Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын агуйд сураггүй болсон хөвгүүдийг эсэн мэнд олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Тайландын хойд хэсгийн Там Луан Нан Нон нэртэй агуйд хөлбөмбөгийн багийн гишүүн 11-16 насны 12 хүүхэд, 25 настай дасгалжуулагчийн хамт арав гаруй хоног сураггүй болсны эцэст өчигдөр бүгд эсэн мэнд олджээ.

Тэд зургаадугаар сарын 23-ны өдөр уг агуйг үзэж явах үед гэнэт үер болж, агуй усанд автсан юм.

Хөвгүүдийг аврах ажиллагаанд Тайландын тэнгисийн цэргийнхнээс гадна АНУ, Хятад, Британи, Австралийн аврагчид, агуйн мэргэжилтнүүд оролцжээ.

Маш урт, олон салаа, тасалгаатай агуйн уснаас ил гарсан өндөрлөг хэсэгт хөвгүүд хоргодож байсныг олсон байна. Тэднийг олсон газар агуйн амсраас 300-400 метрийн зайтай байжээ.

Гэхдээ шумбагчид маш хэцүү замыг туулж тэнд хүрсэн тул одоогоор аврах ажиллагаа дуусаагүй, аюул холдоогүй байгааг албаныхан мэдээлж байна.

Одоо мэргэжилтнүүд эхлээд хөвгүүдийг гаргах уу, эсвэл тэдэнд хоол хүнс, эм тариа хүргэх үү гэдэг асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ.

Тайландын ерөнхий сайд Прают Чан Оча аврах ажиллагаанд оролцож, сураггүй бологсдыг олсон гадаадын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: Associated Press