Зураг
Зураг
Индэр    
2024 оны 4 сарын 30
Зураг
iKon.mn Сэтгүүлч

"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Худлаа үнэн, судалгаатай үгүй нь мэдэгдэхгүй, хэн нэгний толгойд гэнэт төрсөн санаа гэлтэй яригдаад л өнгөрдөг ч шийдэгдэж өгдөггүй асуудлууд Улаанбаатар хотод олон бий. Тэдгээрээс заримыг нь эргэн сануулъя.


1. Түгжрэлийг шийдэх их нүүдэл 

Саалиа бэлдэхээр саваа бэлдэхийн эсрэг болсон хоосон ордон

Нийслэлийн төр захиргааны байгууллагад 2,000 орчим хүн ажилладаг бөгөөд ажлын байр нь Яармаг руу нүүвэл хотын төвийн түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзжээ.

Иймд Яармаг дахь шинэ "Хангарди" ордны барилгыг 2018 онд барьж эхлэн 2021 онд эхний хэсэг нь ашиглалтад орсон юм. Гэвч нүүнэ, нүүнэ гэсээр хэдийнээ гурав дахь жилтэйгээ золгоод байна. 

  • 2024.01.15 Хотын дарга: Гуравдугаар сарын 1-н гэхэд нүүнэ. 
  • 2024.02.27 Албаны эх сурвалж: Нүүгээгүй байгаа. Дөрөвдүгээр сард багтаж нүүнэ.

Хотын захиргааны шинэ байр нийт гурван блокоос бүрдэх ба цогцолборын талбайн хэмжээ 68 мянган м.кв, санхүүжилтийн хэмжээ нь 97 орчим тэрбум төгрөг юм. 

Тус барилгыг баригдаж эхэлсэн үеэс эхлээд гарааны бизнесийг дэмжих төв, шинжлэх ухаан, инновац, технологийн төв болгоно зэрэг анхны зорилгоосоо хазайсан олон зүйлийг үе үеийн хотын дарга нар ярьж байв

Нүүнэ гэж 100 ярьсан 100 айл 

100 айл бол Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Арьс өвчин судлалын үндэсний төв зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг таван эрүүл мэндийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг сургууль, цэцэрлэг гээд хүн хөдөлгөөн ихтэй газар. Түүнээс нь үүдэж зундаа тоосжилт ихтэй, өвөлдөө агаарын чанар нь хамгийн муу, аюултай үзүүлэлтдээ хүрдэг газруудын нэг юм. 

"Бизнесийн аж ахуйн нэгжид ямар нэгэн хохиролгүйгээр нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг ярьж байгаа" гэсээр хоёр ч ажлын хэсэг байгуулагдаж ажилласаар өдийг хүрчээ. 

“Шинэ зуун айл” төв өнгөрсөн оны зургаадугаар сарын 25-нд нээлтээ хийсэн ч олон жил нэг газраа үйлчлүүлэгчээ татсан бизнес эрхлэгчид тус төв рүү нүүхгүй гэдгээ илэрхийлээд буй. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Их сургуулиуд хаашаа нүүх вэ? 

Өнгөрсөн онд Хотын дарга асан Д.Сумъяабазар "ШУТИС-ийг Шархад руу, СУИС-ийг Сэлбэ рүү, АШУҮИС-ийг Амгалан руу, МУБИС-ийг Ханын материал руу, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг Баянхошуу руу гэх мэтчилэн хэдэн тийшээ гаргавал Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад нөлөөлнө" хэмээж байв. 

Уг мэдэгдлийнх нь хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Их, дээд сургуулиудыг нүүлгэх асуудалтай холбоотой бодлого Засгийн газрын шийдвэрээр тодорхой болчихсон. Дархан руу, Эрдэнэт рүү, Хөшигийн хөндий рүү гэх мэт шийдвэр гарчихсан" гэж байв. 

