Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Малайзын саяхан шинээр сонгогдсон Ерөнхий сайд Махатир Мохаммадад хандан 2006 онд нь тус улсад харамсалтайгаар нас барсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийг дахин шалгахыг уриалсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Малайзын шүүх Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн ажилтнууд болох Сирул Азхар Умар болон Азилах Хадри нарыг ялласан боловч олон асуулт хэвээр үлдсэн юм.
Малайзын анхан шатны шүүхээс тухайн үед Шадар сайд байсан Нажиб Разакийн найз, улстөрийн зөвлөх Абдул Разак Багиндаг захиалагчаар ялласан боловч 2008 онд давж заалдах шатны шүүх хүчингүй болгожээ. Улмаар прокуророос шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй аж. Малайзын шүүхээс 2009 онд Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр цагдаад цаазын ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх тэднийг сулласан юм. Харин 2015 оны нэгдүгээр сард Малайзын дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг сэргээж, Азилах Хадрийг цаазалжээ. Гэвч Сирул Азхар Умар 2014 онд Австрали руу зугтсан байв.
Малайзын Засгийн газраас түүнийг Интерполоор эрэн сурвалжилсны үр дүнд түүнийг Австралийн Квийнслэнд мужийн цагаачдыг хорих төвд хорьж байгаа аж. Австралийн Засгийн газраас түүнийг визний хугацаа хэтрүүлсэн хэргээр баривчилжээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар талийгаач Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн ажилтнууд нь Нажиб Разакийн хамгийн ойрын бие хамгаалагчдаар нь ажиллаж байсан аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын шинээр сонгогдсон Ерөнхий сайдад илгээсэн баярын захидалдаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг юм.
Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илаарьшуулна гэдэгт найдаж байна” хэмээсэн билээ.
Тэгвэл Алтантуяагийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэгдэж буй Сирул Азхар Умар өөрт нь өршөөл үзүүлбэл хэргийн үнэн мөнийг тогтооход Малайзын шинэ Засгийн газарт тусална гэдгээ илэрхийлсэн тухай “Malaysiaki-ni” цахим сайтад өнгөрсөн бямба гаригт мэдээлжээ. Харин "Ройтерс” агентлагийнхан түүнтэй холбоо тогтоож чадаагүй байна.
Хэдийгээр Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийг Алтантуяагийн хэрэгтэй шууд холбоотойг батлах баримт байхгүй ч 2008 оноос хойш сонин хэвлэлд түүний нэр Ш.Алтантуяагийн хэрэгт дурдагдах болсон юм. Учир нь Ш.Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак, Багиндатай авхуулсан зургаа үзүүлж байсныг нэгэн найз нь гэрчилжээ. Харин Нажиб Разак коран судар дээр гараа тавьж, бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн байдаг.
Ш.Алтантуяагийн хэрэг 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээтэй холбогддог. 28 настай Ш.Алтантуяа бусгүй "Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асарүнэтэй наймааны золиос болсон юм. “Liberation” сонины сүүлийн дугаарт Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт Малайзын Засгийн газар, Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэж мөн бичиж байжээ. Малайзын шинээр байгуулагдсан Засгийн газар Ерөнхий сайд асан Нажиб Разакийг хилээр гарахыг хориглож, авлигын хэрэгтэй холбогдуулан шалгаж эхлээд буй.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын албаа хүлээлгэж өгсөн Нажиб Разакийн гэрт цагдаа нар нэгжлэг хийх үеэр алдартай брэндийн 284 гар цүнх, 72 аяны цүнх хураасны заримд нь бэлэн мөнгө, үнэт эдлэл дүүргэсэн байсныг нь тогтоосон. Зөвхөн нэг байрнаас нь хураасан эд зүйлсийн үнийг газар дээр нь шууд тооцоолохын аргагүй их хэмжээтэй байсныг Малайзын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мэдэгдээд буй. Ямартай ч шинэ Засгийн газар удахгүй Нажиб Разакийг баривчлан шалгаж магадгүй гэх таамгийг ажиглагчид дэвшүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!