Индэр    
2022 оны 5 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

Шадар сайд С.Амарсайхан түгжрэлийг бууруулах нэрийдлээр өөрийн компанийн хэрэгжүүлж чадаагүй төслөө нийслэлд "ШАХСАН" уу?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үе, үеийн хотын удирдлагууд нийтийн тээврийн шинэчлэл, хөгжүүлэлтийн талаар маш олон шинэ, шинэ бүтээн байгуулалтын том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээ амалдаг ч ганц нь ч бодит ажил бололгүй 10 гаруй жил өнгөрчээ.

Дээрх биелээгүй төслийн нэг болох Дүүжин тээврийг нэр бүхий улстөрч хувийн ашиг сонирхолтойгоо холбон эхлүүлсэн байж болзошгүйг энэхүү нийтлэлээрээ хөндөж байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан одоогоос хоёр жилийн өмнө буюу Нийслэлийн Засаг дарга байхдаа Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийн нэгээр "Агаарын дүүжин тээвэр"-ийг нэрлэсэн.

Ингэхдээ тэрбээр дүүжин тээврийг бусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад хамгийн аюулгүй нь хэмээн онцлоод, 2021 оны зургаадугаар сард ашиглалтад орно гэж мэдэгдсэн юм.

Гэвч өнөөдөр тус төслийн ТЭЗҮ нь ч бэлэн болоогүй бөгөөд нийтийн тээвэрт явуулахад тохиромжгүй тул зориулалтыг нь өөрчлөн аялал жуулчлалын чиглэлээр ашиглах санал гаргасан тухай одоогийн Хотын удирдлагууд цухуйлгах болсон.

Тэгвэл замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээвэрт явахад тохиромжгүй ийм төслийг нийслэл яагаад хэрэгжүүлэхээр шийдвэрлэв гэдэг асуултын хариуг нэхэн сурвалжиллаа.



№1. ТЭЗҮ нь бэлэн биш ч хэрэгжүүлэхээс аргагүй 60.7 сая еврогийн зээлтэй төслийн өнөөгийн байдал

"Дүүжин тээврийн төслийн нэгж байгуулах тухай Сангийн сайдын тушаал гараагүй. ТЭЗҮ хийгдэж дуусаагүй"

Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын 60.7 сая еврогийн, 40 жилийн хугацаатай зээлээр санхүүжихээр болсон уг төслийн урьдчилгаа төлбөрт 22.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Харин ажлын явц яг өнөөдрийн байдлаар ямар байгаа тухайд “Одоогоор дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэх нэгжийн талаар Сангийн сайдын тушаал гарахыг хүлээж байгаа. Тушаал гарчихвал төслийн нэгж нь байгуулагдаад цааш хэрэгжилтээ хангаад явна.

Харин үүнийг нийтийн тээвэрт явуулах, явуулахгүй тухай бодлогын асуудлыг би хэлж мэдэхгүй. ТЭЗҮ нь хийгдэж дуусаагүй" хэмээн Дүүжин тээврийн төслийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж буй Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг мэдээлсэн юм.

"Айлууд дээгүүрээ дүүжин тээврийн трасс татахыг зөвшөөрөхгүй байгаа тул маршрутыг өөрчилнө"

Мөн Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн "Дүүжин тээврийн эхний трасс нь Баянхошууны эцсээс III хорооллын эцэс хүртэл тавигдахаар тусгагдсан. Гэвч тус шугам трасст өртсөн хэсэг газрыг өмчилсөн айл өрхүүд дээгүүр нь дүүжин тээврийн шугам татахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Иймд бусад эрсдэлүүдийг тооцоолоод эхний трассыг өөрчлөх чиглэлийн Ажлын хэсэг гаргасан. Уг төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд маршрутыг нь оновчтой байдлаар гаргах ажил хийгдэж байна" хэмээн 2021 оны арваннэгдүгээр сард хэлж байв.

