Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Голомт"-ын Д.Баясгалан: Гобсек хувь хүн гэхээсээ илүү мөнгөний өөрийнх нь мөн чанар, ажиллах механизм юм

ikon.mn
2014 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

- ТАЙВАН БАЙЖ БОЛНО, "ГОЛОМТ" ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ -

“Голомт”-ын эзэд муудалцаж гэнэ, хөрөнгө мөнгөө хувааж байна гэсэн яриа гараад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хэвлэлээр нөгөө тал нь байр сууриа илэрхийлж байсан ч Д.Баясгалан захирлын зүгээс ямар нэгэн ярилцлага өгч, мэдэгдэл хийсэн нь үгүй.

Сүүлийн үед түүний эзэмшлийн “Голомт” банктай холбоотой янз бүрийн мэдээллэл гарсаар байсан ч бас л байр сууриа илэрхийлээгүй. Хэзээнээс ярилцлага өгч, нээлттэй байхдаа “хойрго” түүнд ярилцах санал тавихад “Би хүмүүс юу гэж бодож байгаа бол, энийг ингээд хэлчих юмсан, ингэж ойлгогдчих юмсан гэж хэзээнээс бодож байгаагүй.

Тэртэй тэргүй үнэн мөн нь цаг хугацаагаар шалгагдаад тодорхой болно гэж боддог. Бидэнтэй холбоотой яриа гарч, багагүй асуудал боссон нь үнэн. Одоо асуудал нэгмөсөн дууссан ч үнэн. Бидний маргаан нь Монголын томоохон компанийн хувьцаа эзэмшигчид, нөлөө бүхий улстөрчдийн хооронд ил тод болсон гэдгээрээ олон нийтийн сонирхлыг их татсан болохоос иймэрхүү асуудал өөр орон, бусад компанийн дунд байдаг л юм байна лээ.

Хүмүүст бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуудлыг өөр өнцгөөс харах бололцоо олгох үүднээс би юу болсныг нь яриад өгье. Дараа нь дахин тайлбарлаад л, детальчлаад байх ч шаардлага байхгүй. Нэгэнт ярьсных “Өдрийн сонин”-д өгсөн нь зөв болов уу” хэмээгээд бидний саналыг хүлээн авсан юм.

-Тантай уулзсаных олон асуултыг тавимаар санагдаж байна л даа. Гэхдээ тэр олон асуулт дундаас хамгийн түрүүнд “Голомт” банкинд юу болоод байна вэ. Зарим хүмүүсийн түгшиж байгаа шиг асуудал, эрсдэл байхгүй биз дээ гэж юуны өмнө асуумаар байна?

-Банк асуудалтай байна уу, эрсдэлтэй байна уу гэдгийг хамгийн түрүүнд банкин дээр яригддаг хэдэн тоогоор л дүгнэдэг юм. Өнөөдрийн байдлаар “Голомт” банк 3,7 их наяд төгрөгийн активтай, 320 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, өнгөрсөн онд 46 тэрбум төгрөгийн татварын дараахь ашигтай, одоо хоёрдугаар сарын дундуур гэхэд 8 тэрбум төгрөгийн ашигтай, дансандаа их наяд илүү төгрөгтэй байна. Тэгэхээр харилцагч, хадгаламж эзэмшигчид, банкинд ажиллаж байгаа хүмүүс, бас энэ банкны ихэнх хувьцааг эзэмшигч миний хувьд айж, санаа зовох юм юу ч алга. Банкинд юу болоод байна аа гэж айж эмээх асуудалд хариулдаг манай тоо баримт энэ байна. 

-Тэгвэл гадуур яагаад ийм яриа гарах болсон юм бол?

-Та Блүүмберг, Ройтерс дээр гарсан нийтлэл, түүнээс үүдсэн зарим нэг яриаг асууж байгаа бололтой. Тэнд дурдагдсан ихэнх асуудал өнгөрсөн жилийн бидний маргааны үед яригдаж шийдэгдсэн, банктай шууд холбоогүй, зарим нэг нь бүүр огт бидний мэдэхгүй асуудал ч байна лээ. Жишээ нь 90-ээд сая.долларын өр, “Кридит Свисс”-ын маргаан, “Иточу”-д Голомт банк мөнгө төлсөн, “Трафигура”-д 55 сая ам.долларын зээлтэй, “Хүннү айрленис”-ын баталгаа гэх мэтээр асуудлыг бүрэн гүйцэд судлаагүй, өнгөц дүгнэсэн зүйлүүд их байсан. Тэр дотроос нэг л зүйл үнэн, тэр нь Арабын сангийн 2015 оны эцсээр төлөх 25 сая ам.долларын хувьцаанд хөрвөх зээлийн асуудал. 

-Тэр яг ямар учиртай зээл юм бэ. Гадны нэр хүндтэй хэвлэл мэдээллийн агентлагууд худлаа мэдээлэл цацлаа гэж үү?

-Японы “Иточу” корпорацийн асуудал бол “Голомт” банкны харилцагч “Алтан Дорнод” компани тэдний хооронд болсон асуудал. Өнгөрсөн онд тэд хоорондоо шүүхдэж асуудлаа бүрэн шийдсэн. “Голомт” банкнаас нэг ч төгрөг төлбөрт өгөөгүй. Өмнө нь ч, одоо ч тэр “Иточу”-гийн өмнө “Голомт” банкны зүгээс хүлээсэн үүрэг огт байхгүй. Арабын хөрөнгө оруулалтын сангийн 25 сая ам.доллар бол банкны нийт активын нэг хүрэхгүй хувь, нэг зээлдэгчдэд олгох зээлийн дээд хэмжээний тал орчимтой тэнцэх мөнгөн дүнгийн асуудал.

2009 онд Арабын сангийн “Стайнхоп инвэстмент” компаниас “Голомт” банкны хувьцааны 14 хувьд шилжих нөхцөлтэй, таван жилийн хугацаатай 25 сая ам.долларын зээлийг Монголбанкнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хоёрдогч өглөг хэлбэрээр авсан. Гол  нөхцөл нь банкийг таван жилийн дотор гадаадын аль нэг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, олон нийтэд арилждаг, нээлттэй болох болзолтой байсан юм. 

Нэгэнт Лу.Болд бидний хооронд итгэлцэл байхгүй болсон болохоор хоёр талдаа гарахаас өөр аргагүй болсон.

-Та үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-Арабын сангийн энэ “Стайнхоп инвэстмент” компани бол тэдний хамгийн эрсдэлтэй, оппортунист гэж бидний нэрлэдэг тэр хөрөнгө оруулалтыг хийх зорилгоор байгуулагдсан компани. Одоогоос хэдэн жилийн өмнө Монгол Улсын ч тэр, олон улсын ч тэр эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан. Эдийн засгийн хурдацтай хөгжилтэй, дэлхийн хамгийн том, хурдан хөгжиж байгаа Хятадын зэрэгцээ оршдог, байгалийн баялаг ихтэй, хүн ам бага гээд л манай орон чинь хөрөнгө оруулагчдын халуун сэдэв байлаа шүү дээ. Харин одоо бид моодноос гарчихаад байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаад, Таван толгойгоо дампууруулаад, Оюу толгойгоо зогсоогоод, сонгуулийн дараа гэсэн хүлээлт үүсгэж цаг алдаад, эргээд тэрийгээ засах гэж оромдоод, ойлгомжгүй тогтворгүй байгаад байхаар Монголд хөрөнгө оруулах сонирхол эрс буурна биз дээ. Дээр нь Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжил саарч байна. Нөхцөл байдал ийм байхад олон улсын зах зээлд хувьцаа гаргана гэдэг ойрын хэдэн жилдээ бараг боломжгүй асуудал. Түүнээс гадна бидний хоорондын маргаан ч бас нөлөөлсөн. Тиймээс тэд мөнгөө хугацаанааас нь өмнө буцааж авъя гэж байгаа.

