Дүүжин замын тээврийн төслийг БНФУ-ын “Пома” групп гүйцэтгэж, бүх тоноглолыг Францаас нийлүүлж буй.
Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй тус төслийн тоног төхөөрөмж, эд материалыг үе шаттайгаар импортолж байгаа бөгөөд өчигдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 98 кабинаас эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелуудыг агуулахад буулгасан болохыг Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газар болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Энэхүү кабиныг “Пома” группийн охин компани болох SIGMA-д үйлдвэрлэжээ. Пома группийн SIGMA үйлдвэр нь кабин үйлдвэрлэлийн туршилтыг хийхдээ 24 цагийн турш усаар шүршиж нэвчилт байгаа эсэх, кабины хаалга нээж, хаах ажиллагааг нарийвчлан шалгадаг байна.
Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн төслийн хувьд нэг кабинд 10 зорчигч суух боломжтой. Тиймээс шуудайтай элс, усаар орлуулан 850 кг-тай дүйцэх жинг байршуулж, нийт гурван сарын хугацаанд шат дараалсан туршилтыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Кабинууд халдаг сандалтай, хаалга хаагдах үед хүний гар гэмтээх эрсдэл үүсэх эсэхийг даралт хэмжигч багажаар хэмжиж, хаалтын хүчийг килоньютнээр тодорхойлон тохируулдаг аж. Хүний гар, хөл хавчигдсан тохиолдолд автоматаар мэдрэн буцааж нээх ухаалаг системтэй, кабин-кабелийн хавчаар механизм нь автомат болон механик давхар түгжээтэй тул ашиглалтын явцад салж, мултрах эрсдэлийг бүрэн арилгадаг байна.
Кабины хийцлэлд хөнгөн цагаан хайлш, бат бөх ган материал ашиглан, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цохилтод тэсвэртэй, бутарсан ч аюул учруулахгүй тусгай шил суурилуулдаг. Хаалга нь хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн автоматаар түгжигдэж, зөвхөн буудал дээр бүрэн зогссон нөхцөлд нээгддэг ухаалаг системтэй. Салхи, цаг уурын өөрчлөлтийг хянах мэдрэгчүүд суурилуулсан, салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл систем автоматаар хурдыг багасгах эсвэл бүрэн зогсох горимд шилжих юм гэж танилцуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!