Зураг
Зураг
Индэр    
2024 оны 4 сарын 19
Зураг
Эдийн засагч

Монгол Улс хөгжсөн үү: Дөрвөн хэмжээс

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бие даан хөгжихийн тулд манай улс цоо шинэ тоглоомын дүрэм сонгож аваад 30 гаруй жил болжээ.

Тэгвэл өнөөдөр нэг асуулт байна, бид шинэ замаар замнаад хэр хөгжсөн бэ? Зарим хүн нийтээрээ тарчиг байсан үеийг бодвол одоо хавьгүй илүү сонголттой болсон учраас бид хөгжсөн гэж үзэж байхад нөгөө хэсэг нь ийм их ядууралтай байж юун хөгжих, улам дордсон гэж мэтгэх нь ч бий.

Тэгвэл, ер нь хөгжсөн эсэхийг яаж мэдэх вэ, юугаар хэмждэг вэ? Өдгөө олон улсад хөгжлийг дөрвөн зүйлээр тодорхойлж, хэмжиж байна.

  • Иргэд баяжсан уу буюу эдийн засгийн хэмжээс,
  • Дүрмээрээ тоглож байна уу буюу улс төрийн хэмжээс,
  • Тэгш боломж бий юу буюу нийгмийн хэмжээс,
  • Нийтийн асуудлыг шийдэж чадаж байна уу буюу төрийн чадамжийн хэмжээс юм.

Иргэд баяжсан уу буюу эдийн засгийн хэмжээс

Эдийн засгийн хэмжээсийг өрхийн түвшинд тайлбарлая л даа.

Нэг айлын орлого өсөж байна уу, буурч байна уу, тэр айлын бодит орлого амьжиргааны түвшинтэй харьцуулахад хэр байна гэдгээс харагдана. Хүмүүс ажил хийж орлоготой болно гэдэг нь тэдний бүтээмж өсөж буй хэрэг. Айл бүрд ажилгүй хүн нь ажилтай болж тэр айлын орлого бүтээмж нэмэгдвэл өргөн хүрээнд эдийн засгийн хэмжээсээр улс орон хөгжиж байна гэж үздэг.

Манай улс эдийн засгаа их хэмжээгээр тэлэх тусам энэхүү хэмжээсээр илүү хурдтай хөгжиж байна гэж ойлгох хэрэгтэй.

Дүрмээрээ тоглож байна уу буюу улс төрийн хэмжээс

Улс төрийн хэмжээсийг тухайн улсад эрх мэдэл хэрхэн шилжиж, Засгийн газар болон парламент нь ард иргэдийнхээ хүсэл эрмэлзэл, эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэр зэрэг ажиллаж байгаагаар тодорхойлдог. Дэлхийн 193 улсыг энэ хэмжээсээр үнэлж, хамгийн сайнаас нь мууг нь хүртэл эрэмбэлбэл сонирхолтой жагсаалт гарна.

Жишээлбэл, Хойд Солонгост улс төрийн эрх мэдэл хэрхэн шилжиж байна вэ. Тус улсад чөлөөт сонгууль болж, эрх мэдэл нэгээс нөгөө намд шилжиж байна уу гэвэл үгүй. БНАСАУ-ыг удирдах эрх мэдлийг 1948 оноос хойш Ким Ир Сений гэр бүл удам дамжуулан эдэлж байна. Эрх мэдэл шилжих явц бүх улсад ардчилсан сонгуулиар дамждаггүйн жишээ Хойд Солонгос юм. Эрх мэдлийг дамжуулах өөр уламжлалт хэлбэрийн жишээгээр шашны шугамаар хойд дүр тодруулах аргыг нэрлэж болно.

Эрх баригчид иргэдийн дуу хоолойг хэр сонсож, хүсэл эрмэлзлийг яаж төлөөлж байгаагаар тухайн орны улс төрийн тогтолцооны системийг дүгнэж болно. Монгол Улс 1990 онд улс төрийн ардчилсан тогтолцоог сонгосон. “Ардчилал бол засаглалын төгс хэлбэр биш. Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүүг бодож олж чадаагүй байна” гэсэн алдарт Уинстон Черчиллийн хэлсэн үгийг бид бүгд мэддэг болжээ. Улс төрийн хэмжээсээр тухайн орны хөгжлийг хэмжиж үзвэл Самоли, Хойд Солонгос зэрэг хойгуур, харин Дани, Норвеги зэрэг ардчилал өндөр хөгжсөн нь эхний байруудад эрэмбэлэгдэнэ.