Тэгвэл түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилгодоо хүрээгүй уг төсөл хэрхэн эхэлснийг эргэн сануулъя.

№2. Дүүжин тээврийн төслийг "Оюуны ундраа" групп анх 2016 онд танилцуулахдаа 50 ширхэг кабин оруулж ирж байжээ

Хамгийн анх 2015 онд Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байсан Нийслэлийн өмчийн Концессын зүйлийн төслүүдийн явцын мэдээний гуравдугаарт (Хотын төв - Зайсан, Зайсан - Манзушир хийд чиглэлийн Аялал жуулчлалын агаарын зам барих) ажил багтаж байжээ.

Тухайн концессын төслийн эзэмшигч нь "Оюуны ундраа" групп байсан бөгөөд өөрийн хөрөнгөөр агаарын зам барьж нийслэлийн өмчид шилжүүлэх нөхцөлтэй байсан нь Засгийн газрын албан ёсны цахим хуудаст үлдсэн байна.

зураг
 

Тухайн үед төслийн ТЭЗҮ-ийг "Оюуны ундраа" групп 2015 оны гуравдугаар сарын 23-нд албан ёсоор хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэмээн бичжээ.

Үүний дараа Агаарын дүүжин тээврийн төслийг С.Амарсайхан "Оюуны ундраа" группийн захирал байхдаа 2016 онд олон нийтэд танилцуулж байв.

Ингэхдээ тэрбээр "Замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын Төв талбайгаас Зайсан хүртэл иргэдийг зөөвөрлөх зориулалттайгаар ашиглах бөгөөд цаашид Богд-Уул, Манзуширын хийд рүү маршрут нэмж, аялал жуулчлалын хэлбэрээр өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Найман минутын дотор 3,000 хүн тээвэрлэх боломжтой 50 агаарын такси оруулж ирсэн" хэмээн ярьж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.

Харин тухайн үед Зайсан толгойн энгэрт тус группийн "Зайсан хилл" цогцолбор баригдаж байсан юм. Товчхондоо, дээрх төслийн эхний маршрут нь Төв талбайгаас "Зайсан хилл" цогцолбор хүртэл байсан ба цаашлаад Манзушир хийд хүртэл өргөжүүлэхээр төлөвлөж байсан гэсэн үг.

Австри улсаас 30 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн гэх тухайн төслийг хэрэгжүүлж, 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байжээ.

зураг
 
зураг
 

№3. Хотын дарга солигдож, дүүжин тээвэр нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдахаар болсон нь

Түүнээс хойш хувийн хэвшлийн санаачилсан уг төсөл хэрэгжилгүй мартагдаж, улмаар 2019 онд С.Амарсайхан Хотын даргаар томилогдноос хойш дүүжин тээвэр нэвтрүүлэх асуудал дахин хөндөгдсөн юм.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сард хотын дарга нийслэлийн замын түгжрэлийг арилгахад чиглэсэн нийтийн тээвэртэй холбоотой цогц таван төслийг санаачлан олон нийтэд танилцуулсан.

Ингэхдээ тухайн цогц төслүүдээс хамгийн эхэнд Дүүжин тээврийг ашиглалтад оруулахаар зарлаж, загвар кабиныг нь Төв талбайд сар орчмын хугацаанд байршуулж байв.

Дүүжин тээврийн Зайсан чиглэлийн маршрутыг "Долоон буудлаас Сансрын тойрог хүртэл" болгон өөрчлөв

Гэхдээ анх Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайваны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилгоор

  1. Баянхошуу-Ханын материал-3,4-р хорооллын эцэс,
  2. ХААИС, Богд хааны ордон музей, Хүүхдийн ордон гэсэн маршруттай хоёр шугам нээхээр төлөвлөж байсныг энд онцлох нь зүйтэй. Учир нь үүний дараа хоёр дахь маршрутаа Долоон буудал-Дарь эх-Сансарын тойрог болгон өөрчилж, олон нийтэд танилцуулсан юм.
    зураг
     
    зураг
     

Чухам ямар шалтгаанаар анх танилцуулсан маршрутаа өөрчилсөн нь тодорхойгүй ч тухайн үедээ хотын төвөөс Зайсан хүртэл явуулах төлөвлөгөөгөө хассан байдаг.

