Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Капитолын үймээнд оролцсон бөө шүүхээс 41 сарын хорих ял сонсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй этгээдүүд нийслэл Вашингтон хот дахь Капитолын ордон руу дайрч, үймээн самуун дэгдээж байсан билээ.

Уг үймээнд оролцсон хүмүүсийг баривчилж, хуулийн хариуцлага хүлээлгэх ажиллагаа үргэлжилж байна. Өчигдөр Вашингтон хотын шүүх Капитолын үймээнд оролцсон 34 настай Жэкоб Чэнслид 41 сарын хорих ял оноожээ.

Прокурорууд түүнд 51 сарын хорих ял төлөвлөснийг шүүх бууруулсан юм байна.

Цээж нүцгэн, толгойдоо амьтны арьсаар урласан эвэртэй малгай өмссөн Чэнслийн зураг Капитолын үймээний дараа дэлхийн хэвлэлүүдийн нүүрийг эзэлж байсан юм. Тэрбээр өөрийгөө “QAnon Shaman” буюу QAnon хөдөлгөөний бөө хэмээн өргөмжилж байжээ.

QAnon нь ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг “чөтгөр шулмын нууц бүлэглэл ажиллаж байна” гэсэн хуйвалдааны онол дээр үндэслэн байгуулагдсан хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөн юм.

Ял оноохын өмнө Чэнсли шүүгчид гаргасан урт өргөдөлдөө нэгдүгээр сарын 6-ны үймээн самуунд харамсаж байгаагаа илэрхийлээд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн төлөө хийсэн ажлаа тайлагнаж, Есүс, Ганди нарт хайртайгаа илэрхийлж байжээ.

Өнгөрсөн долоо хоногийг хүртэл Капитолын үймээнд оролцсон хүмүүст оноосон хамгийн урт хорих ял нь найман сарын хугацаатай байв. Саяхнаас хамгийн ноцтой, хүнд хэрэгт буруутгагдсан этгээдүүдийг шүүж эхэлжээ.

Чэнслигээс өмнө цагдаагийн биед халдсан Скотт Фэйрламб гэгчид 41 сарын хорих ял оноосон байна.

Чэнслигийн хувьд дэд ерөнхийлөгч асан Майк Пэнсийн ширээн дээр “Энэ бол цаг хугацааны асуудал. Шударга ёс айсуй!” гэсэн утгатай бичиг үлдээсэн нь ялыг хүндрүүлэх шалтгаан болжээ.

Прокурорууд үүнийг нь дэд ерөнхийлөгчийн амь насанд заналхийлсэн утгатай гэж дүгнэсэн юм.

Өмгөөлөгч нь Чэнслийг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, сүүлийн 15 жилийн турш эмчлүүлж байгаа гэж мэдүүлжээ.

Нэгдүгээр сарын 6-ны үймээнээс хойш АНУ-ын холбооны прокурорууд нийт 650 орчим хүнийг шүүхийн өмнө авчраад байна.

 

Эх сурвалж: Bloomberg