Тэгвэл Монгол Улс төрийн хэмжээсээр хаана явж байна вэ. НҮБ-ын гишүүн 193 орны 164 нь ардчилсан улс байдаг. Ардчилсан орнууд нь сайн, муу, ямар нэг байдлаар иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг төлөөлдөг гэж үздэг. Сүүлийн 30 жилд монголчууд сонгууль хийж, үр дүн нь тулгуурлан, төрийн эрх барих мэдлийг нэгээс нөгөө намд ямар нэг эсэргүүцэлгүй, нийгэмд хүчирхийлэл гаралгүйгээр шилжүүлж ирсэн. Энэ бол бидний хувьд том амжилт. Иймээс улс төрийн хэмжээсээр Монгол Улс ахиж явна. Одоогийн сонгуулийн тогтолцоонд тодорхой гажуудлууд гарч буй учраас манай улсад ардчилал төгс оршиж байгаа гэж хэлэхгүй. Тиймээс цаашид сонгуулийн гажуудлыг засах, тэр дундаа мөнгөний нөлөөллийг иргэдийн амьжиргаа, цалин орлогыг нэмэгдүүлэх замаар арилгавал Монголын ардчилал улам бэхжих болно.

Тэгш боломж бий юу буюу нийгмийн хэмжээс

Тухайн нийгэмд ямар гэр бүлд төрснөөс үл хамаарч хүн бүр байгалиас өгөгдсөн потенциалаа ашиглах тэнцүү боломжтой байх тусам улс орон нийгмийн хэмжээсээр хөгжиж байна гэж үздэг. Үүнийг тодорхой тайлбарлахын тулд Улаанбаатар хотын Зайсан дахь орон сууцны тансаг хороололд амьдардаг охин, Долоон буудлын гэр хорооллын хөвгүүнээр жишээ авъя. Охиныг Цэцэгээ, хөвгүүнийг Батаа гэж нэрлэе. Улаанбаатарт өнөөдөр Зайсанд амьдарч буй бүсгүй, Долоон буудлын залуу хоёр гэр бүл болж буй тохиолдол бий болов уу. Хэдийгээр хайр сохор гэж ярьдаг ч амьдрал дээр орчин, хүрээлэл, аав, ээжийн нөлөө зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй байдаг.

Хайр дурлалын тухай дахин эш татахаас өмнө манай нийгэмд аль хэдийн тулгарсан зарим асуудлыг хөндөж, хариулт авцгаая. Зайсанд суралцаж буй Цэцэгээ, Долоон буудлын улсын сургуульд суралцдаг Батаа хоёрын хэн нь дунд сургуулиа төгсөхдөө Англи хэлээр чөлөөтэй ярьж чаддаг болсон байх вэ. Эсвэл тэд дунд сургуульд байхдаа хоёул усанд сэлж сурсан байх болов уу.

Долоон буудлын хүүхдүүд сурдаг ерөнхий боловсролын 35 дугаар бүрэн дунд сургуулийн англи хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 2021 онд 463 байна. Харин Зайсанд байрлах “American School” сургуулийн англи хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 706.

Мөн Зайсанд байрлах ерөнхий боловсролын 32 дугаар бүрэн дунд сургуулийн англи хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 522 байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн 129 сургуулийн 28 нь Хан-Уул дүүрэгт байрладаг. Ингэхээр Зайсанд амьдарч буй “Цэцэгээ”-нүүдийн олонх нь Англи хэлээр чөлөөтэй харилцаж сураад дунд сургуулиа төгсөж буй болов уу. Харин дээрх онооноос харахад “Батаа”-нууд маань дунд сургуулиа англи хэлээр тааруу ойлгодог, сайн ярьж чадахгүй төгсөж байгаа нь ойлгомжтой.

Усанд сэлж сурсан байх болов уу гэсэн асуултад хариулт хайя. Сүхбаатар дүүрэгт усан бассейн ес байдаг. Гэвч Долоон буудлаас таван километрийн тойрогт усан бассейн нэг ч алга. Харин Хан-Уул дүүрэгт “Орчлон” сургууль, “Ривер Гарден”, “Будда Виста” хотхон, “Си Си клуб” зэрэг усан бассейнтай газар олон. Усан бассейнд явах жилийн төлбөр багадаа нэг сая таван зуун мянган төгрөг байдаг. Долоон буудлын олон гэр бүлд хүүхдээ сард зуу гаруй мянган төгрөг төлөөд усан бассейн явуулах боломж байхгүй. Тэгэхээр олон “Батаа”-д сэлж сурах боломж байхгүй нь.

