Монгол, БНХАУ, Япон улсуудаар албан ёсны айлчлал хийх гэж байгаа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр тухайн улсуудын хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж зарим асуултанд хариулсан байна.
Тэрээр Монгол улстай холбоотой асуултуудад хариулахдаа хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, ирээдүйн хөгжлийн боломж, “Торгоны замын” хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр ярьжээ.
Харин Монголын сэтгүүлчийн асуусан “Монгол, Орос улсуудын өмнө геополитикийн ямар сорилтууд тулгарч байна вэ?” гэсэн асуултанд хэрхэн хариулсан нь сонирхол татлаа.
Уг асуултад ноён Лавров хариулахдаа: “Газар нутгийн байрлал, хэмжээнээсээ хамаараад ОХУ-д тулгарч байгаа геополитикийн асуудлууд нь Монголынхоос хавьгүй их.
Та нарын өөрсдөө ярьдагчлан Монгол улсад Орос, Хятад гэсэн хоёр том хөрш бий. Сүүлийн жилүүдэд Орос, Хятад, Монголын удирдагч нарын гурван талт уулзалтын механизм бий болоод байгаа нь маш чухал.
Бусад түвшинд ч асуудлыг шийдэхэд ийм яриа хэлэлцээрийн практик хэрэгжиж эхэлж байна. Миний харж байгаагаар геополитикийн асуудал бүгдийн хувьд ижил, терроризм, мансууруулах бодис, бусад үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн хэлбэрүүд, экологи зэрэг улс орны тогтвортой хөгжилд шинээр тулгарч байгаа сорилт, аюул заналууд байна.
Үүнээс гадна аливаа улс орны тогтвортой хөгжлийг хангахад дотоод асуудлаа зөвхөн өөрийн дүрэм журам, үндсэн хуулийн хүрээнд, улс төрийн бүх талуудын оролцоотой шийдвэрлэдэг байх, хэн ч гаднаас дотоод хэрэгт нь оролцдоггүй байх ёстой. Харамсалтай нь олон улсын практикт бусдын дотоод хэрэгт нөлөөлөх гэсэн оролдлого арилахгүй байна.
Найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэг явдалд гадны сөрөг нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ (хятад нөхдийнхөө өмнөөс хэлэхэд болох байх) улсууд бүгдийг хийх болно” гэжээ.
Эх сурвалж: MID.RU
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!