Индэр    
2021 оны 4 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хатуу хөл хорионы үед гэртээ байх ёстой ГУРВАН шалтгаан

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлчүүд одоогоор дөрөв дэх удаагаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорины дэглэмд шилжээд байна.

Энэ удаагийн хөл хориог хамгийн сүүлийнх байгаасай гэж олон хүн хүсэж буй. Харамсалтай нь хөл хорионы энэ үеэр иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхтэй байсаар байна.

Тодруулбал, хөл хорионы үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбарын ажилчдын ердөө 63 хувь нь л нийтийн тээврээр зорчиж байгаа бол үлдсэн 37 хувь нь хөнгөлөлттэй карт ашигласан хүмүүс байгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа мэдээлэв.

Зорчигчдын тоо ийнхүү буурахгүй байгаагийн улмаас хөл хорионы үеэр үйлчилгээнд явах автобусны тоог хоёр дахин нэмэгдүүлж, 641 болгоход хүрчээ.

Уг нь хөл хорионы үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбарын тээврийн хэрэгслийг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулж буй.

Ийнхүү тэгш, сондгойгоор явуулж эхэлснээр өмнөх хөл хориогоор QR кодоор зорчуулж байсан үеийг бодвол цөөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн.

Хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 800-г давсан энэ үед халдварын голомт болоод буй Улаанбаатар хотын иргэн Та гэртээ байх нь хамгаас чухал байна.

Иймд хөл хорионы үед халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гэртээ байх ёстой ГУРВАН шалтгааныг товчхон сануулъя.



НЭГ.Нөхөж баршгүй хохирол буюу хүний амь нас

Монгол Улсад 2021 оны гуравдугаар сарын сүүлээс эхлээд буюу хоёрдугаар 23-ны өдрөөс хойш 10 хоногийн дараа өвчлөлийн тоо эрс нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихэссэн. Улмаар хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь эмчилж эхэлсэн билээ.

Өдгөө сар гаруйн хугацаанд 1,000 гаруй хүн гэртээ эмчлэгдэж, эдгэрсэн гэх сайхан мэдээ бий ч нөгөө талд бид энэ өвчнөөр 30 гаруй иргэнээ алдаад байгааг санах хэрэгтэй.

Тэдний зарим нь халдвар авснаа ч мэдэхгүй явсаар эмнэлгийн тусламж ч авч чадалгүй, гэртээ нас барсан тухай өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Халдварт өвчнөөр нас барсан хүний цогцсыг тусгай зориулалтын уутанд хийж, уламжлалт аргаар эсвэл чандарлах зан үйлээр оршуулна. Ингэхдээ оршуулгынх нь ажиллагаанд маш цөөн хүн оролцуулах журамтай.

Хүнд өвчнөөр хорвоог орхисон 30 гаруй иргэний цаана хэчнээн хүн салах ёс ч гүйцэтгэж чадаагүйдээ элгээ эмтэлж суугаа бол...

Өнөөдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2,667 иргэнээс хөнгөн өвчтөн 71.6 хувийг, маш хүнд өвчтөн 0.7 хувийг эзэлж байгаа ч өдөр ирэх тусам хөнгөн өвчтөнүүд хүнд, хүндэвтэр шат руу орж байгааг салбарынхан сануулсаар...

Өвчлөлийн тархалт ийнхүү эрчимтэй хэвээр байгаа тул хөл хорио дуусах үед нас баралтын тоо нэмэгдэж мэдэхээр байгааг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр анхааруулсан.

Энэ нь Та, бидний хариуцлагатай байх ёстой хамгийн эхний шалтгаан.

ХОЁР.Цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнууд ба эдгэрсэн ч гарах сөрөг үр дагаварууд

Улсын хэмжээнд эрүүл мэндийн ажилчид өнгөрсөн жил турш дайчлагдан ажиллаж байна.

Ингэхдээ тэдний ихэнх нь бидэн шиг гэртээ бус халдварын эрсдэлтэй бүсэд олон хоногоор, амьсгалахад ч хүнд, битүү хувцас өмсөж, тусгаарлагдан ажиллаж буй гэдгийг санах хэрэгтэй.