2009 оны үнэлгээгээр 25 сая ам.доллар нь Голомт банкны 14 орчим хувь, хэрэв банк олон улсын зах зээлд хувьцаа гаргаж зарсан бол энэ 14 хувь нь магадгүй хэд дахин өсөх байсан байх. Бидний хооронд асуудал шийдэгдсэний дараа би тэдэнд Монгол улсын санхүү, эдийн засгийн байдал, түүхий эдийн үнийн уналт, мөн бараг бүтэн жил маргалдсаны эцэст банкны харилцагч, хамтран ажиллагчдын итгэлийг сэргээхэд хугацаа шаардлагатай байгааг хэлээд гэрээнд заагдсан 2015 оноос өмнө IPO хийх боломжгүйг хэлсэн. Тэдний гол сонирхол болох IPO хийгдэхгүй болсон учир тэд гэрээнд заасан хугацаанаасаа өмнө мөнгөө авъя гэж, тэгэхдээ 36 болгож авъя гэж байгаа. Энэ бол зөвхөн тэдний манай хоёрын хооронд шийдэгдэх асуудал биш, Монголбанк бас зөвшөөрөл өгөх ёстой. Тэд гэрээний хугацаагаа дуусгана гэвэл нэг хэрэг, үгүй гэвэл тэдний л хэрэг.

Би одоо “Бодь Интернэйшнл” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч. Манай компани “Голомт” банкны 85 хувийн хувьцааг эзэмшиж байгаа. 

Тэгвэл манайд оруулсан санхүүгийн хэрэгслээ хэн нэгэнд зарах эрхтэй. Аль нэг тал нь хохироод байх юм байхгүй. Бизнесийн шугамаараа л шийдэгдэнэ. Банкинд ч бараг энэ хамаагүй. Тэд нар “Голомт” банкны 14 хувь руу шилжих санхүүгийн хэрэгслээ дуртай үнээрээ ч зарчихаж болно шүү дээ. Гэхдээ энэ удаагийн хэрэг бидэнд гадны хөрөнгө оруулалтууд дээрээ эргэж нухацтай харах шаардлагатайг харуулсан. Монголын эдийн засгийн хөгжлийн бооцоон дээр гадныхан орж ирээд банкинд хөрөнгө оруулах шугамаар энэ хөгжлийн тэлэлтийн явцад хамгийн хурдан хугацаанд хамгийн өндөр ашиг авахыг бодоод байхаас банкны ирээдүй, түүний стратеги, цаашдын хөгжлийн хандлага ер сонин биш байдаг юм байна л даа.

-Банк гэлтгүй бүхий л салбарт тийм байх л даа?

-Тийм ээ. Манайхан орж ирэх мөнгөний хэмжээ, хугацаа, хүүгээ л голлон анхаараад байдгаас биш гэрээг тэр бүр нарийвчлан хардаггүй. Гэтэл гэрээний үг бүрийн цаана гадныхны эрх ашгийг хамгаалсан утга санаанууд байж байдаг. Бизнес хийж байгаа хүн бүр үүнийг сайн анхаарах хэрэгтэй.  Оюутолгой дээр ч зарим нэг заалтууд, бас “Чалко” дээр ч ийм байдал гарсан байдаг.

Магадгүй, би хөрөнгө оруулалт, зээлийн гэрээний асуудал дээр Монголдоо хамгийн их туршлагатай хүн болсон байх. Гадаадын хөрөнгө оруулагчид л хамгийн сайн, барууны хэвлэл мэдээлэл хамгийн үнэн зөв, голч гэж боддог ойлголтоо өөрчлөх цаг болсон. Сүүлд “Блүүмберг” манай талаар бичсэн зарим нэг зүйлдээ залруулга хийснийг хүмүүс харсан байх.

Би ард түмэн та нарынхаа төлөө үхэн хатан зүтгэнэ гэж хэлж чадах ч үгүй. 

-“Блүүмберг”-ээр энэ мэдээлэл явагдсан. Олон улсын энэ телевизийн салбарыг Монголд оруулж ирсэн газар нь Худалдаа хөгжлийн банк. Банкнуудын өрсөлдөөн ийм мэдээлэл гаргахад хүргэсэн юм биш биз?

-Би “Блүүмберг”-ээр явсан энэ мэдээлэлд Худалдаа хөгжлийн банк холбоотой гэж бодохгүй байгаа. Мэдээлэл нь ач холбогдол багатай, юу илэрхийлэх гээд байгаа нь ойлгомжгүй, дутуу ташаа баримт дээр үндэслэсэн байсан. “Кредит Свисс” банкны зээл өнгөрсөн онд ямар ч маргаангүй төлөгдөөд дууссан, Швейцарийн “Свисс Мо” компани “Голомт” банкны 10, “Трафигура” компани тав орчим хувийн хувьцаа эзэмшигч.

“Трафигура” нь “Бодь Интернэшнл” компанид 55 биш, 8.7 сая ам.долларын зээл өгсөн, тэр нь баланс дээрээ байгаа. Тэглээ гэхэд энэ бүгдээс би ямар ч буруу зүйл олж хараагүй. Энэ бүгд чинь бизнесийн, байнга л хийгддэг зүйлс ш дээ. Харин тэр 90 орчим сая ам.долларын зээл гээд юуны тухай юм бүү мэд, би л лав тийм юм мэдэхгүй, лав андуурсан байх.  Харин энэ мэдээллийг манай өрсөлдөгчид дэвэргэж, давс хужир нэмж байгааг үгүйсгэхгүй.  

-Тэгвэл сүүлийн жил орчмын хугацаанд “Голомт”-ын хувьцаа эзэмшигчдийн хооронд юу болоод өнгөрсөн юм бэ. Нөгөө хувь нийлүүлэгчийн талаас хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлсэн. Харин та өнөөдрийг хүртэл дуугарсангүй…

-Жаахан холоос эхэлье л дээ. Манай банк 1995 онд анх байгуулагдсан. Удалгүй хэд хэдэн банк дампуурч, 1997 онд Азийн эдийн засгийн, Орост 1998 онд санхүүгийн хямрал болж байлаа. Дараа нь дахиад л Монголд банкууд үүд хаалгаа барьж, 2008 онд  бараг л дэлхийн санхүү, эдийн засгийн хамгийн том гэж хэлж болох хямрал болж одоо ч тэрнээсээ зарим талаар гарч чадахгүй байна. Энэ олон бэрхшээлийг даван туулж, хүндрэлийн ард гарч бид үлдэж, үлдэх үлдэхдээ Монгол Улсын банкны системийн хамгийн том банк болж төлөвшсөн.

Бид хуучны төрийн мэдлийн банкийг хувьчилж аваагүй, аль нэг банкийг өөрсдөдөө нэгтгэж явсангүй. Чин сэтгэлээсээ, зүрх сэтгэлээ зориулж банкныхаа төлөө зүтгэснээрээ өнөөдрийн энэ банкаа босгож чадсан. Манай гол өрсөлдөгч болох Худалдаа хөгжлийн банк бол хуучны гадаад худалдааны банк одоо ч хэвээрээ л байна. ХААН банк бол бас хуучны хөдөө аж ахуйн банкны суурин дээр үндэслэгдсэн.  Хуучны уламжлалт ийм банкуудтай өрсөлдөж байж бид хамгийн шилдэг нь болж гарч ирснийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

2008-2009 онд “Голомт” банк Монголын хамгийн их хадгаламжтай, хамгийн том активтай банк болсон. Яг тэр үед Монгол Улс маань бас олон улсын тавцанд ид моодонд орж байлаа. Уул уурхайн салбар нь хамгийн их анхаарал татаж, өндөр хүлээлттэй орны нэг байв. Гадныхан ч манайхыг их сонирхож, гадны хөрөнгө оруулалтууд ч цөөнгүй орж ирсэн. Тэр ч утгаар нь бид гадаад хүнийг захирлаар ажиллуулж, мэдэхгүй чадахгүй зүйлээ суралцая, шинэ менежмент, шинэлэг зүйл нэвтрүүлье, гадаад хөрөнгө оруулалтыг татья, банк дараагийн хөгжлийн үе шатанд гарч ажиллах ёстой гэж шийдээд Жон Финниганыг 2007 оны сүүлээр захирлаар томилсон юм. Тэр ч эхэндээ нөхцөл байдлыг ойлгож авах, банкны үйл ажиллагааг сайжруулах талаар хүчин чармайлт гаргаж ажилласныг үгүйсгэхгүй. Гэхдээ удаад ирсэн чинь банкныхаа өдөр тутмын ажилд анхаарахын оронд хаана л олон улсын хурал, дипломат арга хэмжээ болно тэнд явж байдаг болсон.

