Цэцэрлэгийн 2016-2017 оны хичээлийн жилийн бүртгэл элсэлтийг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Боловсролын Газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул "Төрийн өмчийн Цэцэрлэгүүд наймдугаар сарын 22-26-нд хамран сургах тойргийн дагуу харьяаллынхаа бүх хүүхдийг бүртгэнэ.
Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах бөгөөд 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг шинээр элсүүлэх юм.
Цэцэрлэгийн бүртгэл нийт дөрвөн өдөр явагдана. Бүртгэхдээ "Элсэлтийн тасалбар" тараана. Тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулна.
Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн жил бүр төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэхэд хүндрэл бэрхшээл гарсаар байна. Тиймээс эцэг, эхчүүд, цэцэрлэгийн захиргаа гээд аль аль талдаа чирэгдэл багатай, сэтгэл ханамж өндөртэйгээр элсэлтийг зохион байгуулахаар тогтлоо" гэв.
Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж өнөөгийн байдал
2015-2016 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 цэцэрлэгт 91,687 хүүхэд хамрагдсан байна. Үүнээс 69,428 буюу 75.7 хувь нь төрийн өмчийн, 22,259 буюу 24.3 хувь нь төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдсан дүнтэй цэцэрлэгийн барилга ашиглалтын коэффициент 1.49 болсон үзүүлэлттэй байсан.
2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж орны тоо 3,990-ээр, төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2,225 -аар буюу нийт 6,115 хүүхдээр нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан мэдээллээ.