Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тайвансайхан: Залуусыг оюунаа хөгжүүлж эрдэм мэдлэгтэй болох хэрэгтэй гэж буусан

М.Санчир
2014 оны 1 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг
Гарма Гаржид Үржин Пэрэнлайлин хийдийн тэргүүн, Буддын гүн ухааны гэвш Д.Тайвансайхан

XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жил Монгол түмэнд хэр үр өгөөжтэй, бүтээлтэй жил байх талаар зурхайд хэрхэн буусныг хүргэж байна. 

-Ирж буй хөх морин жилийн өнгийг уншигчид маань сонирхож байгаа байх?

-Ялгуусан хэмээх мо­дон морин жилийн хувьд хүүхэд, залууст ээлтэй. Харин хөгшдөд бага зэрэг халтай байх магадлалтай учраас наст­­нуудаа энх­рийлэх хэрэгтэй. Мөн оны эхээр элдэв халдварт өвчин дэгдэх төлөвтэй буусан. 

Цаг агаарын хувьд хур бороо элбэг сайхан гарсан. Улс орон ч хямрал зөрчил багатай байх бо­лолтой. Харин залуусыг оюунаа хөгжүүлж, эрдэм мэдлэгтэй болох хэрэгтэй гэж буусан. Тэгэхгүй бол хувь хүний амиа бодох зан давамгайлаад байгаа болохоор нэгэндээ тусалж чадахгүй байна. 

-Өөрөөр хэлбэл хү­мүүсийн зан үйлээс их зүйл шалтгаална гэж үү?

-Тийм ээ. Мэдээж жил нь орж, мэнгэ нь голлосон хүмүүс онцгой засалтай. Шашны даатгал нь тухайн хүнийг аварч хамгаалах, гэнэтийн элдэв аюулаас хамгаалах үйл юм. Гэтэл зарим хүн сүм, хийдүүд хүмүүсийн өглөг барьцнаас болж ингэж байна гэж буруу ойлгодог талтай. Эд бая­лаг арвин хүмүүс өглөг өргөж, буян үйлдвэл үйлс нь тэгшрэх учиртай. 

Өглөг буян үйлдэнэ гэдэг нь нас уртсахын шинж юм. Хэдийгээр өглөг буян үйлдэж чадахгүй ч гэ­сэн нэгэндээ тусалж, дэмжиж, сайн сайхан үйл үйлдэх ч гэсэн үүнтэй адилхан.

-Жил бүрийн үр гэж бас байдаг?

-Морь гэдэг өөрөө их ухаантай амьтан. Үр удмаа сүрхий таньдаг. Гэ­тэл хү­мүүс өөрсдөө мо­риноос илүү мунхаг зүйл хийх гээд байна. 

Түүнчлэн морь бас хам­гийн атаач, жөтөөрхүү амьтан. Тий­мээс “Би үүний өмнө орж үхнэ” гэж бодоод хурдалдаг. Тиймдээ их хурдан гэдэг юм. Харин хүмүүсийн тухайд битгий нэгэндээ атаархаж, хар буруу санаарай гэж захих байна. 

-Морь жил монголчуудад байгаль, цаг уурын тухайд их өөрчлөлтүүд авч ирдэг. Энэ жил яах бол?

-Муу ёр зөгнөж бай­гаа юм биш. Жилийн дав­тамжийн хувьд элдэв муу зүйл болох вий гэж эмээгээд байгаа. Гэхдээ энэ жилийн зурхайн зурлагад хур ус тэгширнэ гэж буусан болохоор гайгүй байх. 

-Шинийн 15-ны дотор заслаа хийлгэх болон уул, овоо тахих зан үйлийг сүү­лийн жилүүдэд буруу хийдэг болсон тухай шүүмж­­лэл их гарах болсон. Яагаад ингэж зөрөлдөөд байдаг юм бэ?

-Шинийн 15 гэдэг гарч буй жил бүртээ их онцгой өдөр. Бурхан багш хувилгаан дүрийг үзүүлж, эдгээр 15 хоногт чөтгөр, шулмыг дарсан байдаг. Тиймээс ту­хайн өдрүүдэд хийсэн үйл их арвиждаг хэмээн бурхны сургаалд айлддаг. Буддын шашин тооноос чанарт шил­жихдээ математикийн хуулийг ба­талдаг шүү дээ. Энэ 15 хоногт засал хийлгээч гэдэг нь хийсэн буян нь үрждэг учраас тэр шүү дээ. 

Мэнгэ нь голлочихсон зарим хүн жил дундаа орчихсон байхад бэртэж гэмтсэнийхээ дараа гэнэт заслаа хийлгэдэг. Уг нь буддын шашин хүнийг бэртэхээс нь өмнө заслыг нь хийж, насыг нь уртасгаж, аливаа зүйлээс урьдчилж хамгаалдаг учиртай.