Би “Голомт”-ын хувьцаанаас гадна магадгүй Монголын хамгийн том хэвлэл мэдээллийн группыг эзэмшиж байгаа байх.

Бас өөрийгөө Монголыг хамгийн сайн мэддэг гадны цөөхөн мэргэжилтний нэг, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх энээ тэрээ гээд ажилдаа анхаарах нь суларсан. Сүүлдээ түүнд бүх зүйл амархан санагдаж, бүх л зүйл болчихмоор санагдаа биз.  Бас Жон өөрөө шууд хариуцаж байсан зарим нэг үүргээ биелүүлээгүй. Иймд орны хүнийг нь олох, гүйцэтгэх удирдлагын аажим, гэхдээ шийдэмгий өөрчлөлт хийх дээр би хатуу байр суурьтай байсан. Гэвч Жон “Голомт” банкны захирал гэдэг албан тушаалд дахиад дор хаяж 3-4 жил үлдэх, хувьцаа эзэмших, улмаар банкийг хувьдаа хөрөнгө, мөнгөтэй болох сүүлийн боломж гэж харж байсан юм билээ. Би түүнийг ямар ч аргаар хамаагүй албан тушаалдаа үлдэх гэж улайрч түүндээ Лу.Болдыг ашиглана, эсвэл хамтрагч болно гэж санаагүй л дээ. Маргаан зөрчил бол үүнээс л эхэлсэн. 

Албан тушаалдаа үлдэх гэж улайрч түүндээ Лу.Болдыг ашиглана, эсвэл хамтрагч болно гэж санаагүй л дээ. 

-Хорин жилийн түншлэл хагарах болсон нь гадаад захирлаас  үүдэлтэй гэж үү?

-Миний хувьд, банкны эрх ашгаа бодоход тэр хүнийг өөрчлөхөөс өөр арга байгаагүй. Тэр хүнийг тансаг байлгаж, гадаадад хүссэн үед нь зугаалуулж байх түүнд зориулсан банк гэж Монголд, ер нь дэлхийд байхгүй. Монголын банк Монголын харилцагч үйлчлүүлэгч нартаа зориулагдаж, тэдэнд үйлчилж байхаас гадны хөрөнгө оруулагчдыг амар хялбар аргаар мөнгө олоход зориулагдсан биш шүү дээ.

Гадаад захирал маань албан тушаалдаа үлдэхийн тулд “Иточу”-гийн аккредитивээс “Голомт” алдагдал хүлээхээр байна гэж зориуд гуйвуулан, намайг үүнтэй холбоотой гэж будлиан эхлүүлсэн юм. Энийг ч бас Лу.Болд боломж гэж харсан уу мэдэхгүй. “Иточу”-той холбоотой манай банкнаас нэг ч ам.долларын төлбөр гараагүй. Банк “Иточу”-тай төлбөрийн ямар ч маргаан байхгүй гэдгийг дахин хатуу хэлмээр байна.

Харин “Иточу”-тай төлбөрийн асуудал байна уу, энэ юу болоод өнгөрөв гэдгийг мэдэхийн тулд банк Лу.Болдын гэр бүл болон гадныхны хүсэлтээр 1,6 сая ам.долларыг аудитын компанид төлсөн байдаг юм. Утгагүй байгаа биз дээ. Гадны аудитын компани дүгнэлтээ гаргаад ирэхээр түүнд нь итгэхгүй, “Худлаа байна, нэмж ийм зүйл шалга, тийм гүйлгээг үз” гэхээр тэд дахиад шалгалтаа нарийвчлан хийж гаргаж өгдөг юм билээ. Харин үүнд нь хугацаа нэлээд шаардагддаг. Ийм маягаар банкны тайлан хуульд заасан хугацаандаа гараагүй цаг алдсан. Үүнээс болоод банкны рейтинг гарах нь бас хойшилсон. Тэрнээс биш рейтинг бүүр байхгүй болоод алдсан хэрэг биш шүү дээ. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлд бид асуудлаа шийдсэнээс хойш банк ТУЗ-өө шинээр бүрдүүлж, аудитаа дуусгаж, ажлаа цэгцлэх, өөрөөр хэлбэл сэргээн босголтын ажлаа эрчимтэй эхлүүлсэн.

Удахгүй банкны 2013 оны аудитын дүгнэлт гарчихна, рейтингээ ч тогтоолгоно. Ажил их байгаа. Түүнээс гадна банкны хувьцаа худалдан авах сонирхолтой гадаадын томоохон стратегийн хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр эхэлсэн байгаа. Мөн банкны олон арван ажиллаглагсад хувьцаа эзэмшдэг. Энэ хөтөлбөрийг ч бас эрчимжүүлнэ.

-Сайд Лу. Болд нэг ярилцлагадаа улстөрчийнхөө амьдралыг сонгож байгаа учраас ийм алхам хийлээ гэж мэдэгдсэн байсан?

-Тийм ээ. Өөрөө тэгж хэлсэн байсан. Энэ сонголт бол улстөрчийнхөө амьдралыг сонгож байгаа түүний сонголт. Ер нь бизнесийн харилцаанд түншүүдийн дунд харилцан итгэлцэл  нэгэнт л байхгүй болсон бол асуудлыг нэг талдаа гаргах нь зөв байдаг. Жаахан алдаа гарч, үүнээс хойш эвтэй найртай байя, эргэж нэгдэж нийлье гэсэн ч нэгэнт л харилцан итгэлцэл үгүй болсон бол үргэлжлэх ямар ч бололцоо байхгүй.

Ер нь бизнесийн шийдвэр болгоны цаана их бага эрсдэл, алдаа байдаг. Тухайн нөхцөл байдалд хамгийн зөв гэсэн хувилбар цаг хугацааны дараа буруу болох нь ч бий. Энэ нь санаатай үйлдэл үү, санамсаргүй алдаа юу гэдгийг ялгахад бэрхшээлтэй. Хэрэв аль нэг тал нь итгэл байхгүй болбол бизнесийн шийдвэрийг дагалдаж гардаг жижиг алдааг ч томруулж хараад эхэлдэг. Тэгэхээр л бизнес явахаа байчихдаг. Энэ тохиолдолд цаашаа явах ямар ч бололцоо байхгүй. Нэгэнт Лу.Болд бидний хооронд итгэлцэл байхгүй болсон болохоор хоёр талдаа гарахаас өөр аргагүй болсон.

-Танайхны таарамжгүй байгаа нь анзаарагдаад байсан л даа. Офисс руу дайрч орлоо гээд зураг тавигдаад, дараа нь барилга засварын ажлын зураг ч гэж тайлбарлагдаад. Хэдийгээр та нарын хувийн бизнесийн асуудал ч гэсэн “Голомт” банктай холбоотой болохоор олон түмэнд хамааралтай хэрэг болчихож байгаа юм. Тэр ч үүднээсээ хүмүүс эмзэг хүлээж авч байсан байх...

