Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж, 2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгөөд буй.
Харин шинээр баригдсан 109 автомашины далд зогсоолтой, гурван давхар үйлчилгээний төвийн барилгыг өчигдөр улсын комисс хүлээж авчээ.
Уг барилгыг архитектур дизайны өвөрмөц, орчин үеийн шийдлийг уламжлалт хээ угалз зэрэг үндэсний хэв маягтай хослуулан барьжээ. Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан автомашины зогсоол, цахилгаан машины цэнэглэгчтэй авто зогсоол, сул зогсоолын мэдээлэл авах ухаалаг системтэй байна. Зогсоолоосоо шууд үйлчилгээний төв рүү орох цахилгаан шаттай бөгөөд жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, бэлэг дурсгал, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, кофе шоп, зоогийн газар зэрэг үйлчилгээ явуулах аж.
Барилгын дээд давхарт террастай учраас дулааны улиралд зоогийн газар ажиллуулбал тохиромжтой гэнэ.
Давхар болгонд тусгайт хэрэгцээнд иргэнд зориулсан ариун цэврийн өрөөтэй байна.
Хотын даргын мэдээлснээр удахгүй үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн загварууд гаргаж, нийт талбайг нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээслүүлэхээр төлөвлөжээ. Харин хуучин Урт цагааныг 32-ын тойрогт зориулалтаар нь барьж байгааг хэлж байв.
Өнгөрсөн онд нээсэн Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн 4,171 м.кв талбайд 470 ширхэг бут сөөг тарьсан хэмээн мэдээлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!