Зураг
Зураг
Индэр    
Н.Ганбаа: Маш бага зардлаар дулаалж, халаах боломжтой ЯНДАНГҮЙ монгол гэр өвлийн хамгийн тохилог сууц болох боломжтой
Зураг
2024 оны 9 сарын 27
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Н.Ганбаа: Маш бага зардлаар дулаалж, халаах боломжтой ЯНДАНГҮЙ монгол гэр өвлийн хамгийн тохилог сууц болох боломжтой

Сүүлийн жилүүдэд гал түлэхгүйгээр дулаан, тухтай амьдрах технологийн боломжийг олон нийтэд таниулж буй “Пассив барилгын хүрээлэн”-гийн ерөнхийлөгч, Олон улсын Барилгын зөвлөх, сургагч багш Н.Ганбаатай "Яндангүй гэр"-ийн шийдлийн талаар ярилцлаа. 


- Та өөрийн Х хуудаснаа "220 мянган галч цалингүй ажилдаа гарахдаа бэлэн үү?" гэж жиргэсэн байсан. "Яндангүй монгол гэр"-ийн шийдэл тэр 220 мянган галчдыг огт ажилгүй болгох уу? эсвэл ажлыг нь хөнгөвчлөх л шийдэл үү? 

- Тэр чигт нь ажилгүй болгох шийдэл. Яндангүй монгол гэрийн шийдэл нь пассив хаусын стандарттай адилхан гэж ойлгож болно. Хамгийн чухал зүйл нь монгол гэр яндангүй болох юм. Гэр хороололд амьдардаг хүмүүс яндангүй болоод ирэхээр ая тухгүй мэдрэмж авдаг юм шиг үндэсний соёлын нэг тал байна. Монгол гэр бол монголчуудын соёлын нэг хэсэг учир гэрээс нь салгаж болохгүй. Гэр нь өөрөө галаас салж болохгүй юм шиг сэтгэлгээ байна. 

Утааны асуудлыг заавал байшин, орон сууцаар шийднэ гэлгүйгээр дулаан монгол гэр гэдэг нэг шийдлийг гаргаж өгөх хэрэгтэй байгаа юм. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүс өглөө гэрээсээ гараад орой 4-5 цагаас эхлээд л "гэр хөлдлөө" гээд гэр рүүгээ яардаг. Тэдгээр хүмүүсийг гэр орондоо санаа зовохгүйгээр тайван ажлыг нь хийлгэж хүнд хөдөлмөрөөс нь салгах хэрэгтэй байна. Хүний эрх талаасаа нэг хүн өдөржин галтай ноцолдоод галч хийгээд сууж байгаа нь хүнд хөдөлмөр шүү дээ. 

220 мянган өрх зэрэг яндан өрдөөд ирэхээр зохимжгүй болоод байна. Соёлын хувьд шинэ түвшинд гарах хэрэгтэй болж байгаа юм. 

- Яндангүй гэрийн шийдэл бусад гал түлэхгүйгээр халааж болдог шийдлүүдээс юугаараа ялгаатай юм бэ? 

- Бидний шийдэл дулаалгаас гадна халаагууртай байх юм. Дулаан нь тэр чигтээ шууд гадагшилдаг гэр дотор халаагуур залгасан үед л халуун байж байгаад унтраахаар хөрчихдөг. Харин манай шийдэл бол гэр нь дулаан алдагдал багатай, халаагуур нь дулаан хуримтлууртай гэдгээрээ онцлог болж байгаа юм. Дулаанаа эрчим хүчний хямд төсөр үед буюу шөнийн үнэгүй тарифтай байхад нөөцлөөд авчихна. Дараа нь тус нөөцөө хэрэгцээтэй үед нь ашиглана. Эрчим хүчний зарцуулалт хамгийн бага. 