-Би бол энэ асуудлыг тэгж эмзэглэж хүлээж аваагүй. Болох ёстой юм болдгоороо л болсон. Хийх ёстой засварын ажлыг л драма болгож харагдуулах гэсэн л оролдлого шүү дээ.

-Банк санхүүгийн эмзэг салбарт үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн хувьд ч, олон жилийн нөхөрлөл, амжилттай бизнесийн үйл ажиллагаагаа бодсон ч арай өөрөөр асуудлыг шийдэж болоогүй юм уу. Та хэдийн энэ хэрүүл “дэндүү үнэтэй” хэрүүл юм биш үү?

-Би ч эхэн үедээ санаа зовоод л асуудлаа тэрүүхэн хүрээндээ ярилцаад, хэлэлцээд шийдье гэсэн бодолтой амьтан хүнээс нуусхийгээд байсан л даа. Лу.Болд болохоор “Энэ бүх бизнес, компани, банк бол чинийх, надад юу ч байхгүй, тэгэхээр алдах зүйл байхгүй” гэж хэлээд асуудлыг улам том болгох, аль болох олон хүнийг хамруулах, хэвлэл мэдээлэлд хандах зэргээр аашилж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл хэр их шуугиан тарина, төдий чинээгээр өөрт нь буулт хийнэ гэж тооцсон байх л даа. Үнэндээ бол харин ч эсрэгээр ш дээ. Тэр үед хүмүүс, манай захирлууд хүртэл Лу.Болдыг яагаад өөрийнхөө бизнес, өмчийн эсрэг ийм үйлдэл хийгээд байна аа гэж гайхаж байсан.

Компани, банк бол түүний хувьд улс төрийн карьераа өсгөх, сонгуульд дэмжих, хүн хүч, хөрөнгө санхүүгээр туслах хэрэгсэл төдий л зүйл байсан бололтой. Олон мянган харилцагчдын эрх ашиг, банкны системийн тогтвортой байдал, цаашлаад улс орны эдийн засгийн байдал огт хамаагүй болж таарсан. Асуудлыг улам л дэврүүлж байвал болно гэж бодсон байх. Лу.Болд хандаагүй газар байхгүй. Манай асуудалд Монголбанк, төр засгийн холбогдох байгууллагууд маш их тэвчээртэй, бодитой хандсан нь үнэхээр маш их нэмэр болсон. Би үүнд их талархаж явдаг. Одоо бол асуудал нэг мөр шийдэгдсэн болохоор дахин үүнийг сөхөн яримааргүй байна. 

-Та хоёрыг өмчөө нэгэнт салгасан гэж дуулдаж байсан. Та хоёр хэр сэтгэл ханамжтай үлдэцгээсэн бэ?

-Одоо надад түүнтэй ямар ч өмчийн маргаан байхгүй. . Миний л сонсож, ажигласанаар бол Лу.Болд маш сэтгэл ханамжтай үлдсэн. Надаас ч тэгж асуувал би юу гэж хариулахаа мэдэхгүй. Баялаг бол байнга хөдөлгөөнд нөр их хөдөлмөрийн үр дүнд л өсч байдаг. Үүнийг цаг хугацаа л харуулахаас хэн нь илүү юм авсан гэдгийг одоо хэлэхэд хэцүү. Эргээд ингэдэг байж, тэгдэг байж гэж стрессдээд байвал яаж урагшлах бэ дээ. Маргааш юу болох нь тодорхойгүй учраас л ирээдүйн сэтгэл булаах юм нь тэр шүү дээ.

-Тэгэхээр та одоо цорын ганц хувьцаа эзэмшигч болж үлдсэн гэсэн үг үү. Танай өөр нэг хамтрагч М.Зоригт хувь эзэмшиж байгаа юу?

-Зоригоо маань 2004 онд анх УИХ-ын гишүүн, улстөрч болох болох замаа сонгосон. Нэг талаар улстөрч, нөгөө талаар компанийн эзэн байх нь улам бүр төвөгтэй болж байгаа. Ашиг сонирхлын зөрчил, компанийн зөв засаглал энээ тэрээ гээд, мөн гадныхантай томоохон арилжаа хийгдэх болгонд энэ асуудал сөхөгддөг. Иймд бид хоёр хэлэлцээд би Зоригоогийн хувийг шилжүүлж авсан. Түүгээрээ Зоригоо банкинд давуу эрхтэй хувьцаа худалдаж авсан. “Голомт” банк тогтмол хүү төлнө. Үүнийгээ тайландаа тусгаад, бизнесийн шийдвэрт оролцохгүй улс төрөө хийгээд явах нь аль аль талдаа хэрэгтэй юм л даа. Би одоо “Бодь Интернэйшнл” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч. Манай компани “Голомт” банкны 85 хувийн хувьцааг эзэмшиж байгаа. 

-Хэдийгээр та нар өөр, өөрийн замаар салсан ч гэсэн амжилттай бизнесийг эхлүүлж чадсан хүмүүс. Шаазан хагарч, хөрөнгөө хуваасан тухай ярьж байгаа ч нэгдэж байсан сайхан үеүд та нарт бий. Тэр тухайгаа дурсаач?

-Бид Оюутны холбооны найзууд л даа. Би тэр хоёроосоо дүү. Ерөөд оноос эхэлсэн ардчилсан хувьсгалын гал тогоонд нь байлаа. Хүмүүс амь насаа золиослон байж тэр хувьсгалд оролцсон гээд л ярьдаг юм. Худлаа ш дээ. Нийгмийн тогтолцоог өөрчлөх нь зайлшгүй болсон учраас л олон мянган хүн дэмжиж, тэрний тэргүүн эгнээнд бусадтай л адил сэтгэл зүрхээрээ оролцож байв. Эгзэгтэй, хурц, халуун өдрүүд ч зөндөө байсан. 1990 оны гуравдугаар сарын 4-нд ардчилсан хүчний нэгдсэн жагсаал, цуглаанаас шаардах бичиг өгөхөд тэрийг нь би гардуулж өгч байв.

Нам засагтай хэлэлцээр хийхэд ч орж байсан. Тэр үед санах бодох зүйлгүй, ирээдүйд ингэнэ тэгнэ гэсэн тооцоогүй, алдах юмгүй л бүгдээрээ хамт байсан. Одоо хүмүүс өөртөө тааруулж, заримдаа дөвийлгөж, гуйвуулж ярих гээд байдаг хандлагатай болчихож. Дараа нь бид компаниа, тэгээд банкаа байгуулаад явж ирсэн. Бидэнд өнгөрсөн хугацаанд янз бүрийн л түншүүд, хамтрагчид байлаа. Хувьцаа авч ирсэн, зарж ирсэн. Алдаж ч байлаа, олж ч явлаа. Сайн муу олон төрлийн зан ааштай, хүмүүжилтэй хүмүүстэй харилцаж, хамтарч байлаа.

Би хүнтэй муудалцаж байснаас болж л өгвөл хэл амаа ололцоод, асуудлыг эвээр зохицуулах зарчимтай байдаг юм. Тэгж явсаар өнөөдрийн ийм байдалд хүрчихээд байна. Энэ бол бидний туулах л ёстой зам байж. Гэхдээ надад анхнаасаа бүх хувьцааг нь худалдаж аваад ганцаараа эзэн суух гэсэн далд санаа бодол хэзээ ч байгаагүй. М.Зоригт, Лу.Болд хоёр өөр өөрсдийнхөө замаар сонголтоо хийгээд явахад би ажлаа хийгээд л үлдсэн

Гэвч нэгэнт өнөөдрийн ийм байдалд хүрч, таны хэлснээр шаазан хагарчихаад байхад буцаж эвлүүлнэ гэх биш, бутарсан хэсгүүдээ авцгаагаад явахаас өөр яахав дээ. 

