Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Карол Фүкс: Гүйлт нь сэтгэцийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг нь тогтоогдсон

А.Намуун, iKon.mn
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Талын Марафон" олон улсын гүйлтийн тэмцээн энэ жил наймдугаар сарын 18-нд болохоор төлөвлөгдөж буй.
Зохион байгуулагчдын зүгээс уг арга хэмжээг Монгол Улсыг олон улсад сурталчлах, спорт, соёл урлаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн олон улсын томоохон арга хэмжээ болгох зорилготой.

Өнгөрсөн жил Япон улсын "Шёова Холдингс групп" уг тэмцээнийг дэлхийд сурталчлан таниулах ажлыг хийж байсан  Энэ жил Францын алдарт гүйлтийн тамирчин, уулчин Карол Фүкс "Талын Марафон" тэмцээнийг зохион байгуулах ажилд оролцож байна.

Тэрбээр саяхан Монгол Улсад ирж наймдугаар сард болох тэмцээнийхээ бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулагчидтай уулзсан юм. Бид энэ үеэр түүнтэй уулзаж ярилцах завшаан тохиолоо.

-Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Өдрийн мэнд. Намайг Карол гэдэг. Би Франц улсын иргэн, одоогоор Бангкок хотод амьдарч байгаа.  Мэргэжлийн гүйлтийн тамирчин, мөн уулчин.   

Монгол Улсад "Нүүдлийн Зурган Өгүүлэмж" Сантай дахин хамтарч Талын Марафон тэмцээнийг зохион байгуулахаар ирээд байна. 

-Энэхүү тэмцээн нь Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд юугаараа онцлогтой болох вэ?

-Энэ жил тэмцээн Богд Хан Ууланд болно. 1,000-1,500 оролцогч бүртгэхээр төлөвлөсөн. Оролцогчдын гүйх зай нь Зкм, 5км, 10км, 21 км, 52 км байна. Энэ бол олон улсын тэмцээн, тиймээс аль ч улс орны хүмүүс оролцож болно. Мөн хүүхэд, насанд хүрэгчдийн ангилалтай байгаа.

Бид энэхүү гүйлтийн тэмцээнээр дамжуулж Монгол Улсыг Ази болон Европын орнуудад сурталчлах зорилготой. Спорт бол агуу том соёлын гүүр юм. Би гадны хүмүүсийг тэмцээнд оролцож, Монголд ирж үзээсэй гэж хүсэж байна.

 -Та яагаад гүйлтээр хичээллэхээр болсон бэ? Хэдэн жил хичээллэж байна вэ?Гаргаж байсан амжилтуудаасаа дурдвал?

-Би гүйж байхдаа аз жаргалыг мэдэрдэг. Ууланд авирах, гүйх нь миний хувьд хоббигоос ч илүү зүйл. Энэ спорт нь зөвхөн надад зориулагдсан мэт санагддаг. Энэ спортоор хичээллэж эхлэхэд надад хэн нэгэн нөлөөлөөгүй, зүгээр л өөрийнхөө сонирхлоор явж байгаа.

Амжилт гэвэл Би Азийн гүйлтийн Аваргуудын нэг. Мөн хоёр долоо хоногийн өмнө Филиппинд болсон гүйлтийн тэмцээнд ялалт байгуулсан. /Карол Фүксийн албан ёсны Фэйсбүүк хаяг CaroleFuchsOfficial

-Таны авирч байсан хамгийн өндөр уул? Оргил дээр нь гарахаараа юу мэдэрдэг вэ?

-Би ихэвчлэн далайн түвшнээс 6,000-8,000 метрийн өндөрт байдаг уулын оргилууд руу гардаг. Одоогоор гарсан хамгийн өндөр оргил бол Манаслу (далайн түвшнээс 8,156 м).
Гурван долоо хоногийн дараа Эверест рүү авирах гэж байгаа. Энэ л миний гарсан хамгийн өндөр уул болох юм. Эверест рүү авирах нь миний амьдралын хамгийн том зорилго. Одоо зорилгодоо хүрэх гэж байна. 

Ууланд авирах нь мэдээж хэрэг аюултай, гэхдээ миний хувьд энэ нь гайхалтай том сорилтыг даван туулж буй хэрэг. Уулын оргил дээр гарах үед маш их аз жаргалыг мэдэрдэг. 

-Та уул руу авирах бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ? 

-Би өдөр болгон 3-4 цаг гүйдэг. Монголд байгаа хугацаандаа ч мөн Богд Хан уул руу гарч, гүйж байна. Аль ч улс оронд байсан бэлтгэлээ таслахгүй байхыг хичээдэг. Долоо хоногт 270 км гүйдэг. Миний оролцдог тэмцээнүүд багадаа 50 км-ийнх байдаг. 

 

-Ер нь гүйлтээр хичээллэх, ууланд авирах нь хүний бие, эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ? Холын зайны гүйлт буюу марафоныг зарим хүмүүс биед муу гэх нь бий.

-Аливаа зүйлийн тунг нь тааруулбал бүх зүйл ашиг, тустай гэж боддог. Тамирчин биш энгийн хүн шууд л холын зайнд гүйгээд эхэлбэл мэдээж биед сөрөг нөлөө үзүүлнэ.
Тамирчдын бие холын зайнд дассан байдаг. Би энэ спортоор хичээллээд 10 жил болоход муудсан юм алга. Харин ч илүү чийрэгжиж, эрүүлжиж байна гэж боддог.

Гүйлт нь физиологид сайн нөлөөтэйгөөс гадна сэтгэцийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг нь тогтоогдсон байдаг. Өглөө оройдоо гүйж хэвшсэн хүний зүрхний цохилт хэвийн, илүүдэл жингүй, булчингийн үйл ажиллагаа, уушгины багтаамж ч хэвийн  хэмжээнд байдаг. Мөн даралт багасаж, ясны бүтэц сайжирч, сийрэгжилтээс  ч урьдчилан сэргийлж чаддаг сайн талтай. 

-Ууланд гарах сонирхолтой болон гүйх дуртай хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Юун түрүүнд аль болох богино зайнаас эхлэх хэрэгтэй. Юу юугүй 100 км гүйгээд эхэлбэл биед муу. Хамгийн гол нь хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаарай. Амьдралынхаа мөч бүрийг аз жаргалтайгаар эдэл.