Олон хүмүүсийн шүдний өвчин болж, олон жил ярьсан энэ мэт асуудлууд дээр шийдвэр гаргагчид иргэдэд таалагдах гэсэн дээ юу эсвэл "Попролт" гэж хэлэх үү? Худлаа үнэн, судалгаагүй, төөрөгдүүлсэн зөрүүтэй мэдээлэл өгдгөө хэзээ болих вэ? 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2. Автобусаар яв гэсэн ч автобусандаа багтсангүй... 

Нийтийн тээврийн автобуснууд дүн өвлийн хүйтэнд буюу энэ оны нэгдүгээр сарын 20-ноос шинэ маршрутаар явж эхлэхээр болж туршилтыг явуулсан нь иргэдийг төөрөгдөлд оруулсан юм. Автобусны чиглэл заасан маршрутаас эхлээд уг гэнэтийн шийдвэр хэд хоног Улаанбаатарчуудыг сандаргав. 

Түүнчлэн автобусны чиглэл хардаг аппликэйшнийг Монгол компани хийсэн, туршилтын хувилбарыг ашиглаарай гэж мэдэгдсэн ч мөн л ойлгомжгүй, хуучин аппликэйшн ажиллах юм уу, үгүй юм уу гэдэг нь ч тодорхойгүйгээр уг шийдвэрийг гаргасан нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой адил болов. 

Автобусны тоо нэмэгдсэн ч иргэд автобусандаа багтахгүй үлддэг нь хэвээрээ байсны дээр уг байдал нь улам дордов. Албаныхан энэ талаар өөрчлөлтөд дасахад хэцүү гэж байсан ч иргэд тэднээс амьдралтай шийдвэр гаргахыг хүссэн юм. 

Нийтийн тээвэртэй холбоотой хүндрэлтэй асуудлууд байсаар байтал Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан "Иргэд автобусандаа сууж сурах ёстой" гэж хэлж байсан удаатай. 

Автобусны төлбөрийн асуудалтай холбоотойгоор зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна" хэмээн хотын дарга Х.Нямбаатар хоёрдугаар сард мэдэгдсэн ч энэ нь мөн л хэлсэн хугацаандаа суурилагдаж эхлээгүй юм. 

3. Метрогоо яаж мартах билээ 

Сонгууль болгоноор ярьсаар хэн ч итгэхээ больсон уг асуудал энэ удаагийн сонгуулийн жилд ч мөн яригдаж байна. 

"Энэ онд метроны инженер, зургийн ажил, техник хэрэгсэл татах ажил хийгдэнэ. 2025, 2026 онд үндсэн барилгын бүтээн байгуулалтын ажил явагдана" гэдгийг хотын дарга мэдэгдээд буй

Энэ талаар Ардчилсан Намын бүлгээс "Нийслэлийн төсвөөр метро барих тухай асуудал яригдаж байна. Гэтэл бодит байдал дээр одоо зарлаад байгаа шиг мөнгөөр метро барих боломжгүйг бүгд мэдэж байгаа. Ямар мөнгөөр метро барих гэж буйг УИХ-ын гишүүд дотроос мэдэх хүн байхгүй" гэсэн юм. 

Метро барих төслийн 181 тэрбум төгрөгийн төсөвтэй зөвлөх үйлчилгээний II шатны тендерийг тавдугаар сарын 3-нд буюу энэ долоо хоногт нээхээр төлөвлөөд байгаа билээ. 

Метроноос гадна цагт 1,200-1,500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээвэр гэх үнэн үү, үлгэр үү гэдэг нь мэдэгдэхгүй зүйлийг нэвтрүүлэхээр Нийслэл аль хэдийнээ ажилдаа ороод байгаа юм. 

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар уг төслийн төсвийн талаар "Дүүжин тээвэр дээр 60 сая еврогийн хоёр шугамын асуудал яригддаг. Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа эхлүүлсэн, зургаан сая евро нь зарцуулагдсан байдаг" гэж мэдэгдэж байв.