Мөн өдрийн цагаар нарны эрчим хүчээр цэнэглэж болно. Нарны эрчим хүчийг ашигласнаар төвийн эрчим хүчнээс хамааралгүй болох боломжтой болж байгаа юм. Нарны хавтангаасаа халуунаа нөөцөлнө. Тэр нь өдөржин, шөнөжин гэрийг дулаахан байлгах боломжтой. Халаагуур, гэр хоёр нь дулаанаа нөөцөлснөөр нэг авсан дулаанаа алдахгүй гэсэн үг. Гэрт үүсэж байгаа дулааныг гадагш алдахгүйгээр барих гурван технологи байгаа юм. 

  1. Сайн дулаалга
  2. Дулаан хуримтлууртай агаар сэлгэгч 
  3. Дулааны гүүргүй буюу тооно, хаалга зэргээр дулаан алдахгүйгээр дулаанаа хамгаалах 

3 давхар эсгий туурга дээвэр, 10 см шалны дулаалга, дулаан солилцууртай агаар сэлгэгч, цаасан цаваг, дулаан нөөцлүүртэй цахилгаан халаагуур, давхар тооно ингээд л утаагүй, зардалгүй болдог доо

зураг
 
`Пассив Ганбаа` цахим хаягаас авав.

- Яндангүй гэрийн туршилтыг анх хэзээ эхлүүлэв? Үр дүн ямар байсан бэ? 

- 2018 оны өвөл Ганданд нэг монгол гэрийг маш хямдхан зардлаар буюу тухайн үед хоёр сая төгрөгт багтааж дулаалсан юм. Агаар сэлгэлт, дулааны нөөцлүүр, битүүмжлэл сайтай пассив байшингийн стандартуудыг шингээхийг хичээсэн. Тухайн гэртээ би өөрөө нэг ч төгрөгийн зардал гаргалгүй, гал түлэлгүйгээр өвөлжиж үзсэн. Тус хугацаандаа Монгол Улсын Их сургуулийн лабораторитой хамтарч шал, хана, тооноороо хэдэн градус дулаан алдаж байна, гадаа температур хэд байхад дотор хэд байна зэрэг бүх датаг цуглуулж түүндээ дүгнэлт хийж үзээд боломжтой юм байна гэдгийг баталж патентаа хүртэл авчихсан байгаа юм. 

 Зуух, яндан үеэ өнгөрөөсөн учраас монгол гэрээс гарч оронд нь шинэ технологи байрыг нь авах хэрэгтэй цаг үе ирээд байна

- Дулаалга, халаалтын зардлын хувьд хэд орчим төгрөг болно гэж тооцоолсон бэ? 

- Гал түлэхгүй ч маш дулаахан байх гэрийн шийдлийг гурван сая төгрөгт багтааж хийхээр тооцоолсон. Гурван сая төгрөг их сонсогдож магадгүй ч яг сайн бодоод үзвэл нэг жилд гал түлэхэд зарцуулж буй зардал байгаа юм. Гал түлээд их өндөр зардалтай амьдарч байгаагаа бид мэдэхгүй байна. Яндангүй гэрийн шийдэл бол гадаадын ямар нэгэн бүтээгдэхүүн оруулж ирээд шахах гэсэн зүйл биш. Зүгээр л хямд төсөр аргаар хүн болгон дуурайж хийх боломжтой айл болгонд байдаг элс, тоосго, эсгий зэрэг зүйлсээр шийдчихэж байгаа юм.

- Улаанбаатар хотод монгол гэр байхгүй боллоо ч уламжилж ирсэн энэ сууцнаас Монголчууд салахгүй. Иймд галлахаас өөр гэрийн дулаалга, халаалтын технологи ярих нь зүйн хэрэг байх. 

- Монгол гэр устаж үгүй болохгүй учир ядаж хот дотор байгаа гэрийг ингэж шийднэ гэсэн стандарт гаргах хэрэгтэй байна. Зуух, яндан үеэ өнгөрөөсөн учраас монгол гэрээс гарч оронд нь шинэ технологи байрыг нь авах хэрэгтэй цаг үе ирээд байна шүү дээ. 

