Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ хилээ хэзээ нээх нь тодорхойгүй байна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын экспортын гол гарц болох Замын-Үүд боомтоор өнгөрсөн гуравдугаар сарын 23-наас хойш ямар нэгэн шалтгаан мэдэгдэлгүйгээр автомашин нэвтрүүлэхгүй байгаа талаар бид мэдээлсэн

Тэгвэл энэ талаар БНХАУ-ын ЭСЯ-наас тодруулахад "Цар тахалтай холбоотойгоор хилээ нээхгүй байгаа. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хил хэзээ нээгдэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар 18 аймагт тархаж, гуравдугаар сарын 1-нээс хойш халдвар авсан иргэдийн тоо 9,319 шинэ тохиолдлоор нэмэгдээд байгаа билээ. Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн гол бүс гэдгээрээ "Ногоон бүс" болсон. Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа "Оюу толгой" компанийн хоёр ажилтнаас халдвар батлагдсан бөгөөд тухайн иргэдийг Улаабаатар хотод хүргэсэн бол үлдсэн 10,000 орчим ажилтнаас PCR-ийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан талаар компани мэдээлээд буй

Гэвч зэсийн баяжмалын экспорт саатаад ийнхүү 15 хонов. 

Тус компанийн өнгөрсөн оны нэгдүгээр улирлын тайлангаас харвал 164.5 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байжээ. Сард дунджаар сард 55 мянган тонн баяжмал гаргасан гэж тооцвол өнгөрсөн 15 хоногт 27 орчим мянган тонн баяжмал гаргах байсан ч ийнхүү саатсан гэсэн үг. 

Нүүрсний тухайд мөн ялгаагүй гарц ямар байгааг доорх хүснэгтээс харах боломжтой байна. 

Хүснэгт. 2021.03.29-04.04-н хүртэлх долоо хоногт Гашуунсухайт, Ганцмодны боомтоор гарсан ачааны машины тоо  

Огноо Хилээр гарсан ачааны машины тоо
3.29 30
3.3 27
3.31 30
4.01 0
4.02 0
4.03 0
4.04 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт вакцинжуулалтын ажилтай танилцах үеэрээ төсвийн орлого 23% тасраад байгааг мэдээлсэн.

Хэрэв халдварын тархалт буурахгүй ийм нөхцөлтэй байвал урд хөрш хилээ хэзээ нээх нь тодорхойгүй. Ийм нөхцөлд Монгол Улсын 2021 оны төсвийн орлогын цоорхой цаашид хэрхэн томрох нь мөн тодорхойгүй байна.