"Маршрут нь өөр учраас "Оюуны ундраа" группийн төсөлтэй холбоогүй" хэмээн тайлбарлаж байв

зураг
 

Мөн тухайн үед агаарын дүүжин тээвэр нь "Оюуны ундраа" группийнх байсан гэх мэдээлэл гарч эхлэхэд "Энэ төсөл өмнө нь буюу 2014 онд "Оюуны ундраа" группийн Зайсан орчимд аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлэхээр танилцуулж байсантай огт холбоогүй. Зориулалт нь өөр.

Одоогийн агаарын такси төсөл бол нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах зориулалттайгаас гадна чиглэл нь ч өөр буюу Долоон буудал, Баянхошуу орчимд хэрэгжинэ" хэмээн Хотын даргын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар тайлбарлаж байв.

№4. Бэлэн биш төсөлдөө ашиглалтын захиргаа байгуулж, төсвөөс үргүй зардал гаргасан нь

Төслийг нийтэд танилцуулснаас хойш долоон сарын дараа буюу 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр НИТХ-ийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулсан нь жил гаруйн хугацаанд ямар үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байсаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард татан буугдсан.

Гэхдээ тус захиргаа татан буугдсанаар төсөл хэрэгжүүлэх ажилд өөрчлөлт орохгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан тайлбарласныг дурдъя.

Анх есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан тус газарт 2021 онд улсын төсвөөс 414.3 сая төгрөг суулгасан байдаг.

Үүнээс тухайн захиргаа нь урсгал зардалд 341,460,631 төгрөг зарцуулсан бол 51,995,200 төгрөгийг нь эд хогшил, багаж, техник хэрэгсэл, тавилга худалдан авсан гэж мэдүүлсэн нь Шилэн данс системд нээлттэй байна.

 

5. Франц улсын засгийн газрын зээлийн санхүүжилтээс аль хэдийн 22.2 тэрбум төгрөг олгогдсон...

Түүнээс гадна "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” байгуулагдсанаас сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох "Пома" групп рүү 16.2 тэрбум төгрөг,  "Эжис рэйл" ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл "Шилэн данс" системд байршсан байдаг.

 

Тухайн урьдчилгаа төлбөрийн талаар Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн "Дээрх 22.2 тэрбум төгрөг нь нийслэлийн төсвөөс огт гараагүй. Сангийн яам, засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийн дагуу шилжүүлэг хийгдсэн нь нийслэлийн данс дээр бичигдсэн харагдаж байгаа" гэсэн тайлбар өгч байлаа.

Өөрөөр хэлбэл, 22.2 тэрбум төгрөг төсвөөс гараагүй бөгөөд Франц, Монгол хоёр улсын зээлийн хэлэлцээрийн дагуу Францын талаас шууд санхүүжүүлсэн гэсэн үг.

№6. Агаарын дүүжин тээврийн төсөл явсаар 2015 онд "Оюуны ундраа" группийн танилцуулж байсантай зорилго нэг болсон нь...

Энэ бүхний дараа "Агаарын дүүжин тээврийг Долоон буудал, Баянхошуу орчимд хэрэгжүүлнэ" гэсэн Шадар сайдын үг худал болж хувирав.

Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлэхээр танилцуулж байсан төсөл эргээд "Оюуны ундраа" группийнхтэй адил болсон буюу аялал жуулчлалын зориулалттайгаар хотын төвөөс Зайсан чиглэлд хэрэгжих санал гараад байгаа.

