Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ганибал: Ямар мөнгөөр метро барих гэж буй талаар УИХ дотор мэдэх хүн алга

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан Нам(АН)-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал "Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн чуулганы үеэр АН-ын гишүүдийн өргөн барьсан малчдын зээлийн асуудал, малжуулах асуудлаар өргөн барьсан хуулийн төслөө их хурлын даргад танилцуулж чадсангүй.

Уг асуудлаар хоёр удаа цаг товлосон ч УИХ-ын дарга маань ямар нэг шалтаг хэлээд зугтчихлаа. Бидний зүгээс хуулийн төслөө бэлэн болгоод хэлэлцүүлэхэд ямар ч асуудал гарахгүй. Тиймээс энэ хуулийг хэлэлцүүлэх асуудал дээр УИХ-ын дарга санаатайгаар саад болж байна гэж үзсэн. Энэ долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлнэ.

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн чуулганаар бид дорвитой ажил хийсэнгүй. Сонгуулийн тойрог томорсонтой холбоотойгоор гишүүдийн орон нутагт ажиллах хугацаа нь уртассан бололтой. Хаа сайгүй л гишүүд орон нутагтаа томилолт аваад явчихсан тул чуулганы үйл ажиллагаа доголдож байгааг анхааруулъя.

Үүнийг далимдуулж МАН-аас Үндсэн Хуулийн Цэцийн тухай хуулийг өргөн барьж хэлэлцүүлэх оролдлого хийлээ. 

Нийслэлийн төсвөөр метро барих тухай асуудал яригдаж байна. Гэтэл бодит байдал дээр одоо зарлаад байгаа шиг мөнгөөр метро барих боломжгүйг бүгд мэдэж байгаа. Ямар мөнгөөр метро барих гэж буйг УИХ-ын гишүүд дотроос мэдэх хүн байхгүй. 

Энэ талаарх мэдээллийг сэтгүүлчид олон нийтэд таниулах хэрэгтэй байна. Миний хардлагаар бол "Эрдэнэс Баянбогд" гээд Нийслэлд 66 хувийн эзэмшдэг нүүрсний ордтой болсон. Энэ нүүрсний ордыг Д.Сумъяабазар даргын үед БНХАУ руу баахан сэтгүүлч нарыг зугаалуулж, тус улсын аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж, нүүрсээ гаргаад оронд нь метро бариулна гэж ярьж байсныг санаж байгаа байх.

"Эрдэнэс Баянбогд"-ын нөөцийг нарийвчлан тогтоох асуудал одоо нууцын зэрэгт орчихсон. Энэ хайгуулын явцад хэдий хэмжээний нөөц байгааг Монголын ард түмэн биш Хятадын компаниудын төлөөлөл ирж хяналт тавьж байна. 

Манай улсын стратегийн орд газрын мэдээллийг иргэд биш гаднын улс орны төлөөлөл хянана гэдэг нь улсын аюулгүй байдалтай холбоотой ноцтой зөрчил юм" гэж ярилаа.