Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мандах: МУИС-д дүнгийн, дипломын наймаа хийгдэж байгаа нь нотлогдсон

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчиж оюутан элсүүлдэг, төгсгөдөг, дүн засдаг үйлдлийг таслан зогсоохыг шаардаж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

МУИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Мандах "Бид өнөөдөр хэд хэдэн зүйлийн талаар баримтад тулгуурлан олон нийтэд мэдэгдэх гэсэн юм. Их сургуулийн оюутан болсондоо ичмээр ч юм шиг асуудлууд бидэнд сонсогдох боллоо. 

Юун түрүүнд, МУИС-д дүнгийн, дипломын наймаа болон хууль бус үйлдлүүд гарч байгаа нь нотлогдсон. Зарим оюутнууд өнөөдөр өдөр шөнөгүй хичээл номоо хийж, суралцаж, хөдөлмөрлөж дүн авч байхад хэсэг бүлэг хүмүүс мөнгөнийхөө хүчээр дүн худалдаж авдаг болчхоод байна. 

Энэ асуудлаар бид МУИС-ийн захирал, удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн. Энэхүү бичигтээ тодорхой хариу авч чадахгүй байгаа учраас өнөөдөр бид үргэлжлүүлэн дараагийн арга хэмжээндээ орохоор болсон нь энэ юм.

Энэхүү үйлдлийг нотлох хэд, хэдэн баримтууд бидэнд байна. Тухайлбал, суралцагч Б нь 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр явцын шалгалтандаа орох боломжгүй болж шалгалтаа өгөөгүй. Гэтэл шалгалтаа өгөөгүй байхад нь арванхоёрдугаар сард дүн гаргах өдөр нь өргөдөл өгч, тухайн хүнийг улирлын шалгалтанд оруулж, шууд тэнцүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн баримт нотолгоогүйгээр тухайн суралцагчийн дүнг шууд тавьж өгсөн байдаг. 

Өөр нэгэн баримт гэвэл, 2004 онд МУИС-д суралцагч О нь элсэн орж, 2016 онд төгссөн байдаг. Энэ нь МУИС-ийн дотоод журмыг зөрчиж байна. ЭЕШ-ын хүчинтэй хугацаа 2.5 жил байдаг. Мөн МУИС-д суралцах дээд хэмжээ бол 7 жил байдаг. Хэрэв 7 жилийн дотор амжилттай суралцаж чадахгүй бол "МУИС-д суралцсан нь үнэн" гэсэн бичиг аваад төгсдөг. Мөн нэг суралцагч 2 жилээс дээш хугацаанд чөлөө авч болохгүй гэсэн журамтай байдаг. Эдгээрийг бүгдийг суралцагч О зөрчсөн байна. Сургалтын албаны ажилтан түүнд туслан зарим багшийн өмнөөс Сиси системд дүнг нь оруулсан нь баримтаар нотлогдсон.

Энэ мэтчилэн бодит баримтууд бидэнд байна. Бид энэ асуудлын талаар яаж мэдсэн гэхээр МУИС-ийн цахим сүлжээнд нэгэн ажилтан "МУИС-ийг төгсөхөд тусална" гэх зэргээр бичсэн байна. Ингээд оюутнуудаас энэ хүний талаар бидэнд өргөдөл гомдол ирж эхэлсэн. 

Хэрэв дүн наймаалцдаг энэ асуудал үнэхээр байгаа бол, энэ асуудлыг шийдэж өгч, тухайн хэргийг хийж буй албан тушаалтанд хариуцлага тооцохыг бид шаардаж байна. Энэ дагуу албан бичгийг МУИС-ийн захиргаанд бид хүргүүлсэн боловч ирүүлсэн хариундаа "Бидний бүтэц бүрэлдэхүүнээс өмнөх асуудал байна" гэсэн байсан. Тиймээс бид тодорхойгүй хариу авсан учраас тодорхой болгох гэж энд сууж байна. 

Хэн нэгэн энэ асуудалд заавал хариуцлага хүлээх ёстой. Хэрэв цаашид энэ асуудлыг авч хэлэлцэж, хариуцлага тооцохгүй бол бид цаашид дараагийн арга хэмжээгээ авна. Тайван жагсаал хийж, өлсгөлөн зарлахад ч бэлэн байгаагаа илэрхийлж байна" гэв.