Овоо тахихын тухайд лусын буулттай өдөр гэж бий. Тухайн өдөр овоонд гарвал их сайн. Тэгэхгүйгээр шинийн нэгэн, гурванд заавал гарна гэсэн үг биш. 

Ер нь хүн уриагүй байхад айлд очихоор хэн дуртай байх вэ дээ. Түүнтэй л адилхан. Хэрвээ лусын буулттай, тахидаг өдөр нь очвол лус ч баясна. Тухайн хүндээ ч сайн байдаг.

Ц.Гүнчин-Иш: Хүн байгалийн харилцаанаас хур бороо шалтгаална

XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жил Монгол түмэнд хэр үр өгөөжтэй, бүтээлтэй жил байх талаар зурхайд хэрхэн буусан талаар Гандантэгчэнлин хийдийн Бадма Ёга дацангийн ловон лам Ц.Гүнчин-Иштэй ярилцлаа.

-Айлчлан ирж буй “ял­гуусан” хэмээх модон морь жилийн онцлог нь зурхайд хэрхэн буусан бол?

-Цаг агаарын хувьд улир­лын эхэн сарууддаа бага зэргийн салхи, шуургатай, дунд хэсэгтээ бороо, хур багатай, харин сүүл хэсэгтээ хур элбэгших төлөвтэй. Өмнөх жилүүдийг бодвол зуны цагт хур жаахан татуухан байж магадгүй. 

Гэхдээ хүн байгальтайгаа хэрхэн харьцана, түүнээс хур бороо шалтгаалах нь бий. Тухайлбал хүн ардын сэтгэл санаа тогтуун, эв түнжинтэй байвал байгаль дэлхий тэр хэрээр үр шимээ өгдөг. Тиймээс нийгэмдээ эв найртай байх нь чухал. Төр засгийн хувьд ч тогтуун сайхан байх төлөвтэй байгаа. Элдэв янзын өвчин эмгэг гарахгүй байх.

Насны хувьд идэр залуус болон дунд эргэм насныханд сайн. Настайчуудад ширүү­хэндүү жил байх төлөвтэй. 

-Урьд өмнөх морь жи­лүүдэд цаг агаарын болон нийгмийн өөрчлөлтүүд их гарч байсан. Хөх морь жи­лийн хувьд хэр байх вэ?

-Яг тухайн жилүүдийнх шиг нийтийг хамарсан айхтар том үер, байгалийн гамшиг тохиолдохгүй ч зарим газар ус ихсэх магад­лалтай. Аливаа то­хиолдолд хү­ний үйлдлээс асар их зүйл шалтгаалдаг. Тиймээс хүн болгон тус бүрнээ буяныг эрхэмлэн, нүглийг тэвчих учиртай. Тэр цагт аливаа асуудлаас айж, мэгдэн, сандрах шаардлага гарахгүй шүү дээ. 

-Шинийн нэгний өглөө гэр бүл өрхийн тэргүүн нь зүг чигээ гаргачихад болно гэдэг. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Өглөө эрт өндөр ууланд гарч, наранд мөргөн, зам мөрөө гаргах нь хуучны уламжлал л даа. Ингэхдээ аз хийморийн зүгтээ гарч цай, сүүний дээжээ өргөөд буян хишгийн зүгээс ирдэг. 

Өөрөөр хэлбэл өрхийн тэргүүн мөрөө гаргачихаад ирэхэд эзэгтэй нь хүлээж авах бэлтгэлээ хангаад идээ, будаагаа бэлдэж байдаг нь хуучны уламжлал гэсэн үг. Эр нөхөр нь өрх гэрээ толгойлж авч явдаг гэдэг утгаараа ингэдэг байсан хэрэг. Гэхдээ зан үйлдээ бүсгүй хүн болоод хүүхэд залуус шинийн 1-нд мөр гаргаж болно, болохгүй гэсэн зүйл байхгүй. 

Түүнчлэн хүн бүр аз хийморийн зүгтээ гарч болдоггүй учир бий. Хэрвээ нохойн ам тэр зүгт таарвал арай өөр тийшээ гардаг ёстой. Морин жилийн хувьд нохойн ам өмнө зүг рүү харж байгаа. 

-Зүг мөр гаргах үйлдлээс гадна сүүлийн жилүүдэд уул, овоо тахих ёслол их үйлддэг болсон. Мэдээж тодорхой хэмжээний учир жанцан байгаа биз дээ? 

-Сар шинэтэйгээ холбог­дуулан хэлэхэд шинийн нэгний өглөө уул, овоондоо цай, сүүний дээж өргөн, идээ будаагаа барих нь тахиж байгаа зүйл биш. Уул, овоо тахихад сайн, лусын буулттай тусгай өдрүүд байдаг. 

