Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярболд: 1-5 насны хүүхдүүдийг нүд, чих, хамар хоолой, шүдний эмчийн үзлэгт хамруулна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаас бүх нийтийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа.

-Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болсон. Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэг нь чухам ямар өвчлөлүүдийг илрүүлэх зорилготой вэ?         

-Манай улсад зүрх судас, хавдар, хоол боловсруулах замын өвчлөл болон амьсгалын замын эмгэг өргөн тархсан байна. Тиймээс  эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна гэсэн үг. Хүн амын дунд тархсан өвчлөлийг эрт үед илрүүлэх нь дундаж наслалтыг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарт сайнаар нөлөөлнө. Цаашилбал, эмнэлгийн ачааллыг бууруулах ч боломжтой гэж үзэж байгаа.

-Хүн амын насны ангиллаас хамаарч эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ харилцан адилгүй байх уу. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн дунд шүд болон нүдний өвчин зонхилдог бол 20-оос дээш насныхан хоол боловсруулах замын өвчинд өртөмтгий байдаг тухай мэдээлэл бий? 

-Энэхүү эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүх насны иргэдийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Жишээлбэл,

  • 1-5 насныханд нүдний эмчийн үзлэг болон чих, хамар хоолой, шүдний эмчийн үзлэг багтана.
  • 16-17 насанд зүрхний эмгэг, сүрьеэ, чих хамар хоолой, шүд цоорох үзлэгийг хийхээр төлөвлөөд байна.
  • 18-30 насны залуусын дунд бэлгийн замаар дамжих халдвар болон элэгний B, C вирус илрүүлэх шинжилгээ, шээсний замын эмгэг, зүрх судас, хоол боловсруулах замын өвчлөлийн үзлэг багтах юм.

Ерөнхийдөө үзлэг шинжилгээг хийхдээ нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлээс шалтгаалж тодорхой шатанд урьдчилан илрүүлэх шинжилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл, эхийн хэвлийд байхаас өтөл нас хүртэл бүхий л амьдралынх нь туршид энэ үзлэг шинжилгээнд тодорхой давтамжтай оруулна гэсэн үг. Ерөнхийдөө халдварт бус өвчний статистик судалгаанд үндэслэн насны бүлгийг сонгож байна.

-Тэгвэл 30-аас дээш насны иргэдийн дунд ямар өвчин зонхилж байна вэ. Энэ насны иргэдийг ямар үзлэг шинжилгээнд хамруулах төлөвлөгөөтэй байна вэ?

30-45 насанд хавдрын эрсдэл тодорхой хувиар өсдөг. Тодруулбал, улаан хоолой, элэг, хөх, умайн хүзүүний хавдрыг илрүүлнэ гэсэн үг. Харин 45 ба түүнээс дээш насанд бүдүүн шулуун гэдэс, түрүү булчирхайн өвчлөл зонхилон тохиолдож байгаа.
60-аас дээш насанд зарим илрүүлгээс бэлгийн замын халдварт өвчин хасагдаж, хавдар болон зүрх судасны эмгэг, хоол боловсруулах замын өвчин, чихрийн шижин зэргийг илрүүлэх ажлууд хийгдэх жишээтэй.  Нас насанд ямар өвчлөл давамгай байна гэдгээс хамаарч хоёроос гурван жилийн өмнө үзлэгт хамруулах гол стратегийг баримтлан товлож байгаа гэсэн үг.

-Манай улсын иргэдийн нас барах шалтгааны ихэнх хувийг ямар өвчлөл эзэлж байна вэ?

-Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын дундах нас барах шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Тухайлбал, сүүлийн 20 жил хавдраас шалтгаалсан нас баралт тэргүүлэх байр суурьтай байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2019 онд халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, түүний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг судлахад 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байна гэдэг нь тогтоогдсон. Энэ нь амьдралын буруу хэвшил, эрсдэлтэй зан үйлээс үүдэлтэй. Түүнчлэн хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны эмгэг хамгийн их хувийг эзэлж байна. Хоёрдугаарт, хоол боловсруулах тогтолцооны эмгэг, бэлгийн замын өвчлөл орж байгаа.

-Иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Мэдээж эмчдээ урьдчилж үзүүлж, эрүүл мэндийн эрсдэлээ тодорхойлуулна. Улмаар бие махбодын эрүүл мэндийн индексийг тогтоож, ямар үзлэгт орох вэ гэдгийг эмч зөвлөнө гэсэн үг. Нэмж хэлэхэд, иргэдийн дунд элэг, уушги, гуурсан хоолой, умайн хүзүү, улаан хоолой гэсэн таван төрлийн хавдар хамгийн их тохиолдож байна. Тиймээс эдгээр хавдрыг эрт шатанд нь илрүүлж, эмчлэх нь чухал алхам юм. Мөн бүдүүн шулуун гэдэсний хавдрын өвчлөл тодорхой хувийг эзэлсээр байна. Угтаа халдварт бус өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Тийм учраас өвчин эмгэгийг эрт илрүүлэх шаардлагатай байгаа юм.