Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Эрдэнэцогт: Шүүгчтэй холбоотой гомдлын тоо буурсан ч сахилгын шийтгэл хүлээх нь ихэссэн

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт "Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд шүүгчийн ёс зүй, хариуцлагатай холбогдуулан 305 шүүгчид холбогдох 197 гомдол хүлээн авсан. Энэ нь өмнөх оноос гомдолд хамаарах шүүгчийн тоо 8.5, гомдол 6.6 хувиар буурсан байна.

Өнгөрсөн онд 202 гомдол шийдвэрлэж 163 буюу 80.5 хувьд шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан. Харин 27 буюу 13.3 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж, 12-ыг нь нэгтгэж, 10 гомдол буюу 4.9 хувьд нь албан бичгээр хариу өгч, харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлсэн бөгөөд 40 гомдлыг шийдвэрлээгүй байна.

 

Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд сахилгын хэрэг үүсгэсэн 27 тогтоолын 14-д нь сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн. 2016 онд нэг шүүгчийн цалинг бууруулах, огцруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бол 2017 онд шүүгчийн цалинг 1-6 cap 20-30 хувь бууруулах сахилгын шийтгэлийг 3 шүүгчид, сануулах сахилгын шийтгэлийг 4 шүүгчид тус тус ногдуулсан байгаа.

Үүнээс үзвэл гомдлын тоо буурч байгаа ч сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийн тоо өмнөх оноос харьцангуй өссөн байна.

Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг давж заалдсан 41 шүүгчид холбогдох 29 магадлалыг Захиргааны Хэргийн Давж Заалдах Шүүх хянаж сахилгын шийтгэл ногдуулсан 7 магадлалыг хүчингүй болгож, 3 магадлалыг хэвээр баталж, нэг магадлалыг өөрчилсөн, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 13 магадлалыг хэвээр баталсан.

 

Шүүхийн ёс зүйн хорооны 3 магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгосныг Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхим хянаж Шүүхийн ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж магадлалыг хэвээр баталсан нь гомдол шалгах ажиллагаа болон шийдвэрийн үндэслэл сайжирсан гэж дүгнэж байна" гэсэн юм.

 

Хэвлэлийн хурлын дараа Шүүхийн ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга Н.Ганбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шүүхийн ёс зүйн хорооны зүгээс байгууллагын ерөнхий нэр хүндийг аварч үлдэхийн тулд шүүгчийн авлигын хэргийг хаацайлсан тохиолдол байдаг уу. Энэ талаар шударга хариулт өгнө үү.

-Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн гомдлын тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад буурсныг бид сайнаар хүлээж авахгүй байгаа. Гомдол гэдэг нь олон нийтийн шүүх хяналтад байна гэдгийг харуулж буй гол үзүүлэлт. Хэрэв гомдлын тоо харьцангуй буураад эхэлбэл иргэдийн хяналтаас гараад вакум орчин бий болох үндэслэлтэй гэж судлаачид үздэг. 

Ерөнхий зөвлөлийн зүгээс шүүхийн ёс зүйн хорооны гомдлыг хүлээж явах, хянан шийдвэрлэхэд оролцох боломжгүй. Энэ чиглэлээр тус хороотой харилцан ажилладаг ажиллагаа байхгүй гэдгийг шударгаар хэлэх нь зүйтэй. 

-Хотын шүүхүүдийн шүүгч нар алдаа гаргах нь их байна уу. Эсвэл орон нутгийн шүүгч нар гаргаж байна уу? 

-Хаана ачаалал байна тэнд их гомдол гардаг. Иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэлийнхэнд ачаалал харьцангуй өндөр. Мөн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн тоо бага, харин шийдвэрлэж байгаа хэргийн тоо нь их.