Зураг
Зураг
Индэр    
2024 оны 4 сарын 30
Зураг
Эдийн засагч

Эдийн засгийн өсөлт: Нөү хау

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Яг яавал эдийн засаг хурдан өсдөг тухай, юу хамгийн чухал болох тухай олон ч онол гарсан, олон ч эдийн засагч судалсан. Гэвч онол, судалгааг бодит хөрсөн дээр цэгцтэй бодлого болгон амжилттай хэрэгжүүлж чадсан улс орон асар цөөн. Яагаад гэхээр өсөлт гэдэг зөвхөн эдийн засгаас шалтгаалдаг биш, улс төр, нийгэм, төрийн байгууллагууд гээд өөр бусад талаас хамаардаг учраас тэр л дээ. Жишээ нь урд хөрш Хятад улсын сүүлийн 50 жилийн гялалзсан өсөлт, хөгжлийг тайлбарласан олон судалгаа, ном, товхимол байдаг ч аль нь хамгийн зөв болохыг бат нот тайлбарлаж, нэгтгэн дүгнэсэн бүтээл одоо хүртэл гаргаагүй л байна.

Өсөлт чухал хэдий ч эдийн засгийг хэт өндөр хувиар өсгөх нь ч бас эрүүл үзэгдэл биш, цаашдаа олон эрсдэл дагуулдаг. Огцом өсөөд огцом буурч савлаад байх нь мэдээж зөв биш. Тэгэхээр өсөлт хэдэн хувьтай байвал хамгийн боломжит вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Эдийн засагч Д.Ган-Очир судалгаа хийж, Монгол Улсын потенциал өндөр өсөлт 5-6 хувь байна гэсэн дүгнэлт гаргасан нь нэлээд бодитой санагддаг.

Эдийн засгийн тогтвортой өсөлтөд нөлөөлөх хүчин зүйл юу вэ?

Хэдийгээр олон талаас шалтгаалдаг ч эдийн засгийн өсөлт аль хүчин зүйлээс хамгийн өндөр хамааралтай байгааг Эдийн засгийн цогц байдлын индексээр хэмждэг бөгөөд ингэж үзэхэд хамгийн гол үзүүлэлт нь НӨҮ ХАУ буюу сурц болж байна. 

ГРАФИК. ЭДИЙН ЗАСГИЙН ЦОГЦ БАЙДЛЫН ИНДЕКС

зураг
 

Эх сурвалж: AtlasOfEconomicComplexity_Part_I - page 28 - Figure 3.2

Нөү хау бол эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй гурван төрлийн мэдлэг байдгийн нэг нь юм. 

  • Кодлогдсон мэдлэг
  • Багаж, тоног төхөөрөмж
  • Сурц буюу нөү хау (know-how)

Кодлогдсон мэдлэг гэж цаасан дээр буулгаж болж байгаа зүйлийг хэлнэ. Математик болон химийн томьёо, барилгын зураг, утга зохиолын бүтээл зэрэг нь кодлогдсон мэдлэгийн жишээ юм. 

Хоёр дахь нь багаж, тоног төхөөрөмжийн мэдлэг. Хүмүүс багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн хийдгийг мэддэггүй атлаа ашиглаж чаддаг. Тухайлбал, Монгол Улс гар утас огт үйлдвэрлэдэггүй. Гэвч хүн бүр гар утас хэрэглэдэг. Багаж, тоног төхөөрөмжийн мэдлэгт үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан станцын уурын зуух, оёдлын машин, тариан талбайн комбайн, трактор зэрэг багтана. Дээрх хоёр мэдлэгийг бид гадаадаас худалдаж аваад Монгол Улс руу 1-2 долоо хоног, тээвэр, ложистикийн гацаа үүссэн байлаа гэхэд хоёр сарын дараа ч оруулаад ирэх боломжтой.

Харин гурав дахь төрлийн мэдлэг болох нөү хауг худалдаж авах боломжгүй. Нөү хауг шүдний эмчийн жишээгээр тайлбарлая. Таныг шүдний эмчийн судалдаг номыг уншчихаад, ашигладаг аппаратаар нь хэн нэгний өвдсөн шүдийг эмчил гэвэл чадах уу. Мэдээж чадахгүй.

Нөү хау бол маш олон давтамжтай дадлага, туршлагын үр дүнд хүний толгойд үлдэх мэдлэг юм. Энэхүү мэдлэг нь дан ганц шүдний эмч гэлтгүй салбар бүрд бий. Сайн малчин гэхэд аль нутагт малаа оторлож тарга тэвээрэг авхуулах, хаана өвөлжөөгөө барих гэх мэт төрөл бүрийн нөү хауг эзэмшсэн байдаг.

Малчин, оффисын ажилтны хэн нь илүү нөү хаутай вэ?

Малчид малаа хариулна, цагаан идээгээ боловсруулна. Шаардлагатай бол гэрийн унины мод урлаж, эсгийгээ хийнэ. Өөрсдийн гараар голдуу малын гаралтай түүхий эд ашиглан орон гэр барих материалыг бараг бүрэн бэлдчихдэг. Цаашлаад малын хашаа саравчаа босгоно, өвс тэжээлийг нь хадна гэх мэтчилэн бусдаас хамааралгүй амьдрах боломжтой.

