Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс өрсөлдөөнд бэлэн үү?

Б.Цэцэгсүрэн
2015 оны 4 сарын 10
ӨНӨӨДӨР
Зураг зураг
Гэрэл зургийг \mpa.mn\

“Coal Mongolia 2015” олон улсын чуулга уулзалт өчигдөр эхэллээ. "Хар алтны салбарт хөрөнгө оруулагчдын" гэх тодотгол энэ чуулганыг ямагт дагаж ирсэн боловч энэ жилийн хувьд эл чимэг хэтэрхий гангадах мэт санагдана.

Танхимд цугласан гадаадын хөрөнгө оруулагчдыг тоолж болохуйц цөөн байв. Хэлэлцэж буй сэдвийн далайц ч хумигдаж, хүнд үеийг хэрхэн даван туулахыг л чухалчилжээ. 

Томчуудаас нь эхэлж тоочвол, Таван Толгойн уурхайд хөрөнгө оруулахаар зэхэж буй Хятадын “China Shenhua Energy” компанийн төлөөлөгчид чуулганд оролцохоор аль эрт бүртгүүлээд байсан ч гэрээг нь УИХ хэлэлцэхээр татсан тэр үдэш энд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байх юм.

БНХАУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун “Coal Mongolia 2015”-д оролцох урилгыг хүлээн авсан хэмээн эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар тодотгосон боловч өчигдөр хүрэлцэн ирээгүй. Харин “Sumitomo’’-гийн бие төлөөлөгчид энд хүрэлцэн ирсэн нь харагдсан. Уул уурхайн тоног төхөөрөмжийн голдуу, гадаадын цөөн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл л энэ жилийн “Coal Mongolia”-г тоожээ.

Товчоор хэлбэл, Монголын нүүрс мөнхийн сонирхол биш гэдгийг энэ удаагийн чуулган нотоллоо.  Энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын компаниуд үүдээ барьсан, үйл ажиллагааны зардлаа хумихаар цомхотгосон мэдээлэл өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд цахим ертөнцөөр тасраагүй.

Нүүрсний нүсэр зах зээлийн ашиг, орлогын далайц багассаар байгаа учраас тэр. Эх орноороо жишээлэн тайлбарлая. Монгол Улс өмнөх жилүүдэд нүүрсний салбараас өндөр үзүүлэлт хүлээж, өөдрөгөөр төсөөлж ирсэн.

Харин өнөө жил төсөв хийгээд төлбөр тооцоонд “даруу” үзүүлэлтүүд зонхилжээ. Уул уурхайн компаниуд энэ онд уулын ажлын төлөвлөгөөгөө 14.4 хувиар бууруулсан. 21.1 сая тонн нүүрс олборлож, 15 саяыг нь экспортолно гэж тэд төлөвлөсөн байх юм.

Экспортын хэмжээ ийн 23 хувиар буурснаар, нүүрсний салбараас цутгах төсвийн орлого ч хумигдаж, 133 тэрбум төгрөг болж дундарчээ. Байгалийн баялагтай орнууд санхүүгийн капиталыг бусдаас сорж авах бололцоог олгодог суперцикл өндөрлөснийг шинэ он гарснаас хойш бид олонтаа сонсож байгаа.

Тэгвэл энэ шинэ хэмнэлд 173.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, Азийн Кувейт болох ирээдүйтэй Монгол Улс яаж зохицох вэ?

Нүүрсний нүсэр зах зээлийн ашиг, орлогын далайц багассаар байгаа учраас тэр. 

“Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хамгийн том асуудал бол төмөр зам” хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид тайлбарлав.

Экспортолсон гурван тонн нүүрс тутмын нэгийг нь нийлүүлдэг “Energy Resources” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл түүнийг батлан өгүүлж, хилийн чанад дахь хэрэглэгчдэд нүүрсээ хүргэж өгөх шаардлага сүүлийн үед үүсээд байгааг учирлалаа. Өнгөрсөн жилийн байдлаар Ухаахудагийн уурхайгаас нэг тонн нүүрсийг олборлоод, Тяньжиний боомтод хүргэхэд 127 ам.доллар зарцуулж байжээ.