Мэдээжийн хэрэг сэлээд сурчихвал Батаа, Цэцэгээ хоёрын орчин ижилсэнэ гэсэн санааг энд илэрхийлэх гэсэнгүй. Харин “Батаа”-нуудад олон боломж, бололцоо хаалттай байгааг илэрхийлэхийг хичээлээ. Өсөж торнисон орчин нь ялгаатай учраас Зайсангийн бүсгүй, Долоон буудлын залуу хоёр хоорондоо хайр сэтгэлтэй болох магадлал бага болов уу. Хамтдаа англи хэл дээр кино үзлээ гэж төсөөлье. Нэг нь шууд ойлгож, нөгөөд нь орчуулга зайлшгүй хэрэгтэй болох вий.

Та бидний хэн нь ч улс орон, газар нутаг, аав, ээжийгээ сонгож төрдөггүй. “Google Map” дээр хэмжихэд Зайсан толгойгоос Долоон буудлын автобусны буудал хүртэл ердөө 10.5 километр зайтай байлаа. Ердөө 10.5 км наана, цаана төрөхөд, ерөнхий боловсрол эзэмшихэд, тухайн хүн өөрт байгалиас заяасан потенциалдаа хүрч ажиллаж, амьдрахад ийм ялгаатай түвшнээс эхэлж байна.

Энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй, амьдралын нөхцөлөөр нь ялгаварлан гадуурхах санаа агуулсангүй. Олон нийт мэддэг ч ил ярьдаггүй, сэдвийг л хөндлөө.

Аливаа улсын нийгмийн хэмжээсийг хөгжүүлэх нь Батаа, Цэцгээ хоёрын хоорондох амьдралын боломжийн зөрүүг арилгах явдал юм. Энэхүү зөрүү нэмэгдэж байвал нийгмийн хэмжээсээр тухайн улс ухарч байна гэсэн үг.

Нийтийн асуудлыг шийдэж чадаж байна уу буюу төр, захиргааны чадамжийн хэмжээс

Энэ бол улс төрийн тухай биш төрийн албаны тухай ойлголт юм. Энэ хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэйг онцолъё. Төрийн чадамж нэмэгдэх тусам төрийн алба илүү өргөн хүрээний, нэлээд ээдрээтэй, маргаан дагуулсан асуудлыг барьж авч шийдвэрлэх чадавхтай болдог. Төрийн чадамж сайжирч байгаа нөхцөлд энэ хэмжээсээр улс орон хөгжиж байна гэж үздэг юм. Харин муудаж байгаа үед энэ улс орон уруудан доройтож байна гэж үзнэ.

Харвардын Их Сургуулийн профессор асан Лант Притчетт улс орнуудын төрийн чадамж хэрхэн өөрчлөгдөж буй талаар судалгаа хийсэн байдаг. Эл судалгааны үр дүнд 130-аад орныг дараах дөрвөн ангилалд хуваасан байна. Үүнд:

  • Төрийн чадамж нь хурдтай нэмэгдэж байгаа,
  • Төрийн чадамж нь нэмэгдэж байгаа,
  • Төрийн чадамж нь буурч байгаа,
  • Төрийн чадамж нь хурдтай буурч байгаа.

1996-2012 оны хооронд Монгол Улсын төрийн чадамж хурдтай бууж байгаа гэсэн ангилалд оржээ (Притчетт, Эндрьюс, & Вүүлкок, 2022). Аливаа улс орны дээрх дөрвөн хэмжээсийн зарим нь өсөж, зарим нь буурах боломжтой.

Эцэст нь хэлэхэд иргэн бүр ажилтай орлоготой, тэгш боломжоор хангагдсан, сонгох сонгогдох эрхээ эдэлж чаддаг, төрийн алба нь тулгамдсан асуудлыг шийдэх чадамжтай байхад аливаа улс аяндаа хөгжин дэвших нигууртай ажээ. Дээрх дөрвөн хэмжээсээр уншигч та бүхэн өөрсдөө хэмжин шалгаад нэгийг тунгаан бодох буй за.