Уншиж байна ...

ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайдыг $12 саяын авлига авсан хэрэгт буруутгажээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Тимур Иванов өнгөрсөн сард авлигын хэргээр баривчлагдсан юм.

Зэвсэгт хүчний барилга, бүтээн байгуулалтын асуудлыг хариуцдаг байсан түүнийг бусдаас их хэмжээний авлига авсанд сэжиглэж байв.

Тэгвэл Иванов нэг тэрбум гаруй рублийг ($12.2 сая) “ажил үйлчилгээ” хэлбэрээр хээл хахуульд авсан гэж прокурорууд дүгнэснийг Оросын төв хэвлэл өчигдөр мэдээлжээ. Тэрбээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна.

Одоо 48 настай Ивановыг ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн ойрын хүн гэдэг.

Түүний хувьдаа завшсан гэгдэж буй нийт 1.12 тэрбум рублийн ажил үйлчилгээ нь үнэндээ “барилгын ажлын зардал, материалын өртөг” байсныг өмгөөлөгч Мурад Мусаев ТАСС агентлагт тайлбарлажээ.

“Батлан хамгаалах яамны хэд хэдэн гэрээт гүйцэтгэгч Ивановт авлига хэлбэрээр тодорхой тооны барилга байгууламж барьж өгсөн гэж прокурор дүгнэснийг би үгүйсгэж байна. Энэ хэрэг нь жил орчмын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан цуурхалд үндэслэгдсэн бололтой” гэж өмгөөлөгч ярьсан байна.

Өчигдөр буюу Лхагва гарагт Москва хотын шүүх хаалттай хуралдахдаа гэрийн хорионд шилжүүлэх дэд сайд асны хүсэлтийг хүлээж аваагүй гэнэ.

Мөн зургаадугаар сарын 23-ны өдөр хүртэл Ивановыг урьдчилан саатуулах төвд хорих өмнөх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Эх орноосоо урвасан, тагнуулын ажиллагаа явуулсан хэргийн шүүх хурал хаалттай болдог бол авлигын хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулдаг.

Тиймээс Ивановын хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг өмгөөлөгч Мусаев гаргасан ч шүүх хүлээж аваагүй тухай Оросын зарим хэвлэл мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times