Уншиж байна ...

Туул гол дээгүүр баригдах хурдны зам, гүүр хоолойн нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажил 94 хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

32 километр урт, 6 эгнээтэй Туулын хурдны замыг барих газар шорооны бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэхээр болж, төслийн талбайд 59 инженер, техникийн ажилтан, 48 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэй барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар түр барилга байгууламж болон барилгын бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын байрлах байр, оффис, туршилтын лабораторийн зориулалттай барилга, бетон зуурмагийн үйлдвэрийн суурь, урьдчилан бэлтгэх дам нуруу үйлдвэрлэх талбайн түр барилга байгууламж, технологийн түр замын ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байгаа аж.

  • Материалын хангамж, талбайн хайгуул судалгааны ажлын хүрээнд геодезийн хэмжилтийн ажил бүрэн дуусаж, инженер-геологийн судалгаагаар нийт 40 цооног өрөмджээ. Энэ нь зам, гүүр, хийцийн бат бөх, аюулгүй байдлыг хангах инженерийн тооцооллын үндэс болж байгаа бөгөөд тус ажлын гүйцэтгэл 65%,
     
  • Зураг төслийн ажлын хүрээнд замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагаар батлуулсан бөгөөд авто зам, гүүр хоолой, үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төслийн ажил 94.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Авто замын гүүр, хоолойн барилгын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд нийт долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, таван байршилд нүхэн гарц тус тус барина.

Яармагийн гүүрний баруун хэсэг дэх орох, гарах хэсгийг төв замтай уялдуулан холбосноор хотын төвийн авто замын ачааллыг тэнцвэржүүлэх бол ТЭЦ-4, Наадамчдын гүүр, Нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хот руу орох, гарах урсгалыг оновчтой зохицуулах нөхцөлийг бүрдүүлэх гэнэ. 

 

Эх сурвалж: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс