяат дасгалжуулагч цол олон хүний атаархлыг төрүүлсэн. Тухайн үед олон улсын тэмцээнээс 10 медаль авч, болзол хангасан учраас өгсөн байх. Гэхдээ би гавьяат дасгалжуулагч авмаар байна гэж гуйж очоогүй. 

Ер нь манай улс үеийн үед гаднаас биш дотроо сандал ширээний тэмцлээс болж буруудсан шүү дээ. Яг үүнтэй адил далд атаархал гэх зүйл байсан. 

Монгол Улс сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр гадаадын оронд маш том нэр хүндтэй. Тэр нэр хүндийг эзэмшихийг хүссэн хүмүүсийн эрх ашиг бий. Амжилт гаргасны дараа улсын ерөнхийлөгч хүлээн авч уулзахад би байхгүй байгааг ажиглаарай. 

"Бид ур чадварт суурилж тоглодог. Гэтэл сүүлийн тэмцээнүүдэд хуучны арга барилаар тоглуулаагүй"

- Та шигшээ багтайгаа дахин нэгдэж, олимпын эрх авч чадна гэж байна. Таны ажигласнаар үндэсний шигшээ багт юу хэрэгтэй вэ? 

- Би шигшээд багийн тамирчдыгаа хүүхэд наснаас нь мэднэ. 20 жил энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж, 3х3 төрлөөр Азийн аваргад түрүүллээ. 

Хүн хамгийн сайн хийж чадах зүйлээ амладаг. 3-7 хоногийн хугацаанд хуучин арга барилаа сэргээгээд Олимпын эрхийн төлөөх тэмцээнд орно.Тамирчид маань маш сайн ур чадвартай. Бид ур чадварт суурилж тоглодог. Гэтэл сүүлийн тэмцээнүүдэд хуучны арга барилаар тоглуулаагүй. 

Хамгаалалт дээр маш том алдаа гарсан. Тамирчинд бус системийн алдаа их байна. Түүнийг зөв засаж чадвал хүссэн үр дүндээ хүрнэ. 

Тэр дөрвөн тоглогчтой урт хугацаанд бид маш сайн тулж ажилласан. Яг л гарын таван хуруу шиг зангидсан. Үүнийг үргэлжлүүлэхэд хүссэн үр дүндээ хүрч чадна. 

Саяхан болсон тэмцээнд Д.Дэлгэрням хүн танихгүй, талбай дээр ял үүрсэн юм шиг сул тоглолоо. Энэ нь маш том айдас бий болсныг илтгэж буй хэрэг. Тамирчдаа ямар ч хариуцлага үүрүүлэхгүйгээр чөлөөтэй тоглуулах хэрэгтэй.

Дасгалжуулагч хүн хэнд, юу гэж хэлэхээ маш сайн мэддэг байх ёстой. Би тэднийг сэтгэл зүйгээр зоригжуулж чадна. Энэ зүйлийг 20 жил хийлээ шүү дээ.

Тоглогчид намайг өмгөөлж үг хэлэхээр шигшээ багаас хөөчих гээд хэцүүхэн байгаа гэсэн. Цаанаа амьдралтай хүмүүс учраас намайг өмөөрөхөөс илүү ирээдүйдээ анхаарах хэрэгтэй.

"Би олон улсад хожигдоогүй атлаа улс дотроо дарууллаа. Амжилтад хүрсний дараа одоо чи хэрэггүй гээд хөөчихдөг юм байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Таны сэтгэл зүйн ямар нөхцөлд хүрэв. Холбооноос одоо юу хүсэж байгаа вэ?

Бурхан хүнд дааж чадах зовлонг үүрүүлдэг гэсэн. Би энэ асуудлыг ард гарч чадах байх.

- Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хагас галзуурлын байдалд орсон. Хүн хүссэн зүйлээсээ өөр үр дүнг харахаар гүн хямралд ордог юм байна. Эргэн тойронд буй бүх зүйл хөмөрсөн юм шиг мэдрэгдсэн. 

Би хэзээ ч хойшоо ухрахгүй. Энэ спортод би үүрдийн хүн. 5-10 жилийн дараа энэ хүмүүс холбооноос явна. Тэр үед би эргээд ирэх болно.

Одоо л учраа оллоо, олимпын наадамд багийн спортын анхны медалийг эх орондоо авч ирэх оргилж байсан хүсэл унтарсан. Би олон улсад хожигдоогүй атлаа улс дотроо дарууллаа. 

Бурхан хүнд дааж чадах зовлонг үүрүүлдэг гэсэн. Би энэ асуудлыг ард гарч чадах байх. Хүүхдүүдтэйгээ сүүлийн удаа олимпын эрхийн төлөө хүч үзмээр байна. 

Токиогийн олимпод эмэгтэй шигшээ багаа аваад явж байхад холбоонд маш том хэрүүл болсон. Эмэгтэйчүүд хожно гэж байхгүй, мөнгө үрснээс боль гэж холбооны ерөнхийлөгч ярьж байлаа. 

Эмэгтэй баг маань тухайн үед сайн байгаагүй. Япончууд эрэгтэй шигшээ багийн эрхийг булааж авчхаад, эмэгтэй шигшээ багт нэг эрх өгсөн. Тэр үед Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн нартай уйлаад сууж байсан. 

Аварга авч өгсөн дасгалжуулагчаа халдаг жишээ Монголоос өөр хаана ч байхгүй. Би сагсан бөмбөгийн холбоог хөгжүүлсэн учраас олон хүн дургүйг хүргэсэн байх. Энэ холбоонд мөнгө байхгүй үед би машинаа зараад тэмцээнд явж байлаа шүү дээ.

Хэцүү үед С.Тулга чи л хэрэгтэй, энэ багийг амжилтад хүргэмээр байна гэдэг. Амжилтад хүрсний дараа одоо чи хэрэггүй гээд хөөчихдөг юм байна. 

Би дасгалжуулагчийн хувиар 3х3 төрлийн олон улсын тэмцээнд 80 хувийн хожлыг үзүүлж байсан. Хэрэв би муу байсан бол энэ амжилт ирэхгүй. Үр дүн чухал. Надад сүүлийн боломж олгохыг гуйж байна.

- Ярилцсанд баярлалаа