67.6 грамм буюу 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоосон талаар Хар тамхитай тэмцэх албанаас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан борлуулж байсан 1 бүлгийн 4 этгээдийг баривчилсан байна.
Дээрх этгээдүүд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 67.6 грамм бодисыг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.
Уг хэмжээ нь 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний эрсдэлтэй бөгөөд энэхүү хууль бус эргэлтийг таслан зогсоожээ.
Цагдаагийн байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!