Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хугацааг нь тулгаж баталсан хуулийн "гор"-ыг амсагчид

Б.Төрбат
2016 оны 6 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа хуульд заасны дагуу өнгөрсөн Бямба гарагт албан ёсоор эхэлсэн. Өмнө нь ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулийг баталж, баталсан хуульдаа ямар ч эрх мэдэлтэн гар хүрч болдоггүй хатуу зарчим үйлчилдэг байлаа.

Харин энэ удаагийн ээлжит парламентын сонгууль өмнөх сонгуулиудаасаа тэс өөр зарчмаар өрнөж байгаа нь хэнд ч тодорхой байна. Гэхдээ өмнөхүүдээсээ өөр зарчмаар өрнөх болсон гол шалтгааныг улс төрийн том намуудын өөрсдийнхөө таалалд нийцүүлж давс, хужрыг нь тааруулсан шинэ Сонгуулийн тухай хуультай холбон тайлбарлаж болно. 

Өөрөөр хэлбэл, эрх баригчид энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийг хугацаа тулгаж баталсан нь араасаа тодорхойгүй олон асуудлыг дагуулахад хүргэсэн юм. Шуудхан хэлэхэд, өнөөдөр хугацааг нь тулгаж баталсан хуулийнх нь "гор"-ыг зарим нэр дэвшигч хийгээд олон нийт өөрсдийн биеэр амсаж сууна.

Хугацааг нь тулгаж баталсан хуулийнх нь "гор"-ыг зарим нэр дэвшигч хийгээд олон нийт өөрсдийн биеэр амсаж сууна. 

Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үндсэн зорилго болох нийгэмд үйлчлэх эрхийг тодорхой хэмжээнд боомилсон нь эрхгүй анхаарал татна.

Энэ нь нэг талаараа бусдын нэр хүндэд халдах, гутаан доромжлох зэрэг тээр тэнд үлдсэн "шар хэвлэл"-ийг хазаарлах сайн талтай ч яг үнэндээ олон нийтийн мэдээлэл авах эрхэд бүдүүлгээр халдсан, бүр тодруулбал Үндсэн хуулиа хүртэл зөрчсөн явдал юм. 

Хамгийн гол нь, ээлжит сонгууль бүрт Сонгуулийн тухай хууль дэндүү шахуу гарч, хүч түрэн батлагдаж байгаагаас үүдэж сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй Сонгуулийн ерөнхий хороонд маш олон тооны дүрэм, журам боловсруулах даалгавар оногддог. Харамсалтай нь, хугацааг нь тулгаж баталснаас өнөөх араас нь гаргасан дүрэм, журам нь хоорондоо зөрчилдөж, аль эсвэл ойлгомжгүй, дутуудуулдаг гэмтэй.

Яг ийм үйл явц энэ удаагийн ээлжит сонгуулиас хамгийн ихээр ажиглагдаж эхэллээ. Зүгээр л энгийн нэг жишээ дурдахад, Дархан-Уул аймгийн ИТХ-д нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ өгсөн нэр бүхий 15 иргэнийг Сонгуулийн хороо нэрсийн жагсаалтаасаа хассан байдаг.

Сонгуулийн хорооны шийдвэрийг эсэргүүцсэн нөхөд аймгийнхаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс Сонгуулийн хорооны шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзсэн нь нөгөө талаас Сонгуулийн хороо шүүхээс дээгүүр эрх мэдэлтэй гэж харагдахаар байгаа юм.

Гэтэл энэ бол цэвэр хугацааг нь тулгаж баталсан хууль болон цаг хугацаанд баригдаж боловсруулсан Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан холбогдох дүрэм, журамтай холбоотой асуудал.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуультай уялдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан дүрэм, журам нь холбогдох хуультайгаа нийцэхгүй, нийцсэн байлаа ч түүнийг хэрэгжүүлэх гол нөхөд нь хууль хийгээд дүрэм, журмаа ойлгоогүйгээс үүдэлтэй. Яг ийм алдаа дээрх жишээнээс харагдаж байна. 

Хуульд хориглох заалт их байх тусам түүнийг нь өрсөлдөгчийнхөө эсрэгээр ашиглахад хялбар болдог. 

Гэтэл сонгуулийн тогтолцооны талаар шийдвэр гаргахад олон улсын гэрээ хэлэлцээр, холбогдох бусад олон хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай гэлтэй. Хэдийгээр дэлхий нийтэд сонгууль зохион байгуулахтай холбоотой бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн тогтсон дүрэм, журам байхгүй ч бүх нийтийн сонгуулийн эрх чөлөө, нэг хүн нэг санал өгөх зарчим зэрэг чөлөөт, шударга, тогтмол сонгуулиудад баримтлах нийтлэг зарчим гэж байх юм.

Наад зах нь, бүх иргэдийн шударга төлөөлөл, хүйсийн тэгш байдал хийгээд цөөнхийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцгой хэрэгцээг анхаарч үзэх зэрэг сонгуулийн тогтолцооны нөлөөллөөс хамааралтай олон асуудлыг харгалзан үзэх хандлага дэлхий нийтэд ажиглагдаж эхэлсэн байдаг.

Үнэндээ дээрх зарчмуудыг 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1966 оны Иргэний ба улс төрийн эрхийн олон улсын факт зэрэг олон улсын эрх зүйн акт гэх мэтчилэн олон зүйлээс баталгаажуулжээ. Уг нь, манай улс 2012 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт 57 дахь гишүүн орон болсон. Энэ нь тус байгууллагын бүх үүрэг, амлалт болон ялангуяа ардчилсан сонгуультай холбоотой амлалтуудыг биелүүлэх үүрэг хүлээнэ гэсэн үг юм.

Харамсалтай нь, өнөөдөр энэхүү үүргээ хүлээх нь битгий хэл өөрсдөөсөө бусдыг "боомилсон", хүч түрэн Засгийн эрхэд гарахыг санаархсан зэрэг олон сул талтай хуулийг баталж, түүнийгээ хэрэгжүүлж байна уу гэлтэй.

Нөгөөтэйгүүр үүнийх нь балгаар сонгуулийг зохион байгуулах үүрэг хүлээсэн Сонгуулийн ерөнхий хороо баталсан хуулийг нь хэрэгжүүлснийхээ төлөө "хууль зөрчигч" болж, хугацааг нь тулгаж гаргасан хуулийг нь "сайн" ухаж, ойлгоогүй зарим нэр дэвшигч хийгээд хэвлэл мэдээллийнхэн "гэмтэн" болох магадлал өндөр байна.

Нөгөөтэйгүүр хэн хэнийгээ гүтгэж, гүтгүүлж эцэстээ би, чи дээрээ тулсан хүмүүсийн маргааныг Сонгуулийн тухай хуулиар зохицуулах заалт байхгүй учир арга буюу хуулийн байгууллагын хаалгыг тогшиход хүргэж байна. Энэ бүгдээс харахад, энэ удаагийн ээлжит сонгуулийн дараа хэчнээн хүн гэмт хэрэгтэн, хэний хүү, охинд "аав"-ынд суухыг таахад бэрх.

Тэгээд ч хуульд хориглох заалт их байх тусам түүнийг нь өрсөлдөгчийнхөө эсрэгээр ашиглахад хялбар болдог. Шуудхан хэлэхэд, хориглох заалтуудаар өрсөлдөгчөө “намнах”, өрсөж өөрт байгаа давуу талаа ашиглан ирээдүйн өрсөлдөгчөөсөө түрүүлж гараанаас гарах зэрэг нь хуулийн сөрөг үр дагавар билээ. 

Зураг