Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Иран Америкийн эсрэг үзэл суртлын том ялалт байгуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Америкийн усан флотийн хоёр завь хил зөрчсөн шалтгаанаар Иранчуудад олзлогдсон юм.

Олзлогдсон 10 усан цэрэг санамсаргүй хил зөрчсөндөө Иранаас уучлал гуйсан тул өчигдөр өглөө тэднийг завьтай нь тавьж явуулжээ. Үүнээс өмнө Ираны Хувьсгалт Гвардийнхан цэргүүдээс ярилцлага авч байгаа бичлэг Ираны төв телевизээр цацагдсан байна.

Бичлэг дээр ярилцлага өгсөн усан цэрэг хил зөрчсөндөө уучлал гуйж, завьны GPS систем хил зөрчсөнийг мэдээлж байсан гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

Мөн Америк цэргүүдийг сөхрүүлэн суулгасан байгаа бичлэг цацагдсан байна.

Ингэснээрээ Ираны Хувьсгалт Гварди өөрийн хүч чадлаа харуулж, Америкчуудыг сул дорой харагдуулан үзэл суртлын том ялалт байгууллаа хэмээн ажиглагчид дүгнэжээ.

Өчигдөр Пентагон есөн эрэгтэй, нэг эмэгтэй усан цэрэг ямар нэг осол эндэлгүйгээр эргэж ирснийг мэдээлсэн байна. Ираны тал Америк цэргүүдийг олзолсныхоо дараа Вашингтоны эрх баригчдаас уучлал гуйхыг шаардаж байсан юм. Харин төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өөрийнх нь завьнууд техникийн шалтгаанаар санамсаргүй Ираны хилийг зөрчсөн тул уучлал гуйх шалтгаан байхгүй гэжээ.

Ираны тал ч эхэн үед Америкчуудыг тагнуулын ажиллагаа явуулсан хэмээн мэдэгдэж байсан бол сүүлдээ санамсаргүй тохиолдол гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн байна.

Хэдийгээр хоёр тал хэл амаа ололцож, дахин ийм алдаа гаргахгүй байхаар тохирсон ч эцсийн дүндээ Иранчууд хожлоо хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Эх сурвалж: Business Insider