Тодруулбал, Дүүжин тээврийн ТЭЗҮ одоо хэрнэ бэлэн болоогүй бөгөөд маршрутыг нь өөрчлөхөөр мэргэжилтнүүд ажиллаж буй.

Ингэхдээ

  • Централ тауэраас Шангри Ла, Хан-Уулын И-март худалдааны төвөөс Ривер гарден хотхон хүртэл,
  • Эсвэл 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Зайсан хүртэл болгож өөрчлөх санал яригдсан тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны үеэр мэдээлсэн.

Тэрбээр "Дүүжин тээврийн ТЭЗҮ Централ тауэраас Шангри Ла, И-март худалдааны төвөөс Ривер гарден хотхон гэсэн байршил дээр яригдаж байгаа. Мөн тэмээтэй хөшөөнөөс урагшаа Зайсан хүртэл тавьж, Зайсангаас иргэдийн зорчилтыг хотын төв рүү татах, трассыг хөнгөн галт тэрэгний шугамтай холбож, давхардуулахгүй байдлаар хийх ТЭЗҮ, судалгаа нь хийгдэж байгаа" хэмээн ярьж байв.

Монголын талаас дүүжин тээврийн зориулалтыг аялал жуулчлалынх болгон өөрчлөх саналыг Францын талд хэд хэдэн удаа тавьсан ч зөвшөөрөөгүй гэдгийг дээрх хуралдааны үеэр Засаг даргын орлогч Б.Одсүрэн дурдсан билээ.

"Дүүжин тээвэр бол аргаа ядсан арга. Зогсоох гэхээр гуравдагч хөршийн бодлого, улс төрийн шахалттай тулгарч байна" гэв

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ntv телевизийн "Улаанбал" нэвтрүүлэгт орох үеэрээ мөн төслийн ТЭЗҮ бэлэн биш ч заавал хэрэгжүүлэх ёстой гэдгийг хэлсэн.

Энэ тухай тэрбээр "Хоёр улс зээлийн хэлэлцээрээ соёрхон батлаад Сангийн яамнаас бичиг явуулчихсан учраас маршрутыг нь засаад төслийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй.

Тухайн үед хөрөнгө мөнгөний бололцооноос болоод нийтийн тээвэрт ашиглана гэж оруулсан байх. Энэ бол аргаа ядсан л арга. Зогсоох гэхээр гуравдагч хөршийн бодлого, улс төрийн шахалт орж ирж байна.

Зориулалтыг нь өөрчилье гэхээр болж өгөхгүй байна. Ямартай ч LRT-тэй ямар нэг байдлаар холбоод явуулна. Тухайлбал, Богд уулнаас трассыг нь татаад аялал жуулчлалын талаас нь схемчилж судлаад манай мэргэжилтнүүд танилцуулах байх" хэмээн ярьсан юм.

Мөн сайд С.Амарсайхан төслийн өнөөгийн байдлын талаар “Энэ төсөл зогсохгүй. Өмнө нь байгуулагдсан ажлын хэсэг, төслийн нэгжийн зохион байгуулалтыг өөрчилж, шинэчилж байгаа. Үүний ажлын хэсэг Сангийн яам дээр байгуулагдах бөгөөд нийслэлтэй хамтарч энэ төслийг цааш хэрэгжүүлэхээр болж байна гэсэн үг. Түүнээс УИХ-аар батлагдсан төсөл зогсоно гэдэг асуудал байхгүй. Зарим маршрут чиглэлд нь бага зэрэг өөрчлөлт орж байгаа. Дүүжин тээвэр бол хамгийн зөв шийдлүүдийн нэг” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.

Ямартай ч хоёр улсын хооронд хийгдсэн зээлийн гэрээний дагуу нийслэлчүүдийг дүүжин тээвэртэй болгох төслийн санхүүжилтийн эхний хэсэг шийдэгдсэн. Гэхдээ аль чиглэлд, ямар зориулалтаар баригдаж, хэзээ бодит үр дүнд хүрэх нь тодорхойгүй байна.