Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Оргил: Төрсөн эмэгтэйчүүдийн ихэнхэд нь өтгөн хатах зовиур илэрдэг

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 6 сарын 5
СОНГДО зөвлөж байна

Хэвийн болон хэвийн бус амьдралын хэв маягаас шалтгаалж өтгөн хатах зовиур хүмүүсийн дунд элбэг тохиолддог. Ялангуяа эмэгтэйчүүдэд уг асуудал их байдаг аж. Эмэгтэйчүүдийн өтгөн хаталтын шалтгааны асуудлаар “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын их эмч Н.Оргилтой ярилцлаа.


 

-Ямар шалтгаанаар өтгөн хатах өвчин элбэг тохиолддог юм бэ?

-Өтгөн хатах шалтгаан янз бүр. Ер нь гэдэсний эмгэг өөрчлөлттэй хүмүүс болон өөрөө төрсөн эмэгтэйчүүдэд эл өвчинд илүү их өртөж байна. Гэдэсний эмгэг өөрчлөлт гэдэг нь төрөлхийн бүдүүн гэдэс нь өргөн, том байхыг хэлнэ. Энэ нь хүүхэд наснаас өтгөн хаталтаар илэрдэг ба эрт оношлогдож эмчлэгддэг.

Харин өөрөө төрсөн эмэгтэйчүүдийн шулуун гэдсэнд нь цүлхэн үүссэнээс шалтгаалж буй. Эмэгтэйчүүд төрөх явцад хярзан нь урагдах, хайчлуулснаас арьс нь нимгэрч, улмаар цүлхэн үүсэх гол шалтгаан болдог.

Сунаж, нимгэрсэн хярзангийн арьс цүлхэн болсноор шулуун гэдэснээс гадагшлах ёстой ялгадас түүнд хуримтлагдаж байна гэсэн үг. Эмэгтэйчүүдийн шулуун гэдэс үтрээний хажууд байрладаг учир энэхүү шалтгаан элбэг тохиолдоно. 

-Цүлхэн үүссэнээс шалтгаалж өтгөн хатдаг эмэгтэйчүүдэд ямар ямар шинж тэмдэг илэрдэг вэ? 

-Залуу хүмүүс ихэвчлэн шинж тэмдгийг мэдэлгүй өнгөрөх тохиолдол бий. Учир нь бие засахад нь хүндрэл гарсан ч ямар нэгэн аргаар зохицуулаад яваад байдаг. Харин хижээл насны, өөрөөр хэлбэл, 40-50 насны эмэгтэйчүүд жам ёсоор булчин суларч, хүнд хэлбэрээр илэрдэг гэсэн үг.

Архаг үеийн шинж тэмдэг нь өтгөнөө гаргахын тулд дүлэхэд шулуун гэдэс сунаж, үтрээ рүү цүлхийн гарч ирдэг. Энэ үед өтгөн нь нарийхан гарах, бие зассаны дараа дутуу гарсан мэт зовиурлана.

Уг байдал удаан үргэлжилбэл өтгөн гарсны дараа чинэрэх мэт зовиурлаж, улмаар бие засахдаа үтрээ, хярзан орчимд гараараа дарж бие засах тохиолдол үүснэ. Мөн удаан хугацаагаар цүлхэнд хуримтлагдсан өтгөн хатаж энэ нь өтгөнөө гадагшлуулах чадвар алдагдах гол шалтгаан болно гэсэн үг. 

-Эмэгтэй хүний хярзан маш их үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Эмэгтэйчүүдийн өтгөн, шингэнээ барих, цаашилбал бэлэг эрхтэн, савны амсар барих зэрэгт ганц хярзан гэх булчингийн үүрэг онцгой тустай. Нэг үгээр хэлэхэд, аарцганд байрлах бусад эрхтэн системийн барьж тогтоож байдаг давхарга юм. Энэ булчин төрөлтийн явцад гэмтээж, хайчлуулснаар шээс задгайрах, өтгөн хатах, бэлгийн дуршил буурах зэрэг зовиур илэрдэг. 

-Төрөлтийн үед хярзангаа гэмтээхгүй байх арга бий юү? 

- Энэ бол булчингийн үйл ажиллагааны л асуудал. Хүүхэд байхаасаа биеийн тамираар хичээллэх, идэвхтэй хөдөлгөөнтэй байж булчингаа чангалвал хярзан гэмтэхгүй. Сүүлийн үед хүүхдүүд, эмэгтэйчүүд биеийн тамираар хичээллэх нь ховор болсон. Тэр бүү хэл сууж шал угаадаг хүн цөөхөн. Галуун цуваагаар явах, явган сууж босох зэрэг булчин чангалах хөдөлгөөн хүнд хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүд өсгийтэй гутал өмсөх нь элбэгшиж байна. Энэ нь хөл, шилбэний булчинг чангалж буй мэт боловч хярзангийн булчинг улам суллаж байдаг. Нас ахих тусам дээрх зовиур илэрдэг нь ч үүнтэй холбоотой. Нас ахих тусам хүссэн хүсээгүй булчин сулардаг. 

-Шулуун гэдсэнд цүлхэн үүссэнийг хэрхэн мэдэж болох вэ?

-Хамгийн түрүүнд дээр дурдсан шинж тэмдгүүд илэрч байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Илэрч байвал нарийн мэргэжлийн эмчид хандах нь чухал. Эмч ямар зовиур илэрдэг талаар тодорхойлж, улмаар үзлэг хийж дүгнэлт гаргана.

Мөн шаардлагатай бол рентген зураг авах, бүдүүн гэдэс дурандуулах зэрэг нарийвчилсан шинжилгээ хийлгэнэ. Манайд олон эмэгтэйчүүд өтгөн хатдаг гэж үзүүлж буй. Тэд төрөхөөс шалтгаалж ийм зовиуртой болсноо төдийлөн мэдэлгүй ирдэг. Тиймээс үнэхээр амьдралын буруу хэвшлээс, өөрөөр хэлбэл, шингэн бага уух, гурилан бүтээгдэхүүн их иддэгээс шалтгаалж өтгөн хатаад байна уу, эсвэл өөр шалтгаантай юу гэдгийг оношлуулж, тохирсон эмчилгээгээ хийлгэх нь чухал.

-Эмчлэх ямар арга зам бий вэ? 

-Зовиураас нь шалтгаалж заавар зөвлөмжөөс мэс засал хийх хүртэл эмчилгээ хийж байна. Дахиж төрөхгүй гэсэн төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдэд мэс заслын эмчилгээ хийлгэх зөвлөгөө өгдөг. Энэ нь хярзангийн цаадах нарийн булчингуудыг залгаж оёх мэс ажилбар юм. Өөрөөр хэлбэл, төрөхөөс шалтгаалж гэмтсэн булчинг нөхөн сэргээх эмчилгээ гэж хэлж болно. Дахиад төрөхөөр төлөвлөсөн эмэгтэйчүүдэд үр дүнгүй. Учир нь дахиад л хярзан гэмтдэг. Тэгэхээр дахиад л мэс засал хийлгэх шаардлага гарна. Харин дахиж төрөхдөө кесорова хагалгаа хийлгэж төрнө гэж төлөвлөж байвал хийлгэж болно. 

-Энэ мэс заслыг манай улс хэзээнээс хийж эхэлсэн бэ. Ямар ямар эмнэлэгт хийж байна? 

-Сүүлийн 20 гаруй жил хярзан нөхөн сэргээх мэс засал хийж байна. Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон манай эмнэлэгт хийдэг. Олон жил хийж буй мэт боловч мэргэшсэн эмч цөөхөн. 

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин /Ж.Уран/

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.