Лус ирнэ, очно, хэвтэнэ, буцна гэсэн асуудал бий. Гэхдээ зам зуурт яваа хүмүүс овоонд хүндэтгэл үзүүлэх нь хэвийн үзэгдэл.

Ч.Алтангэрэл: Нялхас, өвгөдийн эрүүл мэндэд анхаарах жил гарч байна

XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жил Монгол түмэнд хэр үр өгөөжтэй, бүтээлтэй жил байх талаар зурхайд хэрхэн буусан талаар Дашчойлин хийдийн монгол зурхайч Ч.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Монгол түмний их баяр Цагаан сар болоход цөөхөн хоног үлдлээ. Ялгуусан хэмээх модон морин жил монголчуудад маань хэр ээлтэй байх бол?

-Модон морь жил олон жилийн дунджаар сайхан жил болно. XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морь жил нь илүү сартай жил тохиож байгаа. Энэ нь хав­рын сар нь дөрөв гэсэн үг. Хаврын сар нь илүү учир мал, амьтанд бага зэрэг гарзтай. Өвс ногоо сайтай, хур цагтаа буусан сайхан жил болно. Шороон үхрийг модон морин жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон дүрсэлбэл үхэр нь ногоон толгойтой, эвэр, чих, сүүл, дөрвөн шийр нь улаан, цагаан ходоодтой, хөх омруу бүхий ногоон зүсийн, амаа ангайж сүүлээ зүйн тийшээ шарвасан хэмээн зурхайн цаг тооллын цаглабарт зурсан байна. 

Мөн үхэр хариулаач нь улаан нүүртэй, хөх дээлэн дээр шар бүс бүсэлсэн, ба­руун гэзгээ чихнийхээ ур­дуур унжуулсан, хос гут­лаа өмсөж, олсон шил­бүүр барьсан идэр залуу үхрийнхээ баруун талд алхаж явна гэсэн зурлага гарсан. Энэ нь ирэх жил аливаа зүйл элбэг дэлбэг хангалуун амар амгалан хийгээд ажил үйлс өндөр бүтээмжтэй байхыг бэл­гэшээсэн. Дээдэс, өндөр суудалтнуудад сайн, нялхас, өндөр настнуудад биеийн эрүүл мэндэд анхаар гэсэн юм байна. Залуусын ажил төрөл бүтэмжтэй сайхан жил ирж байна.

-Цагаан сар бэлгэдлийнх нь талаас яривал ямар баяр вэ?

-Энэ бол агуу том баяр. Мянган жилийн өмнөөс би­лигт сайн өдрийг сонгож тэмдэглэж ирсэн, нэг нас нэмсэн, ажил үйлсийг сайн сайхан авч явах, өвчин зов­лонгүй, амар сай­хан амьд­рах, өнгөрсөн жилийн­хээ байд­­лыг дүгнэх, муу явдлаа засч, сайн үйлийг хийх гээд монголчуудын агуу том баяр юм. Энэ үед хаврын эхэн сараас шинийн 15 хүртэл дү­йчин өдрүүдэд буян ном хурах тэр нь түм түмээрээ арвижих, нүгэл хийвэл мөн түм түмээр нэмэгдэх өд­рүүд юм. 

-Цагаан сарын зан үй­лүү­­дээс хүмүүсийн хам­гийн их ач холбогдол өгдөг нь мөр гаргах ёс. Энэ ямар утга учиртай юм бэ?

-Цагаан сарын өдөр мөрөө гаргах найман зүг байдаг. Хийморийн зүгт гараад хи­шиг буяны зүгээс ирдэг. Мөн муу зүг, ад зэтгэрийн зүг гэж байдаг. Тэдгээр зүгт бурхны номонд заасан зүйлийг шидэх, шившлэг тарнийг унших маягаар зүг мөрөө гаргадаг. Энэ нь ажил үйлс, гэр орон, эд хө­рөнгө зэрэг бүхий л зүйлээ даатгаж, ирэх жилдээ сайн сайхан байх гэсэн үүднээс зүг мөр гаргах ёсыг үйлддэг. 

Ер нь хүмүүс мөрөө тус тусдаа гаргах нь зөв. Өвөг дээдсээс уламжлан ирсэн энэ ёсыг бие болон сэтгэлийн үйлд­лээр гүйцэтгэснээр тухайн жилийн гай барцадыг арил­гадаг гэж ойлгож болно. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор бие хэл сэтгэлийн болон мөр гаргах зан үйлийг хүн бүр зааврын дагуу үйл­дэх нь тэр жилийнх нь ажил үйлсийг сайн сайхан, бүтэмжтэй болгодог.

-Эмэгтэй хүн мөр гаргах албагүй гэж ярьдаг. Энэ ямар учиртай вэ?