Түүнчлэн манай хот монгол гэрээс нэг хэсэгтээ л салахгүй юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Улаанбаатар хотыг маш том соронз гэж хэлж болно. Хот руу ирэх урсгал тасрахгүй үргэлжилсээр л байна. Зудад малаа алдсан малчид ажил хайж хот руу л ирж байгаа юм. Хотын захад нүүж ирээд хашаа хатгаж гэр бариад л яндан босгочихдог. Улсаас нүүрсийг нь үнэгүй шахуу өгчхөж байна.

Энэ байдал хэсэгтээ л тасрахгүй юм байна гэдгийг ойлгосон учраас яндангүй гэрийн шийдлээ олон нийтэд эрчимтэй таниулахаар шийдсэн юм. 

Байшин гэрээс илүү эрчим хүч зарцуулдаг. Гэрт нэг шуудай нүүрс түлдэг бол байшинд 1.5 шуудай нүүрс түлж байна. Харин монгол гэрийг маш бага зардлаар дулаалах, бага цахилгаанаар халаах боломжтой. Шилжилтийн тодорхой хугацаанд өвлийн хамгийн тохилог сууц болох боломж байгаа юм. Энэ талаас нь харвал арай өөр байх болов уу. 

Гудамжаараа дор хаяж 10 айл гал түлэхгүй, цахилгаандаа нэг төгрөг ч зарцуулахгүйгээр өвөлжөөд үзүүлчих хэрэгтэй байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Яндангүй, өндөр зардалгүй гэрийг айл болгон сонирхож итгэл үнэмшилтэй болохын тулд тодорхой жишээнүүд хэрэгтэй байх тийм үү? 

- Улаанбаатар хотод өнөөдөр "Гал унтраах" шийдэл шаардлагатай байна. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүс ая тухаа алдахгүйгээр дулаан өвөлжих технологийн шийдэл нь байна шүү дээ. Ашиглаж үзэх л хэрэгтэй байна. Яндангүй гэрийн шийдлийг зөв нутагшуулж, төгс боловсруулах шаардлагатай байгаа учраас бид энэ жил олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтраад олон жишээг хийх болно. Эхнээсээ хийгээд эхэлчихсэн явж байна. Тус жишээнүүд дээр үндэслээд дараа дараагийн жилүүдэд нь улам сайжруулаад явна. 

Олон улсын байгууллагууд маш их анхаарлаа хандуулж бидэнтэй холбогдож байна. Бид бол ашгийн бус төрийн бус байгууллага учраас энэ санаагаа маш хурдтай түгээх л төлөвлөгөөтэй байна. Ганцхан айлд биш дор хаяж дараалсан 10 айлыг яндангүй болгоё гэсэн саналыг дэвшүүлж байгаа юм. Учир нь нэг айл яндангүй болсон ч ойр орчмынх нь айлууд яндантайгаа байхаар тус орчмын агаарын өөрчлөлт харагдахгүй байгаа юм. Иймд гудамжаараа нийлээд дор хаяж 10 айл манай төсөлд хамрагдъя гэх юм бол олон улсын донор байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэхэд бэлэн байна. 

10 айл өвөлдөө гал түлэхгүй, цахилгаандаа нэг төгрөг ч зарцуулахгүйгээр өвөлжөөд үзүүлчих хэрэгтэй байна. Өвөл бид тэдгээр айлдаа байнга очиж хэмжилт хийж олон нийтэд сурталчлах ажлаа хийх юм. 

- Төр засгийн зүгээс агаарын бохирдлын асуудалд ямар шийдэл гаргаасай гэж боддог вэ? Утаагүй зуух, шахмал түлш зэрэг шийдлүүдийг шийдвэр гаргагч нар болоод байгаа юм шиг ярьж байгаа ч гэр хороололд өдөрт олон галладаг, утаа тортог гардаг хэвээрээ л байгаа гэдгийг яг орчинд нь амьдарч буй хүн бүр л мэдэж, мэдэрч байгаа шүү дээ. 