-Таны хоёр хамтрагч хоёулаа улс төрийн замыг сонгосон. Танд бас тэдэн шиг улс төрд орно гэсэн бодол байдаг уу?

-Би улс төрд орохгүй. Надад ямар ч улс төрийн амбиц байхгүй. Гаднаас нь харахад ихэнх улстөрчид бол сайн дүр эсгэгчид байдаг шиг байгаа юм. Хүсээгүй юмаа ярьж, дургүй хүнтэйгээ уулзаж, тухгүй хувцсаа өмсч нэг ёсондоо хүний эрхээр явдаг. Миний хувь чанар ингэж чадахгүй. Би өөрөөрөө л байх дуртай.

Хүн сайхан амьдарна гэж бодож байгаа бол зүтгээд хөдөлмөрлөх хэрэгтэй, үгүй гэвэл арчаагаа алдаад архиа ууж яваад үхнэ биз.

Тиймээс би улстөрч болж чадахгүй. Харин ч хүний дургүй хүргэчихэж магадгүй хүн. Би ард түмэн та нарынхаа төлөө үхэн хатан зүтгэнэ гэж хэлж чадах ч үгүй. Хүн сайхан амьдарна гэж бодож байгаа бол зүтгээд хөдөлмөрлөх хэрэгтэй, үгүй гэвэл арчаагаа алдаад архиа ууж яваад үхнэ биз. Хатуу ч гэсэн амьдралын үнэн нь энэ. Надад улс төр дүрэмгүй, эсвэл ялагч нь дүрмээ зохиодог тоглоом шиг л санагддаг ш дээ. 

-Та хэд анх компаниа байгуулахдаа гэр бүлийнхнээ оруулахгүй гэсэн тохироо байсан уу. Лу.Болд сайдын ярианд ч гэр бүлийнхнээ оруулж байгаагүй гэсэн байсан. Бас бүх хөрөнгө хувьцаагаа та өөрийнх болгосныхоо дараа гэр бүлийн хүнээ ТУЗ-ийн даргаар томилсон байна лээ?

-Бидний хооронд тийм тохиролцоо байгаагүй л дээ. Гэхдээ Лу.Болд л дүүгээ оруулдаг байсан. Дүү Л.Болдхуяг нь ТУЗ-ийн дарга хийгээд явдаг байсныг хүмүүс санаж байгаа биз. Гэхдээ тэр хэзээ ч хувьцаа эзэмшигч байгаагүй. Саяын маргааныг гартал гэр бүлийн хүн маань бидний бизнест ордоггүй байсан, мэддэг ч үгүй байсан. Бизнес бол стресс зовлон бэрхшээл, гэр бүлийн амьдрал бол гэр бүлийнх л байх ёстой гэж би боддог. Ер нь тийм зарчмаар явж ирсэн л дээ. Гэргий маань өндөр боловсролтой, олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүн.  Би 12 жил банкны захирал, таван жил ТУЗ-ийн дарга хийсэн.

Манай банк гэхэд л 1800 гаруй ажилчинтай. Компани, банкинд бараг 100 илүү захирлууд ажилладаг, энэ бол миний бүрдүүлсэн хамт олон. Магадгүй Монголын хамгийн чадвартай хамт олон ч байж магад, сая маргааны үеэр ч бас асуудалд үнэн зөвөөр, шударгаар ханддаг нь харагдаж бас нэг шалгуур давсан. Энэ надад байгаа, бидэнд байгаа бас нэг баялаг. Надад банкнаас гадна өөр салбарт хийх ажил байгаа. Түүнээс гадна банкинд ямар нэг асуудал байхгүй өөрийнхөө хөгжлөөр явчих учраас ойлгомжтой. Би өөрөө инженер геологийн мэргэжилтэй. Одоо энэ чиглэлээрээ иргэний барилга байгууламж, эрчим хүчний хэд хэдэн төсөл дээр ажиллаад эхэлсэн. 

Оюу Толгой дээр ингэж маргаж, гацааж байснаас ажиллах нөхцөлийг нь хангаад 34 хувиа зарах хэрэгтэй.

Ер нь ардчилал, зах зээлийн тогтолцоо хүмүүсийг хэн ямар чадалтай байна, хаана хэрэгтэй байна яг тэр байранд нь өөрөөс нь ч асуухгүйгээр тавьчихдаг юм. Сая энэ зарчмаар үйл явдал өрнөсөн шүү дээ. 20 жилийн түншлэлийн дараа жаахан хурц илрээд асуудал харин ч түргэн шийдэгдсэн байх. Үнэндээ нэг талаар хамгийн баян, нөгөө талаар хамгийн нөлөө бүхий улстөрч байх боломжгүй л дээ. Ер нь цаашид бизнес эрхэлдэг хүмүүс улс төрөөр, улстөрчид бизнес удирдаад явна гэвэл улам л хэцүү, төвөгтэй болно доо. 

-Улс төр, бизнес хамтдаа байх үнэхээр амаргүй байх. Сонгуулийн санал тоолох машиныг “Бодь Интернэйшнл оруулж ирсэн нь АН-ынхны хийсэн хэрэг” гэж бас яригдаад байсан байх аа. Бизнесийн ажлаа хийхээр улс төртэй холбоод байх тал байна биз?

-Сонгуулийн санал тоолдог машиныг оруулж ирсэн явдал манай компанитай ямар ч хамаа байхгүй. Тэр программ хангамж ч хамаагүй. Монгол Улсын иргэний ухаалаг үнэмлэхийг хийх пластикийг л манайх оруулж ирсэн. Дэлхийд хамгийн сүүлийн үеийн стандарттай, хуурамчаар хийх боломжгүй пластикийг оруулж ирсэн болохоос дээр нь бичсэн мэдээлэл, гар хурууны хээ, зураг бусад юм бидэнд ямар ч хамаагүй. Улсын бүртгэлийн газрын л асуудал.

Бид зөвхөн түүхий эдийг нь нийлүүлсэн. Яг ийм нууцлалтай иргэний үнэмлэхийг өнөөдөр дэлхийн 10 хүрэхгүй орон л хэрэглэж эхлээд байгаа. Ер нь улс төртэй холбогдох нь бизнест муугаар нөлөөлдөгөөс сайнаар нөлөөлөх нь тун ховор. Бид Лу.Болдыг Батлан хамгаалахын сайд байхад ч, Гадаад харилцааны сайд байхад ч түүнтэй холбоотой ямар нэгэн тендерт оролцдоггүй байсан. Хойд Солонгост цэргийн онгоц зарсан, тэрэнд нь биднийг холбоотой гээд л нэг хэсэг бичсэн. Би энэ талаар ямар ч ойлголт байхгүй.

-Манайд банкны эзэд гэхээр морь мал эргүүлээд, онгоц хөлөглөж яваад л унааны тансагийг эдэлж хэрэглэдэг тал бий. Нэг талаас бараг ингэж тансаглах нь эргээд харилцагчдад итгэл найдвар төрүүлэхгүй байх сөрөг талтай юм биш үү. Та юу гэж боддог вэ?

-Нэг их тэгээд байдаггүй байх аа. Гэхдээ хүний өөрийн үзэл бодол сонирхлыг юу гэхэв. Хүний гоо сайхны үнэлэмжийг шүүмжилж болохгүй гэсэн үг байдаг шүү дээ. Манайд морь мал уяад л, тод өнгийн дээл өмсч, том хөөрөг бариад явдаг хүмүүс бий л дээ. Гэхдээ тэр хүнд тэгж явах нь таалагддаг бол түүнийг нь буруутгаад байх хэцүү. Намайг бас казино тоглоод мөнгө алдсан, мөрийтэй тоглоомд дуртай гээд л мессеж тараагаад байсан. Би тиймэрхүү зугаагаар таашаал авдаггүй, тэгээд ч би өөрийн ухаан, хөдөлмөрөөр бүтээсэн баялгаа иймэрхүү замаар үрэн таран хийх хүн биш.

-О.Бальзакийн “Гобсек”-ийн гол дүр болсон мөнгө хүүлэгч эр гаднаас нть харахад хэн ч тэгж санахгүй,  уранхай навтархай дээл хувцастай ч цаад бодлогоороо Парисыг атгаж чаддаг мөнгө санхүүгийн гол хүн байдаг. Мөнгө санхүүгийн салбарынхан наанаа харагдахаасаа илүүтэй цаанаа бодлогоо барьж явдаг гол хүмүүс байх ёстой болов уу?

-Та намайг Гобсек гэх гээд байна аа даа. /инээв/

-Үгүй л дээ. Хэдийгээр Гобсек бүх цаг үед харамч хахирган хүн гэж онцлогддог дүр ч гэсэн энэ салбарынхан харин ч ийм байх ёстой юм биш үү гэсэн санаагаар хэлж байгаа юм?

-Гобсек хувь хүн гэхээсээ илүү мөнгөний өөрийнх нь мөн чанар, ажиллах механизм юм. Яг үнэндээ хүний мөн чанар бол хамгийн бага хугацаанд, хамгийн бага хөдөлмөрөөр хамгийн их ашиг олох л тэр боломжийг хайж байдаг. Энэ бол хэзээ ч өөрчлөгдөхгүй чанар. Хаана хамгийн ашигтай салбар байна, тийшээ орж байдаг. Ерээд онд баар ашигтай байхад хүн бүр л тийшээ орж байлаа. Дараа нь толгойтой бүхэн ноолуурын бизнес хийсэн. Нэг үе хүмүүс нүүрс их зөөж байв. Гаднаас том, том ачааны тэрэг оруулж ирээд л зөөдөг байлаа. Одоо бол бараг хүн бүр барилга барьж байна. Газрыг замбараагүй олгосон гэхээсээ илүүтэй хүмүүст ямар бололцоо нээв гэдгийг бас хараарай. Эндээс ашиг олж байгаа учраас тэр. Хүн бүр хөрөнгө оруулагч байдаг учраас хаана ашигтай байж болох нүх сүвийг гярхайгаар анаж байдаг. Яг үүн шиг банк санхүүгийн салбар бол хамгийн бага хүүгээр хадгаламж аваад хамгийн эрсдэлгүйгээр бас өндөр хүүтэйгээр зээлүүлэх сонирхолтой байдаг. Энэ бол манай бизнесийн суурь нь.

Хэрэв хэн нэгэн, жишээ нь төрийн зүгээс ч юм уу бага хүүтэй, удаан хугацааны санхүүжилт нэрээр элдэв төсөл санал болговол Гобсек хүлээгээд л авна. Ашиг олж байх тэр зарчим л хаа нэг газар алдагдвал эдийн засгийн далд гар хэний ч үг, шийдвэрийг хүлээж авдаггүй. Харин ч бүүр эсрэгээр. Тийм учраас бизнест хөндлөнгөөс оролцохдоо маш болгоомжтой хандах хэрэгтэй.  Өнөөдөр мөнгө ховор байгаа учраас үнэтэй байгаа юм. Энэ мөнгийг олдоц ихтэй, хямд болгох тал дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгээд Гобсек чинь ажилладаг л байхгүй юу. 

-Банкууд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй байх боллоо. Энэ таныхаар хэр зөв бэ?

-Манай “Голомт” банк нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй. Би “Голомт”-ын хувьцаанаас гадна магадгүй Монголын хамгийн том хэвлэл мэдээллийн группыг эзэмшиж байгаа байх. Өнгөрсөн жилийн маргаан, хөрөнгө хуваах явцад хэвлэл, мэдээллийн компани маань надад үлдсэн юм.

-Та яаж яваад энэ салбарт хөл тавьж сонирхох болсон юм бэ?

-Манайд сэтгүүл зүй улс төрийн өнгө аястай бас шантажны хэв маягтай юм уу гэж би хардаг. Гэхдээ би улстөрч болж өөрийгөө магтан дуулуулах гэж эсвэл ойр хавийнхаа хүмүүсийг бичүүлэх гэж энэ салбар руу ороогүй. Бас энэ сэтгүүл зүйг эрүүлжүүлж өөрчлөх гэж ийшээ орсон гэж ч худлаа хэлэхгүй. Зүгээр л тохиолдлоор орчихсон гэж болно.

Би оюутан байхдаа буюу 1989 онд Ц.Балдорж, О.Дашбалбар хоёртой хамт “Үнэн” сонины оны нийтлэлийн шагнал авч байснаас өөрөөр энэ салбартай холбогдож байсангүй. “Ийгл” телевиз нэг хэсэг гарч байгаад хаагдаад эргээд нээгдэх тэр үед гадны ч, дотоодын ч хүмүүс нь намайг асуудлыг шийдэж, хөрөнгө оруулахыг санал болгосон.  “Ардын эрх” сонины нэрийг дахин ашиглах боломж гарах үед би нэрийг нь авч, “Боловсрол” телевиз зээлтэй байгаад хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон гэх мэтээр явсаар байгаад би “Mongolian Mass media” телевиз, сонин, сайт, сэтгүүл, фм радиотой том компанитай болсон. Орлогоороо зарлагаа нөхөөд, техникийн шинэчлэлээ өөрсдөө хийгээд явдаг, хөл дээрээ нэгэнт тогтсон компани боллоо.

Надад улс төрийн болоод бизнесийн зорилгоор хэвлэл мэдээлэлтэй болох зорилго байсангүй. Одоо харин цаашид яавал дээр талаар үзэл бодол, хэтийн зорилго нэгтэй найз нөхөдтэйгээ зөвлөлдөж, нийтлэлийн бодлого, бизнесийн оновчтой хувилбар гаргахаар толгойгоо гашилгаж сууна. Заримдаа хэвлэл мэдээлэлтэй байх тун амаргүй. Хүмүүс маш эмзэг. Танайхаар ийм юм гаргачихлаа гээд над руу яриад байдаг, гэтэл би тэрийг нь огт мэдээгүй явж байх жишээтэй. Тухайн редакцийн хийж байгаа ажлыг би яаж мэдэхэв дээ. 

-Танд дарамттай санагддаг уу?

-Дарамт гэхээсээ надад сонирхолгүй байгаа байхгүй юу. Гарсан мэдээллийн утга учир, зорилго, үнэн зөвийг би мэдэхгүй, би шүүгч биш шүү дээ.

-Электрон сэтгүүл зүйг хөгжүүлж, эхний шанг тавихад танай медиа компани маш соргогоор мэдэрч, News.mn-ийг анх байгуулж байсан. Харин саяын маргааны үеэр энэ сайт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдэлд шилжсэн гэсэн яриа гадуур байгаад та юу гэж хариулах вэ?

-Маргаан гарахаас өмнө News.mn-ий эзэмшлээ энэ сайтыг ажиллуулж байсан Б.Тэмүүлэнд л шилжүүлсэн. Түүнээс өөр зүйлтэй хольж хутгах хэрэггүй л дээ. Анх энэ сайтыг “Алтан тариа”-н П.Цэнгүүн бид нар нийлж байгуулсан. Сүүлдээ П.Цэнгүүн өөрийн мэдлийн хувьцаагаа зараад сүүлд бид сэтгүүлчдэд нь зарсан. Ер нь сэтгүүлчдийн зүйн ёс зүйн асуудлыг улстөрчид биш, эзэд биш сэтгүүлчид өөрсдөө л хянах юм билээ. 

-Паркийн асуудал одоо танд хамаарагдана биз?

-Паркийн асуудал маш тодорхой. Хэрэв бид паркийн газрыг хамгаалж авч үлдээгүй байсан бол өнөөдөр орон сууцны хороолол болчих байсан гэдгийг би баталгаатай хэлнэ. Анх паркийн газрыг 13 хуваачихсан байсан. Задгай театр, музей гээд хүүхдийн тодотголтой нэрлэсэн байсан ч юу болох нь тодорхой байсан. Хуучны ДСНК-гийн паркийн хувь заяа манай дээр ч давтагдах байсан. Гэхдээ бид л авч үлдсэн гэж цээжээ дэлдээд байх сонирхол ч алга, зав ч алга. Паркийн төслөө танилцуулаад, нийслэлтэй хамтарсан компани байгуулсан.

Хэрэв бид паркийн газрыг хамгаалж авч үлдээгүй байсан бол өнөөдөр орон сууцны хороолол болчих байсан гэдгийг би баталгаатай хэлнэ. 

ҮСАХ компани чинь нийслэлийн өмчит аж ахуй байгаа юм ш дээ. Хамтарсан компани байгуулах авах үед 1964 онд ашиглалтад орсон хэдэн хуучин тоглоомтой, шинэ Өвгөнтийн хөндий л болчихсон байсан. Анх 34 га газар байсан.  Одоо 30 га нь байна. Дөрвөн га газраа хот өөрсдөө нааш цааш хуваарилсан. Паркаа алдсан гэж орилоод байгаа нь зүгээр улс төр. Богино зайн улс төр. Паркийн газар одоо ч паркаараа байж байна. Өнгөрсөн хугацаанд бид 50 тэрбум төгрөгийг ийшээ оруулсан. 

Парк бүрэн дүүрэн ашиглалтад ороогүй байгаа шүү дээ. Нийслэлийн иргэдийн хэрэгцээ шаардлага, хотын ирээдүйн хөгжлийн төлөв, инженэр техникийн бололцоо, хөрөнгө оруулалын өгөөж, хууль зүйн орчин гэх мэтээр тодорхой болгох, шийдэх маш олон асуудал байгаа. Хурлын заал, үзэсгэлэнгийн  танхим, зочид буудалтай, дэлгүүр, цэнгэлдэх хүрээлэн, амарч наадах газартай олон улсын жишигт нийцсэн газрыг байгуулна. Үүний тулд дахиад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ингэхийн тулд 2 тал маш нухацтай тал талаас нь хэлэлцэж байна. Бид бол паркын эзэмшил дэх хувиа хотод эргүүлж өгөхөөс аваад бүхий д боломжит хувилбарыг үзэж байна. Ер нь парк бол төр, хувийн хэвшлийн үлгэр жишээ хамтын ажиллагаа болж болохоор төсөл байгаа юм. Энийг улс төрийн өнцгөөс биш, хэрэгцээ шаардлага, ашиг орлого талаас нь харах хэрэгтэй.

Дашрамд хэлэхэд өнгөрсөн хугацаанд над дээр паркийг гоё болгоё гэсэн нэг ч санал хүмүүсээс ирж байгаагүй, харин газраас нь яаж салгах вэ гэсэн санал бол зөндөө ирж байсан шүү. Паркаа аваръя л гээд байна. Бид л паркийг аварч, хадгалж байгаа болохоос бидэнд алдчихаад байгаа зүйл байхгүй. Парк байж л байгаа шүү дээ. 

-Та МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг цагдаа прокуророос шалгагдаж эхлэхэд таныг түүний эсрэг гомдол гаргасан гэсэн яриа сонстож байсан л даа. Та өргөдөл гаргасан юм уу?

-Би өнгөрсөн онд МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөөд ялагдсан. Энэ бол шударга өрсөлдөөн байсан. Нэгэнт хүмүүс тэгж сонгосон учраас надад хэлж гомдоод байх зүйл байгаагүй. Гэтэл сүүлд нь Д.Загдсүрэн гуайг хөрөнгө мөнгө идсэн хэргээр шалгаж, барьж авч хийсэн юм билээ. Тэгэхэд огт хамаагүй намайг өргөдөл өгсөн гэсэн яриа гарсан байсан. Би нэлээд сүүлээс нь мэдсэн. Би тэгээгүй, бас хэн нэгнийг тэг гэж ятгаагүй. Одоо үнэн мөн нь гараа байлгүй дээ. Хүн асуудалд орох үед хүн бүрийг хардаад, ингэсэн, тэгсэн байх гэж бодогдоод, бас наашаа харсан хүн бүр аврагч мэт санагдаад л. Тэр үүднээсээ Д.Загдсүрэн гуай буруу бодсон байх гэж би санадаг ш дээ. Түүнээс хойш би Олимпийн хорооныхонтой холбогдоогүй, сүүлд хэвлэл мэдээллээс харж байхад Д.Загдсүрэн гуайн хэрэг өршөөлийн хуулиар ороод асуудал нь шийдэгдсэн юм билээ.

Би МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлыг найман жил хийсэн, Бээжинд улсаа төлөөлж, анхны олимпийн аварга төрүүлсэн багийг удирдаж байсандаа бахархдаг. Миний хувь нэмэр, хийморь ч бас байсан байх. Тийм болохоор надад элдэв хар бодох юм байхгүй. Харин би олон улсын спортын хамгийн том байгууллагын нэгнийх нь гол удирдах хүний хувьд Олимпийн хороо ч тэр, олон нийтийн бусад спортын холбоод ч хөгжлийн шинэ шатанд гарах хэрэгтэй л гэж бодож явдаг. 

-Банк санхүүгийн салбарт олон ажил ажиллаж ирсэн таниас эдийн засагтай холбоотой зарим асуултыг асуухгүй өнгөрч боломгүй санагдаж байна. Ер нь төр банктай болоод эсвэл хувийн арилжааны банкийг өөртөө нэгтгээд яваад байдаг нь хэр эрүүл зөв үзэгдэл юм бол?

-Төрийн банк байгуулагдаад сая “Хадгаламж” банкийг өөртөө нэгтгээд явсан нь аргагүйдээ хийгдсэн ажил байх гэж боддог. Гэхдээ яваандаа Төрийн банк хувьчлагдах байлгүй дээ гэж л дотроо боддог доо.

-Эдийн засаг хэцүүдлээ бүсээ чангалах хэрэгтэй л гэж ярих боллоо. Манайд үүсээд байгаа энэ нөхцөл байдал юутай холбоотой юм бол, хэзээнээс энэ хямрал гайгүй болох бол?

-Албан мэдээллийг харвал жилийн 11-12 хувийн өсөлттэй учраас эдийн засаг тэлээд байгаа юм шиг, бизнесийн салбарынхантай уулзвал байдал хэцүү байгаа юм шиг өөр өөр дүн мэдээ байгаад байгаа. Аливаа орны шийдвэр гаргагчид өөрсдөдөө хэрэгтэй, өөрсдийнхөө дуртай мэдээлэлд итгэдэг. Тиймээс хажуугийн хүмүүс нь таалагдах мэдээллийг нь өгөөд вакуумжуулаад байх тал бий. Би цөөн үгээр таны асуултад хариулах гэж үзье. Манайд эдийн засаг сайн биш байна.

Эдийн засгийг захиргааны аргаар удирдах гэсэн хандлага л гол саад учруулсаар байна. Өөрөөр хэлбэл бид эхлээд хамгийн сайн, хямгийн хямд хийж чадаж байгаа зүйлээ хийж зараад, тэр мөнгөөрөө өөрт хэрэгтэй байгаа бүтээгдхүүнээ хамгийн хямд газраас, чанартайг нь олж авчирдаг чөлөөт худалдааны энгийн хэлбэр лүүгээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Одоо бид болж өгвөл бүх зүйлээ өөрсдөө хийх гэж оролдоод байна. Санаа нь зөв, цаг хугацаа нь буруу байна.