Харин оффисын ажилтан тийм биш. Бусад зүйлээс хараат байдаг. Тухайлбал, график дизайнер хүн фотошоп зэрэг программуудыг ашигладаг анимейшн хийх чадвартай ч олсон мөнгөөрөө бүхий л үйлчилгээг бусдаас худалдан авдаг.

Үнэн хэрэгтээ энд малчин, оффисын ажилтан хоёрын хэн нь илүү нөү хаутай вэ гэдгийг дэнсэн дээр тавьж эцсийн хариулт өгөхийг хүссэнгүй. Малчин хүн амьдрах орчноо бүрдүүлэх олон зүйлийг өөрөө хийх боломжтой, харин оффисын ажилтан ингэж чадахгүй гэсэн ялгаа харагдаж байгаа биз. Энэ нь сүүлийн 200 гаруй жилд хүн төрөлхтний мэдлэг тэлж, хөдөлмөрийн төрөлжилт явагдан, сурц буюу нөү хау ажлын хуваарилалтаар дамжин улам гүнзгийрснийг харуулж байгаа юм.

21 дүгээр зуунд хүн төрөлхтөн мэдлэгийг хэрхэн хадгалж буй болон хадгалж ирсэн талаар авч үзье. Хоёр зуун жилийн өмнөх хүмүүсийг бодвол өнөөгийн үеийнхний мэдлэгийн хэмжээс хэдэн сая дахин нэмэгдсэн.

Үүнийг Харвардын их сургуулиар жишээлж харъя. Тус сургуулийг 1636 онд байгуулсан. Тухайн үед хичээлийн хоёр байшинд сургалтын бүх үйл ажиллагаагаа явуулж, дөрвөн жилийн хугацаанд оюутнуудад мэдлэг олгон төгсгөж байв. Хүн төрөлхтний мэдлэг хэдэн сая дахин нэмэгдсэн ч Харвард оюутнуудаа дөрвөн жил сурган төгсгөсөн хэвээр байна. Оюутны хотхоны хэмжээ нь хэдэн сая байтугай арав дахин ч тэлээгүй юм. Харин Харвардад суралцах салбарууд хэдэн арав дахин нэмэгджээ. Тухайлбал, статистик, түүх, уран зохиол, математик, биологи, философи, физик, антропологи, хими, нийгмийн ухаан, социологи гэх мэт дор хаяж тавин төрлийн чиглэлээр тэнд суралцах боломжтой. Нөү хау буюу бидний гурав дахь төрлийн мэдлэг ингэж олон салбарладаг.
Бидний жишээ татсан график дизайнер залуу талхаа заавал өөрөө барих шаардлага алга. Үйлдвэрийн талх дэлгүүрээс авчхаж байна. Түүнчлэн орон гэрээ барих материалаа өөрөө хийх шаардлагагүй. Ипотекийн зээлд хамрагдаад орон сууцанд орчихно. Тэгэхээр малчин болон график дизайнер залуугийн мэдлэгүүд өөр төрлийнх байгаа биз.

Хамтын сурц буюу хамтын нөү хау

Онгоцоор нисэхэд зөвхөн нисгэгч хангалттай юу. Мэдээж хангалтгүй. Онгоцоор зорчихын тулд нисэхийн баг бүрэлдэхүүн, туслах нисгэгч, засвар үйлчилгээний ажилтан, үйлчлэгч, аюулгүй ажиллагааг хангагч зэрэг олон хүн шаардлагатай. Тэгэхээр дан ганц онгоцны нисгэгч байснаар нисэхийн салбар хөгжихгүй юм.
Манай улсад дээрх баг хамт олон байдаг учраас дотоодод болон олон улсад нислэг үйлдэж, агаарын тээврийг хөгжүүлж байна. Үүн шиг нэг хүн, эсвэл нэг төрлийн мэдлэгтэй хүмүүс хийх боломжгүй, зөвхөн багаар хийх боломжтой зүйлийг хамтын нөү хау гэж нэрлэдэг. Харин тахианы махны үйлдвэрийн ажилчид тахианы мөч хэсгийг өвчөөд, жинлээд, хайрцаглах нэг төрлийн үйлдлийг давтан хийдэг. Тэгэхээр энд хэдэн мянган хүн ажилласан ч яг нэг төрлийн нөү хаутай байна гэсэн үг.

Тэгвэл симфони найрал хөгжим тоглоход хөгжмийн зэмсэг бүрээр өөр нот тоглох шаардлагатай. Энэ нь хамтын нөү хау шаардсан ажил юм.

Эцэст нь базаад хэлэхэд эдийн засгаа өсгөе гэвэл, тэр тусмаа байнга тогтвортой өсөлт авчиръя гэвэл бидэнд нөү хау, тэр дундаа ХАМТЫН НӨҮ ХАУ эзэмших явдал нэн чухал ажгуу. Энэ талаар дараа дараагийн нийтлэлдээ онцолсоор байх болно.