Өнөөдөр улсын хэмжээнд эрүүл мэндийн 397 ажилтан халдвар аваад байгаа бөгөөд тэдний 69 хувь нь ажлаа хийж байхдаа буюу коронавирусээр өвчилсөн хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж байхдаа өөрөө халдвар авчээ.

Хөл хорионы энэ хугацаанд борви бохис хийлгүй халдварын тархалтыг хумихаар ажиллаж буй тэдгээр эрүүл мэндийн ажилчдын хичээл зүтгэл бидний гэртээ байх мөн л нэг шалтгаан.

Нөгөө талаар, дэлхий дахинд коронавируст халдвараар хөнгөн болон шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүмүүст гарах сөрөг үр дагавар нь харьцангуй бага гэх судалгаа гарсан.

Гэвч хөнгөн бөгөөд шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн танаас халдвар авсан нэгэн хэрвээ хүндээр өвдвөл дараа нь эдгэрсэн ч уушгины сорвижилт, өөрчлөлттэй болж байгаа гэх олон улсын судалгааг өнөөдөр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцуулсан.

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн ч удаан хугацаагаар ядрах, туйлдах, сэтгэл гутралд орох зэрэг эдгээр шинж тэмдэг сүүлд нь илэрдэг гэдгийг тэрбээр онцолсон.

Энэ нь цар тахлын вирусээр огтхон ч өвчилж болохгүйн бас нэг шалтгаан юм.

ГУРАВ. Цар тахал ба эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө

Монгол Улс өнөөдөр нийт мах, сүү, гурил гурваас бусад хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувийг импортоор авдаг.

Тэгвэл лангуу дээрх нарийн ногоо цөөрч, онлайнаар захиалсан бараа бүтээгдэхүүний ирэх хугацаа удааширч байгааг та анзаарч байгаа юу.

Монгол Улсын экспортын гол гарц болох Замын-Үүд боомтоор өнгөрсөн гуравдугаар сарын 23-наас хойш ямар нэгэн шалтгаан мэдэгдэлгүйгээр автомашин нэвтрүүлэхгүй байгаа талаар бид мэдээлсэн.

Үүнийг БНХАУ-ын ЭСЯ-наас "Цар тахалтай холбоотойгоор хилээ нээхгүй байгаа. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй" гэсэн тайлбар өгсөн.

Ийнхүү цар тахлын улмаас зэсийн баяжмалын экспорт саатаад 21 хонолоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөл хорио эхлэхээс өмнө вакцинжуулалтын ажилтай танилцах үеэрээ төсвийн орлого 23 хувь тасраад байгааг мэдээлсэн.

Хэрэв халдварын тархалт буурахгүй байвал урд хөрш хилээ хэзээ нээх нь тодорхойгүй хэвээр байх болно.

Ийм нөхцөлд Монгол Улсын 2021 оны төсвийн орлогын цоорхой цаашид хэрхэн томрох нь мөн тодорхойгүй.

Халдварын тархалт ийнхүү эрчимтэй нэмэгдсээр байвал эдийн засаг, нийгэмд хортой олон үр дагавар бий болгохоор байна.

Хөл хорионы 15 хоногийн хугацаанд халдварын тархалтын үзүүлэлт 1.3 хувь, вакцинд хамрагдаж дархлаа тогтсон хүмүүсийн 70 хувь гэж тооцвол өвчлөлийн нөхцөл дөрөвдүгээр сарын 25-н гэхэд ялимгүй л буурах дүр зураг харагдаж буй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдэгдсэн.

Гэвч бид хөл хорионы дэглэмтэй үеийг тэвчилгүй өнгөрөөсөөр байвал тархалтыг багахан хэмжээнд ч бууруулж чадахгүйд хүрэх эрсдэл бий.

Тиймээс иргэдийг үлдсэн 12 хоногийг тэвчиж өнгөрүүлэн онц шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг уриалж байна