Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.
Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар байр суурь илэрхийллээ. Тэрбээр "Тэтгэврийг тавьдаг сан нь хаанаас вэ гэдэг нь чухал.
Нийгмийн даатгалын сан өнөөдөр алдагдалтай ажиллаж байгаа. Улсын төсөвт алдагдлын зөрүүг суулгаж өгдөг. Одоо төлж буй хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөөр тэтгэвэр олгодог. Тиймээс зохистой хэмжээнд зөв байснаар сан нь арвижиж, тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ.
Хувийн даатгалын санг байгуулах ёстой. Хууль эрх зүйн орчныг бий болгочихвол заавал төрийн нийгмийн даатгалын сан гэхгүйгээр хувийн даатгалын сангууд өрсөлдөөд явна. Өөрийнхөө хадгалуулсан мөнгийг өөрөө буцааж авах харилцаа гарч ирнэ.
Өнөөдөр олгож буй тэтгэврийн дүнг 1.5 сая төгрөгт хүргэнэ гэдэг төвөгтэй. Огцом бий болох зүйл биш. Төсвөөс жил бүр Нийгмийн даатгалын санд мөнгө өгч байж тэтгэвэр бүтэн тавигдаж байгаа. Төсвийг нүүрсний орлогоор огцом нэмэгдүүлсэн. Одоо нүүрсний орлого буурах үед төсөв багасаж байна. 2026 оны төсөв дээр төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй, харин тэтгэврийг 6 хувь нэмнэ гэж байгаа" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!