Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хорт хавдраар нас барсан иргэдийн тоогоор Монгол улс дэлхийд тэргүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Вашингтоны их сургуулийн эрдэмтэд дэлхийн 195 орны 1990-2016 оны хоорондох хорт хавдрын өвчлөлийн мэдээллийг боловсруулж Global Burden of Disease (GBD) нэртэй тайлан гаргажээ. Тайлан JAMA Oncology сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн байна.

Харамсалтай нь хамгийн сүүлийн буюу 2016 оны байдлаар Монгол улсын 100,000 хүнд ноогдох хорт хавдрын нас баралт нь 272 болж дэлхийд тэргүүлжээ.

Монголын араас 

  • Зимбабве (245.8)
  • Доминика (203.1)
  • Унгар (202.7)
  • Гренад (201.0)
  • Уругвай (190.6)
  • Тонга (189.7)
  • Хойд Солонгос (188.7)
  • Сэнт Винсент ба Гренадин (183.1)
  • Хорват (180.2) улсууд жагсаж, топ аравд багтацгаасан байна.

Харин 2016 онд хамгийн олон хорт хавдрын өвчлөл шинээр илэрсэн орноор Австрали шалгарчээ. Энэ улсад 100,000 хүн ам тутамд 743.8 тохиолдол илэрсэн байна.

Хамгийн олон шинэ тохиолдолтой топ арван оронд Австралийн дараа

  • Шинэ Зеланд (542.8)
  • АНУ (532.9)
  • Нидерланд (477.3)
  • Люксембург (455.4)
  • Исланд (455.0)
  • Норвеги (446.1)
  • Их Британи (438.6)
  • Ирланд (429.7)
  • Дани (421.7) тус тус жагссан байна.

Эндээс өндөр хөгжилтэй орнуудад өвчлөлийн тоо их байгаа ч нас баралтын хэмжээ бага байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээ сайн байгааг харуулж байна.

Харин бага орлоготой орнуудад өвчлөлийн тоо бага ч нас баралтын хэмжээ их байгаа юм. Сонирхолтой нь дайнд нэрвэгдсэн Сири улс шинэ өвчлөл, нас баралтын аль алинд нь бага үзүүлэлттэй байжээ.

Тиймээс хорт хавдрын эрт үеийн оношилгоо, эмчилгээ хийх боломж дэлхий даяар тэгш бус байгааг энэхүү судалгааг ахалсан доктор Кристина Фицмаурс онцлон хэлж байна.

Мөн сүүлийн жилүүдэд амьдралын хэв маягаас үүдэлтэй хорт хавдрын хэмжээ нэмэгдэж байгааг судалгаа харуулжээ.

Судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг визуал хэлбэрээр эндээс харах боломжтой. Харахдаа улс орнуудын нэрсийн жагсаалтаас Монгол улсыг сонгоно.