Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нигер улсын хотын дарга $9 саяын үнэ бүхий хар тамхи тээвэрлэж яваад баригджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Нигер улсын умард бүсийн төв Агадез хот

Африк тивийн Нигер улсын нэгэн хотын дарга албаны пикап автомашиндаа хар захын ханшаар $9 саяын үнэ хүрэх 200 кг кокайн тээвэрлэж яваад баригдсан тухай тус улсын цагдаагийн газар Даваа гарагт мэдээлжээ.

Ням гарагт Нигерийн умард бүсийн эдийн засгийн төв Агадез хотын ойролцоох цөлийн зам дээр цагдаа нар автомашиныг зогсооход хотын дарга жолоочийн хамт зорчиж явсан гэнэ.

Нигерийн цагдаагийн байгууллага урьд өмнө нь ийм их хэмжээний хар тамхи илүүлж байгаагүйгээ мэдээлжээ.

Өмнөд Америкаас Европ тив рүү хар тамхи тээвэрлэдэг гол зам баруун Африкийн орнууд болоод байгаа.

Сүүлийн жилүүдэд энэ бүсийн улс орнуудад хар тамхитай холбоотой гэмт хэргийн илрүүлэлт эрс нэмэгдсэн юм байна.

Өнгөрсөн аравдугаар сард Сенегал улс Атлантын далайн эргийнхээ ойролцоо хоёр тонн цэвэр кокайн ачсан усан онгоц илрүүлж байжээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Гамби улсын эрх баригчид Өмнөд Америкийн Эквадороос ирсэн гурван тонн кокайн бүхий усан онгоцыг саатуулж байв.

Европын зах зээлд мансууруулах бодисын эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор Өмнөд Америкийн гэмт хэргийн бүлэглэлүүд Африк тивээр дамжуулах ачааныхаа хэмжээг эрс нэмэгдүүлсэн тухай Интерпол байгууллагын хар тамхитай тэмцэх албаны тэргүүн Ян Драпал өнгөрсөн онд хэвлэлд ярьж байжээ.

 

Эх сурвалж: CNN