Манай Улс бүх амьдралаа дэнчин тавьчихсан, дээсэн дөрөөн дээр яг тогтворгүй хөгжил дээрээ явж байна шүү дээ. Монголчууд уг нь анхнаасаа маш тогтвортой амьдарч ирсэн хүмүүс. Эсгий, модон гэр бол хамгийн тогтвортой барилгын хэлбэр юм. Хаягдал гардаггүй, хониныхоо эсгийгээр гэрээ дулаалчихдаг, модон гэрээ хураагаад аваад явчихдаг. Энэ хэв маягийг олон улс их шохоорхож байна. Одоо монгол гэр бохирдолгүй л болох хэрэгтэй байнаМонгол хүн монгол гэрээ зөв дулаалаад гал түлэхгүйгээр амьдарч чадвал тогтвортой хөгжил болж байгаа юм. 

Утааг бууруулна гэх нэрийдлээр нүүрсэнд 1.1 их наяд төгрөгийг зарцуулсан ч юу үлдэв? Эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс, навсайсан хар хот л байна шүү дээ. Нүүрсэн дээр гаргаж байгаа шийдлээ болиод өгөөч ээ л гэж хэлмээр байна. Улаанбаатар хотынхоо голд том нүүрсний бутлуурын цех тавьчхаад энэ бүх айлуудыг бохир нүүрсээр хангаж ажиллаж байгаа бодлого бол яав ч зөв биш. 

Шинэ технологийн дэвшлүүд рүү анхаарч эрс эсрэг тийшээ явах хэрэгтэй байна. Одоогийн шийдэл бол төгсгөл нь харагдахгүй, улам л гүнзгийрээд л байна шүү дээ. Түлшний хэрэглээ улам ихсэж, утаа улам өтгөрч, ядуурал нэмэгдсээр байгаа нь бодлого буруу байгааг л харуулж байна. Алгын чинээ газар дээр 200, 300 мянган гэр овоолчхоод утаад сууж байгаа нь бодлогын алдаа. Өчнөөн олон жил гал түлүүлж түлш, зуухаа сайжруулна гэж явсаар байгаад сансрын тоо шатааж хаячхаад үр дүн алга байна. Иймд бодлогоо эргэж хараач ээ л гэж хүсэх байна даа. 

Гэрийн бүх дулааны 50 хувь нь шалаар алдагддаг 

/2018 онд барьсан туршилтын пассив гэрийн шалны дулаалга/

- Одоо хүйт ороод хүмүүс яг гэрээ дулаалж эхэлж байна. Ер нь монгол гэрт амьдардаг хүмүүс гэрээ дулаалахдаа гаргаж буй нийтлэг алдаа нь юу байна вэ?

- Шалаа дулаалахгүй байна. Дор хаяж 5 см бүр сайн дулаална гэвэл 10 см дулаалах хэрэгтэй. Дулаан буурьтай болж байж гэрээ барих хэрэгтэй. Шалнаасаа дулаан алдаж байгаа гэр хэзээ ч дулаахан байхгүй. Гадна хөрс хүйтэн байгаа учраас гэр нэг ч хонохгүй хөлдчихдөг. Шал нь доороо дулаалга хийнэ гэдэг чинь бараг гэрт амьдарч байгаа хүний үүрэг байх ёстой юм. Шалаа дулаалчих юм бол амьдрал шал өөр болно. Доороос хайрч, ус хөлдөхөө болино. Гэр маш хурдан халж, хамаагүй тухтай болно. Гэрийн бүх дулааны 50 хувь нь шалаар алдагдаж байдаг. 

Нэг удаадаа шалаа дулаалчихвал дараа өвөл нь туурга, дээвэр гээд дулаалаад явна шүү дээ. Хамгийн шулуухан арга бол яндангаа буулгах. Энэ жил бид олон нийтэд зориулж үзүүлэнгийн гэр барьж аргачлалыг нь харуулна. Зөвхөн гэр гэлтгүйгээр цаашид байшингаа яаж дулаалах зэрэг бүх технологиудыг бид олон нийтэд нээлттэй үзүүлэхээр төлөвлөж байна. 

- Ярилцсанд баярлалаа. 

- Баярлалаа.