Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос 100,000 сайн дурынхныг Украинд илгээх санал тавьсан тухай Оросын төв телевизээр ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын дэглэм Украины дайнд туслуулахаар 100,000 сайн дурынхныг илгээх санал тавьсан тухай Оросын төв телевизээр мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус телевизийн нэг нэвтрүүлэгт оролцсон цэргийн шинжээч Игорь Коротченко энэ тухай ярьсан байна.

“Умард Солонгосын 100,000 сайн дурынхан тусгай ажиллагаанд оролцохоор бэлтгэгдэж байгаа гэсэн мэдээлэл бий” гэж хэлсэн Коротченко тус улсын армийг дайсны галыг хориглох, хариу довтлох тулааны маш сайн туршлагатай гэж магтжээ.

АНУ-аас нийлүүлсэн алсын тусгал, өндөр нарийвчлалтай HIMARS пуужингийн систем Оросын талд нэлээд хохирол учруулж буй тул тулааны ийм тактик чухал болж байгаа гэгддэг.

Коротченко цааш ярихдаа “Хэрвээ Умард Солонгосын тал Украины фашизмтай тэмцэх олон улсын үүргээ биелүүлэх хүсэлтэй гэвэл бид зөвшөөрөх хэрэгтэй” гэж ярьжээ.

Умард Солонгос нь 1.3 сая цэрэгтэй, 600,000 нөөц хүчтэй, энэ үзүүлэлтээрээ дэлхийд дөрөвт эрэмбэлэгддэг гэдэг. Гэхдээ зэвсэг, техникийн хувьд нэлээд хоцрогдсон гэж мэргэжилтнүүд дүгнэдэг байна.

Тус улс бас Украины Донбассын бүс нутгийг Оросын тал эзэлбэл сэргээн босголтод нь мянга гаруй ажилчин илгээхээр төлөвлөж буй тухай Өмнөд Солонгосын хэвлэл саяхан мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: New York Post