Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цахилгаан хөдөлгүүртэй Hummer-ийг жолоодож үзжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Америкийн автомашин үйлдвэрлэлийн нийслэл гэгддэг Детройт хот дахь General Motors компанийн үйлдвэрт зочилжээ.

Энэ үеэрээ тэр тус компанийн шинэ бүтээгдэхүүн болох цахилгаан хөдөлгүүрт Hummer SUV загварыг өөрөө жолоодож, туршсан байна. Шатахуун зарцуулалт өндөртэйгөөрөө алдаршсан Hummer брэндийг General Motors бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болгон шинэчилж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Байден улс орныхоо дэд бүтцийг шинэчлэх $1 их наядын хөтөлбөрийг баталсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд АНУ даяар цахилгаан автомашины цэнэглэх станцын сүлжээ байгуулахад $7.5 тэрбумыг төсөвлөжээ.

2020 онд АНУ-ын зах зээлд борлуулагдсан бүх шинэ автомашины ердөө 1.8 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байсан юм. Шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр энэ хувь хэмжээ өснө гэж Байдены засаг захиргаа үзэж байгаа.

“Одоогоор энэ салбарт Хятад улс тэргүүлж байгааг та бүхэн мэднэ. Миний баталсан дэд бүтцийн хөтөлбөр үүнийг өөрчлөх болно” гэж Байден сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters