Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн хурлаар тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталж, даргаар Чүлтэмийн Мөнхцэцэгийг томилсон байна.
Ч.Мөнхцэцэг нь 1996-1998 онд Монголын хөрөнгийн биржид Гадаад харилцаа болон Үнэт цаасны арилжааны албанд ажиллаж байсан бөгөөд 2004 онд Дэлхийн банкинд зөвлөх, 2004-2006 онд АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчөөр болон санхүү, хөтөлбөр хариуцсан менежер, 2007-2010 онд “Непко” хэвлэлийн компанийн гүйцэтгэх захирал, 2010 оноос “Тойм” сэтгүүлийн ерөнхий захирал, 2012 оноос Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
Тэрбээр Орос-Зөвлөлтийн 3-р дунд сургуулийг төгсөж, 1988-1993 онд Политехникийн их сургуулийг уул уурхайн цахилгаан механик инженерийн мэргэжлээр, 1998-2001 онд АНУ-ын Жонс-Хопкинсын их сургуулийг олон улсын бизнес санхүүгээр мэргэшсэн бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн байна.
Ч.Мөнхцэцэг нь “Бодь” группын үндэслэгчдийн нэг Д.Баясгалангийн гэргий гэдгээр хүмүүс сайн мэдэх юм.
Голомт банкны Тэргүүн дэд захирлаар Л.Болормаа томилогдлоо
Мөн тус банкны Хөрөнгө оруулалтын банк хариуцсан Тэргүүн дэд захирлаар Лувсандоржийн Болормааг томилсон байна.
Л.Болормаа нь банк, санхүүгийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1992-1996 онд “Ардын банк”-ны Олон улсын үйл ажиллагаа хариуцсан газрын дэд захирал, Зээлийн газрын захирал, Гадаад валютын зээлийн газрын захирал, 2000-2009 онд “Дойче банк”-ны Хойд Америкийн банк санхүү, брокер дилерийн салбарыг хариуцсан дэд ерөнхийлөгч, 2011-2012 онд “Хөгжлийн банк”-ны тэргүүн дэд захирлын албыг хашиж байсан.
2009 оноос өнөөдрийг хүртэл санхүүгийн зөвлөгөө өгөх “Би Эф Эй Эс” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан.
МУИС-ийг банк санхүүгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж улмаар АНУ-ын Виржиния мужийн Политехникийн их сургуулийг олон улсын эдийн засгийн магистр, Японы Олон улсын их сургуулийг бизнес, санхүүгийн удирдлагын магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн, Итгэмжилсэн Санхүүгийн Шинжээч /CFA/ цолтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!