Монголчуудын хувьд зарж чадах юм юу вэ. Уул уурхайн бүтээгдэхүүн. Харамсалтай нь өнөөдөр бараг ганцхан орон л манай уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авч чадахаар байна. Монгол өнөөдөр хөгжиж байгаа, гэхдээ нилээн буурай орон. Ирээдүйд ингэнэ тэгнэ гэж өнөөдөр өндөр бооцоо тавих хэрэггүй. Тиймээс өөрт байгаагаа худалдаж капиталжуулах ажлаа юуны өмнө хийх хэрэгтэй. Ашгийг нь максимум хэмжээнд олоод л, байгаль орчноо ч дээд зэргээр хамгаалааад, гадаадын хөрөнгө оруулагчийн ашгийг болж өгвөл өгөхгүй байх санаатай байгаа харагдах юм. Гэтэл эдгээр нь жингийн хоёр өөр туухайн дээр байгаад байна л даа. Одоо бүх зүйл гацаанд байна. Дээр нь гол худалдан авагч Хятадын эдийн засаг сайнгүй болох магадлалтай байна. Гацаанаас гарахын тулд бизнесийн зарим нэг золиог гаргахаас аргагүй. Золиос хийж байж бизнес амжилт олдог юм.

Мөн мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит өсөлтийг дэмжих чиглэлээр зохицтой түвшинд барихын тулд Монголбанк, Засгийн газар хоорондын нягт уялдаа ажиллагаа хэрэгтэй.  Бид үүн дээрээ учраа сайн ололцох хэрэгтэй санагддаг. Бодит эдийн засгийн өсөлт гэж инфляцын түвшин, долларын ханшийн тогтвортой байдал хангагдаж байж гардаг болохоос инфляц өндөр, төгрөгийн ханш уначихсан үед өсөлт гарвал худлаа өсөлт байдаг. 

-Валютын ханшийг хазаарлаж чадахгүй байна. Долларын ханш нэг хэсэг бууж байснаа бүр нэмээд өсчихлөө. Хөрөнгө орж ирэхгүй бол энэ буухгүй гэсэн үг үү?

-Монгол Улс гадаад валютын хангалттай нөөцтэй болж байж өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ хангахгүй бол энэ өсөлт буухгүй. Манайхны импортын хэрэглээ хэрэгцээ сүүлийн жилүүдэд асар их нэмэгдсэн. Тэр хэрэгцээгээ хангахын тулд дээр хэлснээр ямар нэг юмаа зарах хэрэгтэй болно. Хэн нэгэн нь Монголын ямар нэг юмыг гадаад валютаар зарж байж нөхөгдөх ёстой. Одоо зарж байгаа юм байхгүй учраас энэ ханшийг барьж дийлэхгүй байгаа юм.

Гадаадаас валют орж ирж, гаднаас валютаар авдаг хэрэглээгээ зохицуулж байж л энэ ханш буурна.

Алтны худалдаа далд хэлбэрт орчихсон, зэсийн худалдаа багассан, нүүрс, төмрийн үнэ буурчихсан. Бүх зүйл зогсонги байдалд ороод байна. Гадаадаас валют орж ирж, гаднаас валютаар авдаг хэрэглээгээ зохицуулж байж л энэ ханш буурна. Ингэж байж л буух асуудал яригдана даа. Үнэндээ эдийн засгийн байдал амаргүй цаг үед байна. 

-Эдийн засгийн хямралыг бид хэдийд гэтэлж дуусах бол?

-Сая олон сонгууль дараалан болж өнгөрлөө. Улс төрийн амлалт, популизмын хор хөнөөл бизнес дээр шууд буудаг. Баахан улс төржиж бүх зүйлээ гацаасан. Одоо үүнийгээ засахын тулд бид маш их хэмжээний өртөг төлөх хэрэгтэй болж байгаа. Аль болох цаг алдалгүй алдаагаа засаад явах нь бидэнд хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулийг баталчихлаа. Гэхдээ зөвхөн хуулинд найдалгүй гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд бид өөрсдөө ажиллах хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчид дэлхий дээр хаана ашиг хийж болох газар байна тэднийг хараад л байж байдаг. Өнөөдөр Монгол хаалгаа хаавал дараагийн нэг улс руу яваад л өгнө. Тэгэхээр үүнийг мэдэрч ажиллах хэрэгтэй дээ. Би бол эдийн засгийн эрс шийдэмгий бодлого хэрэгтэй гэж боддог. Шийдвэр гаргагчид бүх хүмүүст таалагдах шийдэл олох гээд үзээд байдаг. Амьдралд тийм зүйл байхгүй, заавал хэсэг хүн хохирч таараа. Жишээ нь, Оюу Толгой дээр ингэж маргаж, гацааж байснаас ажиллах нөхцөлийг нь хангаад 34 хувиа зарах хэрэгтэй.

Улаанбаатарын утаа гэж баахан худлаа шоудаж утаагүй нүүрс гэж байснаас Хятад, Туркээс баахан ажилчид оруулж ирээд орон сууц бариулчихаад буцаагаад явуулах хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар хувьчлалыг эрчимжүүлэх хэрэгтэй. Ер нь манайх шиг хүн цөөнтэй, баялаг ихтэй, бүх хүмүүс нь өөрсдийгөө эзэн гэж боддог ард түмэнд арабын загвар л таармаар санагдаад байдаг юм. Гурван сая хүнийг хүнийг сайхан амьдруулж, зам, барилгыг барьж, гудамж талбайг нь зүлэгжүүлж, цэвэрлэж байхын тулд ядаж 10 сая хөлсний ажилчид хэрэгтэй болох байхаа даа. Манайхан чинь ядаж хашаандаа мод тарьчихдаггүй хүмүүс шүү дээ. 

 Өнөөдөр банкуудын аль нь ч амьтан хүнийг зовоож, асуудал болоод байхааргүй болчихсон шүү дээ.

-Хэсэг хүмүүс борооноос хорогдоод банкны үүдэнд зогсч байхыг хараад тэр банк дампуурах нь гэсэн яриа гарч, хүмүүс мөнгөө татаж авснаар банк дампуурч байсан гэдэг яриа бий. Та ийм эмзэг салбарт ажилладаг, ийм салбарт хөрөнгө оруулсан хүний хувьд уншигчдад хандан юу гэж хэлэх вэ?

-Үнэндээ хүмүүс дийлэнхдээ прагматик байдаг. Хүмүүс миний мөнгө найдвартай юу, хадгаламжийн хүү өндөр үү, зээл өгч чадах уу гэж сонирхохоос банк баталгаатай байх бодит үзүүлэлт ямар байгааг тэр бүр анхаардаггүй. Монголын банкны салбарт төвлөрөл нэгэнт явагдчихсан. Банкны салбар бол урагш алхаж хөгжсөн цөөхөн салбарын нэг л дээ. Манайд гурван том банк, дунд зэргийн хэдэн банк байна. Эдгээрээс цорын ганц үндэсний хөрөнгө оруулагчтай банк бол “Голомт”. Өнөөдөр банкуудын аль нь ч амьтан хүнийг зовоож, асуудал болоод байхааргүй болчихсон шүү дээ.

Тэр дундаасаа хүний эрүүл мэндийн шинжилгээний үзүүлэлтээр нарийвчлан харвал хамгийн эрүүл нь манай банк. Долларын ханш өсөх тусах дарамт болж байдаг долларын зээл манай банкинд алга, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 16 хувьтай байгаа нь өндөрт тооцогдоно. Гэхдээ хүмүүс наад цаадахыг ялгаж салгаж хардаг болохоор “Голомт”-д байдал ямар байгааг ойлгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байгаа. 

Э.ЭНЭРЭЛ

Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”