-Дээхнэ үед гэрийн эзэн мориор давхиад мөрөө гар­гачихад болно гэж байсан. Одоо үед харин эрэгтэйгээсээ эмэгтэй нь илүү явдаг болсон юм шиг. Гадаад дотоодгүй явж, их ажлыг бүтээж байна. Тийм болохоор сар шинээрээ хүн бүр зам мөрөө зөв гаргах хэрэгтэй.

-Жил бүр цагаан сар дөхөхөөр цаг тооллын сэдэв­тэй маргаан гардаг. Энэ жилийн цагаан сарын хувьд тийм зүйл байгаа юу?

-Энэ жил XVII жарны модон морь жил нэгдүгээр са­рын 31-нд эхэлнэ. З1-нд ний­­тээрээ золгож, 30-нд битүүлнэ. Модон морь жилд хав­рын сар дөрөв байгаа. Үүнийг монголчууд илүү сартай жил гэж нэрлэдэг. Хаврын урь орсон тэр өдрийн махбодыг тооцоолон бодож Салан дагцал буюу үхэр зургаар гаргаад уламжлалт зурхайн ёсоор тоолон гаргадаг юм.

Ж.Гончигсүрэн: Жилийн ерөнхий төлөв нийтийн үйлийн үрээс шалтгаалдаг

XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жил Монгол түмэнд хэр үр өгөөжтэй, бүтээлтэй жил байх талаар зурхайд хэрхэн буусан талаар Түвдэнпэлжээлин хийдийн хамба Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.

-Модон морь жилийн хаврын урь орсон өдрийн мах­бодоор шороон үхрийн шинжийг гол болгон дүр­сэлбэл?

-Шороон үхрийн модон морин жилийн хаврын амьс­­гал орсон өдрийн мах­бодид дүрсэлснээр бол хав­­рын сар болон улир­луу­дын эхэнд салхи шуурга ихтэй. 

Жилийн эхээр хур туна­дастай, дунд болон сүүлээр гандуу байх магадлалтай.

-Мэдээж тухайн жилийн онцлог гэж байгаа байх? 

-Жаран гэдэг таван мах­бодоороо явдаг. Энэ жилийн онцлог гэвэл хав­рын сар нь дөрөв байгаа. Үүгээрээ бас онцлог. 

Гэхдээ жилийн ерөнхий төлөв гэдэг нийтийн үйлийн үртэй их холбоотой. На­даас, чамаас, бид бүхнээс шалт­гаална гэсэн үг.

Тэгэхээр бие, хэл, сэт­гэлийн үйлдэлдээ хя­намгай байх хэрэгтэй. Аль болох амьтанд тустай зүйл хийж, ярих нь зүйтэй. Нийтийн сэтгэл зөв байвал гэнэтийн осол, гай гамшиг гарахгүй учиртай. 

Монголчуудын хувьд мо­рин жил сайхан жил бо­лох төлөвтэй байна. Мал сүрэг өсч, хүн бүр хийж бүтээсэн ажил нь амжилттай байна. Тэгэхээр сайхан ерөөл тавьж байх хэрэгтэй.

-Хүн амын тухайд хэр­хэх бол. Сар шинийн өм­нө хүн бүр тухайн жи­лийн­хээ өнгийг харж, заслаа хийлгэн номоо уншуулдаг шүү дээ?

-Өндөр тушаалтнуудад бага зэрэг ширүүн байх тө­лөвтэй. Харин энгийн ардад ээлтэй, нялхаст сайн. Гэхдээ манайхан ингээд хэлчихээр бүх хүнд ха­маа­тай юм шиг ойлгодог. 

Гэтэл үгүй шүү дээ. Ийм байж магадгүй юм байна шүү. Тэгэхээр засал номоо хийлгэчихвэл аюулгүй л гэж байгаа юм. Түүнээс биш тухайн буусан зурлага бүх хүнд адил гэсэн үг биш.

-Яагаад, хүмүүс жил орж, мэнгэ голлолоо гэх зэ­рэгт ижил ном уншуулах мэтээр ойлгодог?

-Тэгж ойлгож болохгүй. Хүн бүрийн хувь төөрөг өөр. Нэг жилд төрсөн бай­тугай ихрүүдийн төөрөг хүртэл өөр байдаг юм. 

Яагаад гэхээр яг нэг ижил цаг, минутад төрнө гэж байхгүй. Тиймээс хүн бүрт адилгүй. 

-Хүн бүр шинийн 15-ны өдрөөс урьтаж заслаа хийлгэхээр бурхан шашны газруудыг зорьдог. Буян их хураах гэж шүү дээ? 

-Бурхны номд ямар ч тохиолдолд насаараа хийсэн буян ганц удаа уурлахад л нурдаг гэж заадаг юм. 
Тэгэхээр ядаж шинийн 1-ндээ муу үйл хийх биш аль болох сайн үйл хийхийг зорих хэрэгтэй

Зураг