Харин зах зээлд нэг тонн нүүрсний үнэ 100 ам.долларт дөнгөн данган хүрч байгаа. Хятадын нутгийн гүний, далайн эргээ түшин байрласан төмөрлөгийн үйлдвэрүүдэд нүүрс хүргэхэд ямар ч ашиггүй, монголчууд ямагт алдагдал хүлээнэ. Төмөр замын дотоод сүлжээг нэн даруй байгуулах, улмаар өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр байгуулсан түүхэн гэрээнүүдээ нэн даруй ажил хэрэг болгох шаардлага үүсээд байгаа гэдэгт оролцогчид санал нэгдэж байлаа.

Ийм давуу талуудыг бүрдүүлэхгүй бол нүүрсээ дэлхийн бусад орнуудаас өндөр өртгөөр тээвэрлэдэг Монгол Улс зах зээлээс хамгийн түрүүнд шахагдах эрсдэл бий гэнэ. Тиймээс тээвэр, ложистикийн хүндрэлүүдээ шийдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг төрийг зүгээс олгож өгсөн тохиолдолд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бийг Г.Батцэнгэл захирал тэмдэглэв. Хятадын хил дагуу, Өвөрмонголын жижиг зах зээлд нүүрсээ хямд үнээр нийлүүлээд өдөр хоногийг өнгөрөөж болох ч далайн боомт дээр Австрали, Канад, Мозамбикийн нүүрстэй өрсөлдөх нь Монголчуудын гол зорилго билээ.

Өрсөлдөхийн тулд “Шинэ стратеги хэрэгтэй” хэмээн Монгол Улсын сайд М.Энхсайхан чуулганы үеэр хэлсэн үгэндээ цохлоо. “Орлогоо урьдын түвшинд хадгалахын тулд өртөг зардлаа бууруулж, олборлолт, тээвэрлэлт, борлуулалтаа нэм” хэмээн тэрхүү шинэ стратегиа тэрбээр томьёолов.

Тэрбээр “Таван Толгой ба суперцикл” илтгэл тавьж дууссаных нь дараа “Суперцикл дуусаж, нүүрсний үнэ мөд өсөхгүй юм байна.

Монгол Улсын нүүрсний хамгийн том төслийн хувьд Таван Толгойн талаар энэ чуулганы үеэр онцлон ярилцсан.

Таван Толгойг одоо ашиглах хэрэг байна уу” хэмээх гэнэн гэмээр асуулт оролцогчдын дундаас гарсан юм.

Хариуд нь Монгол Улсын сайд М.Энхсайхан “Бид баавгай байсан бол сайхан цаг иртэл ичээндээ орж болох юм. Дэлхий нүүрсний нөөцөө барж дуустал ичээндээ унтъя гэвэл бидэнд 100 жил хэрэгтэй. Бид баавгай биш тул өрсөлдөж байж л дэлхийд гарна” гэлээ.

Монгол Улсын нүүрсний хамгийн том төслийн хувьд Таван Толгойн талаар энэ чуулганы үеэр онцлон ярилцсан. “Том төслүүдийг УИХ татаж, шийддэг нь олон улсад байдаг л практик. Тухайлбал, Европын холбооноос Грект эдийн засгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсний дараа тусламжийн хөрөнгийг чухам юунд зарцуулахыг Парламент нь шийдэхээр өөртөө татан авч байсан. Гэхдээ одоо маш эгзэгтэй цаг үед ирээд байна.

“Таван Толгой” 30 жилийн турш хэрэгжих төсөл учраас УИХ хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх сайн шийдвэр гаргах байх гэж найдаж байна” хэмээн М.Энхсайхан сайд онцолсон. Таван Толгойн нүүрсний уурхайд хөрөнгө оруулна гэх итгэл тээж, Японы “Sumitomo” арлын орны том зах зээлд маркетингийн кампанит ажил өрнүүлээд эхэлжээ.

“Coal Mongolia 2015” чуулган өнөөдөр эрчим хүч ба хийн зах зээл дэх Монгол Улсын боломж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, өртөг хэмнэх бололцооны талаарх асуудлуудыг хөндөнө.

Зураг