Өчигдөр буюу Лхагва гарагт Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад тус улсад олон жилийн өмнө бусдын гарт амиа алдсан Алтантуяагийн аав С.Шаарийбууг хүлээн авч уулзжээ.
Гучин минут үргэлжилсэн уулзалтын дараа Ерөнхий сайд Махатхир 12 жилийн өмнө үйлдэгдсэн аллагын хэргийг дахин шалгах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
“Хэргийг дахин шалгах ёстой гэдэгтэй Ерөнхий сайд санал нийлсэн. Тэр бас мөрдөн шалгах үйл ажиллагаа хуулийн хүрээнд хэрэгжих ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ” хэмээн С.Шаарийбуугийн хуульч Рамкарпал Сингх уулзалтын дараа мэдэгджээ.
Уулзалт маш үр дүнтэй болж, Ерөнхий сайд хэргийн талаар талийгаачийн эцэгтэй дэлгэрэнгүй ярилцсаныг тэр бас хэлсэн байна.
Уулзалтад монгол хэлний орчуулагч, Монголын консулын төлөөлөгч мөн оролцсон гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр С.Шаарийбуутай утсаар ярьж, Ерөнхий сайд Махатхир Мохамадад талархлаа дамжуулсан байна.
Малайзын Засгийн газрын төсөл дээр орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяагийн амийг бүрэлгэсэн хэргээр цагдаагийн ажилтан Сирул Азхар Умар, Азилах Хадри нар 2009 онд цаазын ял сонсож байсан ч давж заалдах шүүхийн шийдвэрээр 2013 онд уг ялыг цуцалсан юм.
Дараа нь Холбооны Шүүх ялыг дахин сэргээсэн боловч сэжигтний нэг Сирул Австрали руу зугтжээ.
Малайзын шинэ Засгийн газар түүнийг Австралийн талаас шилжүүлж авах тухай хэлэлцэж байгаа гэдэг. Хэрвээ хэргийг дахин шалгавал өмнөх Ерөнхий сайд Нажиб Разак, түүний шадар зөвлөх Абдул Разак Багинда нар уг хэрэгт холбогдож магадгүй байгаа юм.
Эх сурвалж: The Star Malaysia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!