Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын уран гулгалтын шинэ залуу од дэлхийн гурван дээд амжилтыг дараалан шинэчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Сочи хотод үргэлжилж буй Ростелекомын Цом уран гулгалтын тэмцээнд Оросын 15 настай Камила Валиева дэлхийн гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Тэрбээр Баасан гарагт богино үзүүлбэрийн төрөлдөө 87.42 оноо авч дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Өмнөх дээд амжилт нь 85.45 оноо байсан бөгөөд мөн Оросын тамирчин Алена Косторная эзэмшиж байжээ.

Богино үзүүлбэрийн төрөлд хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн ОХУ-ын Елизавета Туктамышева 80.10, АНУ-ын Мэрай Белл 69.37 оноо тус тус авсан юм.

Тэгвэл өчигдөр буюу Бямба гарагт Валиева чөлөөт үзүүлбэрээрээ 185.29 оноо авч, дахин дэлхийн дээд амжилтыг эвджээ. Энэ төрлийн өмнөх дээд амжилт болох 180.89 оноог мөн Валиева эзэмшиж байсан юм.

Нийлбэр дүнгээр Валиева 272.71 оноо авсан нь мөн дэлхийн дээд амжилт болж байна. Дэлхийн өмнөх дээд амжилт нь 265.08 оноо байжээ.

Валиевагийн өрсөлдөгчид болох Елизавета Туктамышева 229.23, Майя Хромых 219.69 нийлбэр оноогоор тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Эдгээр гурван тамирчин ирэх сарын 9-12-ны өдрүүдэд Японы Осака хотод болох ISU Grand Prix тэмцээнд оролцох эрхээ авч байгаа юм. Уг тэмцээний зургаан эрхийн тавыг нь Оросын тамирчид авсан бол нэгийг нь Японы тамирчин Сакамото Каори авчээ.

Оросын уран гулгалтын одуудыг төрүүлдэг алдарт дасгалжуулагч Этери Тутберидзегийн шавь Валиеваг мэргэжилтнүүд ирэх сарын Осакагийн Гранпри төдийгүй Бээжин 2022 олимпын наадмын аварга болох өндөр магадлалтай гэж үзэж байна.

Эх сурвалж: Russia Today